Тэнцвэртэй бодлого, тогтвортой өсөлтийн эрэлд

Ази, Номхон далайн эдийн засгийн нөхцөл байдал нэг л биш ээ. Үүнийг НҮБ-ын эдийн засаг, нийгмийн комиссоос гаргасан энэ оны судалгаа илтгэх аж. Дэлхийн хөгжингүй орнуудын бодлогын тодорхой бус байдлаас улбаалан Ази, Номхон далайн бүсийн өсөлт удааширч байна.

Бангкокд төвтэй Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй оронд нэгэн зэрэг танилцуулсан дээрх судалгаа бүсийн эдийн засгийн “эрүүл мэнд” таагүй байгааг нотлох аж.

Гаднын хүчин зүйлсээс улбаалан Ази, Номхон далайн орнуудад энэ онд эдийн засгийн өсөлт саарч мэдэхээр байгааг судалгаанд өгүүлжээ. Тиймээс эрэлтийг дэмжих, эдийн засгийн тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судалгаанд онцолжээ. Энэ нь макро эдийн засгийн бодлоготой уялдаж, өргөн хүрээний тогтвортой хөгжлийг дэмжих эерэг талтай. Үүнээс гадна бүс нутгийн хэмжээнд орлогын ялгаа ихсэж байгаа нь санаа зовоох асуудлын нэг болж мэдэх нь. Энэ байдал нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

Судалгаанд бүсийн эдийн засгийг тэнцвэртэй, тогтвортой өсөлтийн замаар явуулахад макро-эдийн засгийн бодлого чухал үүрэг гүйцэтгэхийг тусгажээ. Мөн дэлхийн эдийн засгийн хямрал бүс нутгийн ДНБ-ий гурван хувьтай тэнцэх 870 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна. Мөн энэ онд бүсийн эдийн засаг зургаан хувиар өсөх таамгийг ч судалгаанд дэвшүүлжээ.