“Тэд өлсөж байна”

Дотуур байрны сурагчдын хоолны мөнгийг нэмэх цаг болжээ

“Өлсөж байна” энэ үгийг тэд барагтай бол хэлдэггүй. Гэвч харцнаас нь илт ажээ. Хөдөө орон нутгийн ялангуяа алслагдсан сум, багийн малчдын хүүхдүүд сургуульд сурч, эрдэм, номтой болохын тулд сум, аймгийн төвийн дотуур байранд амьдардаг. Хүүхдүүдийн хоёр дахь гэр, сурч хүмүүжих таатай орчин байх ёстой дотуур байранд асуудал их байна. Халаалт доголдож, хөлдсөн, цонх нь хагарсан, шал нь цөмөрсөн, тааз, хана нь цуурч, эвдэрсэн, хүүхдүүдэд хичээлээ давтах ширээ, сандалгүй, хэдэн арван жил болсон орнууд нь салж, хэзээ хэзээгүй нурж унахад бэлэн болсон зэрэг хүүхэд сурч, амьдрахад хэцүүхэн дүр зураг сум бүрт шахуу байна.

Энэ дундаас хамгийн том асуудал болох дотуур байрны хүүхдүүдийн хоолны асуудлыг хөндөхийг зорьж байна. БШУ-ны яамнаас ерөнхий боловсролын дотуур байрны сурагчдын нэг хоногийн хоолны мөнгийг 2011 оны эхээр 1545 төгрөг байхаар баталсан. Энэ нь өмнөх дүнгээс 659 төгрөгөөр нэмэгдсэн тоо юм. 1545 төгрөгөөр та ямар хоол идэх авч вэ. Үнэндээ гурван хуушуурын үнэд ч хүрэхгүй төгрөгөөр хүүхдүүд хоногийн 24 цагийг өлмөн зэлмүүн, өлсөж, цангаж өнгөрүүлж байна. Томоохон рестораны тал хуушуурын үнэд ч хүрэхгүй “норм”-оор Монголын ирээдүй болсон хүүхдүүд “амьдарч” байна. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ тэр бүр эргэж ирдэггүй бөгөөд зарим нь бүр сар, сар хагасын дараа ирж хүүхдээ авдаг гэх. Хоосон ходоодтой, хоол бодсон хүүхдүүд хичээлдээ амжилт гаргаж, үр бүтээлтэй суралцах нь юу л бол. Ялангуяа ээж, аавынхаа өврөөс дөнгөж гарсан бага ангийн хүүхдүүдийн тэнд амьдарч буй дүр зураг өр өвтгөм юм. Уул уурхай, байгалийн баялгаас “унаж” буй толгойд багтамгүй олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сурч хөдөлмөрлөх орчин, материаллаг зүйлст зарцуулж яагаад болохгүй байна вэ. Өдгөө Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган сурагч дотуур байранд амьдарч, сурч байна.