“Тэрбумтан болох нь монголчуудын хүрч чадах мөрөөдөл”гэв

УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо Дэлхийн эдийн засгийн Төв Ази, Кавказын бүсийн чуулганд тус улсын Гадаад харилцааны сайдын үрилгаар оролцсон. Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд СNN телевизийн урилгаар Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал мөн бүс нүтгийн тулгамдсан асуудлаар ярилцжээ

-Дэлхийн эдийн засагт сүүлийн үед олон өөрчлөлт гарч байна. Энэ бүхэн түүхий эдийн үнээс хараат уул уурхайн салбартай шууд холбоотой. Энэ үйл явцад оносон, алдсан улс цөөнгүй бий. Харин гарцаагүй оносон гэж хэлж болох нэг улс байгаа нь Монгол Улс. Бид тус улсын Гадаад харилцааны сайд Л.Болдоос Монгол Улсын өнөөгийн байдал болон томоохон орд газруудаа хэрхэн эргэлтэнд оруулах гэж байгаа тухай тодрууллаа

-Манай эдийн засаг өсч байна. Цаашид ч өсөн тэлэх өргөн боломж байгаа. Эдийн засгаа төрөлжүүлэх тэргүүтэй олон чухал асуудал бий ч өнөөдөр бид эдгээр томоохон төслийг ажил хэрэг болгох тухай ярьж байна. Бусад жижиг зүйлд анхаарлаа сарниулах эрх үгүй цаг хугацаанд тулаад байна. Үүнийг л бид чухамдаа одоо хэрэгжүүлэх ёстой.

-Гэтэл нөгөөтэйгүүр танай улсад Тавантолгойн орд газрын IPO гаргах асуудал удааширч байна. Олон компани энэ ордын төлөө ширүүн өрсөлдөж буй. Монгол Улс энэ тал дээр ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ? Үүнийг шийдвэрлэж чадах уу? Таны бодлоор, энэ нь хөрөнгө оруулагчдын санаа зовох асуудал мөн үү?

-Мэдээж хөрөнгө оруулагчид ямагт сэтгэл түгшиж байдаг, ялангуяа эдийн засаг хямарч буй энэ үед бүр ч илүү түгшиж байгаа. Монгол Улс нээлттэй, ардчилсан орон. Бидэнд олон давуу тал байна. Гэвч үүнийг тэр болгон мэддэггүй. Монголд ирж үзсэн нь л чухам энд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой, эрх зүйн орчны хувьд найдвартай гэдгийг нь ойлгодог. Тиймээс бидэнд энэ талаар эргэлзэх асуудал үгүй.

-Хэр тунгалаг, нээлттэй вэ?

-Монгол Улс ил тод нээлттэй, хамгийн эрх чөлөөтэй орон шүү дээ.

-Төв Азийн улс орнуудыг ил тод нээлттэй, ардчилсан гэж хэзээ ч нэрлэхгүй. Гэвч Та Монгол Улс бусдаас ялгаатай гээд байна уу?

-Тиймээ. Монгол тэдгээр орноос угаас их ялгаатай. Зарим үнэлэмжээр бид Зүүн Европын улс орны хэмжээнд байгаа. Манай улсыг Зүүн Европын улстай адилтгаж үзэж болно. Гэвч Монгол бол бас Азийн улс. Энэ нь бидний давуу тал. Үүнийг өнгөрсөн XX зуунд сул тал гэж үздэг байсан байх. Харин өнөөдөр бидний давуу тал болсон. Ийм учир бидний хийж бүтээж буй бүхэн хөгжил, өсөлтийг авчирч байна.

-Монгол Улс Хятадын орой дээр оршиж байгаа. Танай улсын гадаад худалдааны дийлэнх хувийг Хятад бүрдүүлж байна. Үүнийг өөрчлөх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Танай улс Хятадаас ихээхэн шалтгаалж байх шиг?

-Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн хөгжилд ихээхэн шинэчлэл авчирлаа. Бүхий л өөрчлөлт Хятадтай ямар нэг байдлаар холбогдож байна. Урьд өмнө бид үүнд санаа зовох байсан байх. Харин өнөөдөр энэ бол бидний хувьд маш чухал боломжийг олгож байна. Хятад Улс цаашид ч хөгжинө, эдийн засаг нь өсөх нь үнэн юм бол, Монгол Улс ч бас өсөн дэвжих нь гарцаагүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаар Монголд зарцуулсан доллар бүр үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж болно. Тиймээс санаа зоволтгүй.

-Дэлхийн банкны мэдээлснээр, монголчууд нийгмийн үндсэн олон үйлчилгээг тэр болгон хүртэж чадахгүй байна. Танайд баялаг байна, гэвч түүнийг хүн бүр хүртэхгүй байна. Тэгвэл Та энэ баялаг өөрчлөлт авчирна гэж итгэж байна уу?

-Манай улсын цөөн хэдэн орд газар, уурхай л гэхэд хэдэн их наяд доллараар үнэлэгдэнэ. Үүнийг гурван сая хүн амд хуваахад, Монгол хүн бүр саятан болох боломжтой. Тиймээс ядуурал бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Ингэснээр л бид улс орноо өөрчилж чадна. Үүнд 10 жилээс ч бага хугацаа шаардана гэж бодож байна.

-Таны хэлснээр монгол хүн бүр “саятан” /ам.доллараар/болох нь ээ?

-Тиймээ. Энэ бол бидний мөрөөдөл, бидний хүрч чадах мөрөөдөл юм.