Тэрбумтнуудын халаас руу өнгийе

“Forbes” сэтгүүл бөмбөрцгийн толгой баячуудын чансааг тодорхойлсоор 25 дахь жилтэйгээ золгож буй. Энэ онд уг сэтгүүлийн 50 гаруй сурвалжлагч дэлхийн 13 оронд ажиллаж, тэрбумтнуудын компани, үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завь, үнэт зүйлс, урлагийн бүтээл, бэлэн мөнгө зэргийг нь үнэлж, нэг үгээр хэлбэл баячуудын халаас руу өнгийснөөр нэлээд сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Юу гэвэл шинэ үеийн чинээлэг хүмүүс хөгжингүй гүрнүүдээс биш, хөгжиж буй орнуудаас “мэндлэх” болсон байна.

2011 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалт 1210 хүнийг багтааж буй нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болохыг “Forbes” сэтгүүлийн хамт олон онцолжээ. Гэвч зөвхөн тооны хувьд бус чанарын хувьд ч нэлээд ахиц гарсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Дээрх 1210 хүний эзэмшиж буй хөрөнгө 4.5 их наяд ам.долларт хүрснээр ХБНГУ-ын нийт эдийн засагтай дүйцэж, мөн л рекорд тогтоосон байна. “Тэрбумтнуудын томоохон нийлүүлэгчид хөгжиж буй орнууд болжээ” хэмээн “Forbes” тэмдэглээд, Бразил, ОХУ, Энэтхэг болон Хятад улс жагсаалтад шинээр орж ирсэн 214 тэрбумтны 108-ыг “төрүүлсэн” тухай онцлов. Ази-Номхон далайн бүс нутагт 332 тэрбумтан амьдарч байгаа нь өнгөрсөн жилийнхээс даруй 98-аар их үзүүлэлт ажээ. Хөгжиж буй орнуудад өндөр ашигтай бизнес явуулах боломжтойгоос гадна ийм улсуудын ДНБ-ийг авч үзэхэд л хөгжингүй орнуудынхаас хэд дахин хурдацтай өсч байгааг сануулах юун. Харин АНУ эсрэгээрээ байр сууриа алдсаар. Хэдийгээр тус улс хамгийн олон тэрбумтантай орон хэвээр байгаа ч хэзээ нэгэн цагт энэ суудлаа алдахгүй гэхийн аргагүй. Эдүгээ “Forbes” сэтгүүлийн жагсаалтын гурван хүн тутмын нэг нь Америкийн иргэн байна. Гэвч 10 жилийн өмнө хоёр хүний нэг нь америк байсныг дурсахад илүүдэхгүй болов уу.

Жагсаалтын эхний гурван хүний нэр өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдсөнгүй, харин тэдний эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ л нэмэгджээ. 2010 онд “Forbes”-ын жагсаалтын түрүү магнайд Мексикийн тэрбумтан Карлос Слим орсноор дэлхийн толгой баянаар анх удаа америк биш хүн тодорсон билээ. Харин энэ жил мексик эр үзэгдээд өнгөрөх биш, удаан хугацаагаар ирснээ харуулж, манлайлагчийн байр сууриа улам бататгасан юм. Ганц жилийн дотор Слимийн хөрөнгө 20.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, эдүгээ 74 тэрбум ам.доллар хэмээн үнэлэгджээ. Харин аман хүзүүдэж буй Билл Гейтс “ердөө” 56 тэрбум ам.доллартай байгааг тооцоолж үзвэл Слим тэргүүний сэнтийгээс ойрын хэдэн жилдээ буухгүй байх хандлагатай. Олон жилийн турш бөмбөрцгийн хамгийн баян хүн хэмээн цоллуулж байсан Гейтс жагсаалтад өөрийн дараа орж буй найз Ворен Баффетын хамт хөрөнгөө буяны ажилд зарцуулснаар Мексикийн бизнесмэнийг урдуураа оруулчихсан гэх үндэслэл бий.

Дэлхийн хамгийн баян 10 хүнийг авч үзэхэд ихэвчлэн тэтгэврийн насныхан байна. Гэхдээ эндээс зөвхөн хижээл насныхан тэрбумтан болдог гэсэн дүгнэлтэд хүрч болохгүй. Жагсаалтад орж буй “Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Дастин Московиц нар 27 настайгаа ч золгоогүй байх жишээтэй. Дашрамд сонирхуулахад, 2011 оны хамгийн амжилттай компаниар “Facebook” шалгарсан байна. Эдүгээ зах зээлийн үнэлгээ нь 50 тэрбум ам.долларт хүрсэн тус компани дэлхийн баячуудын жагсаалтад зургаан залуу тэрбумтан “бэлэглэсэн” тухай “Forbes” онцолжээ.

Харин хорвоогийн хамгийн баян бүсгүйчүүдийн танилцуулгаас мөн л сонирхолтой дүр зураг ажиглагдах аж. Хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх 20 эмэгтэйн жагсаалтаас харахад зөвхөн Хятадын иргэн Ву Яхун л өөрийн чадлаар мөнгө хуримтлуулж чаджээ. Түүний үүсгэн байгуулсан “Longfor Properties” компани урд хөршийн барилгын салбар томорч байгаатай зэрэгцэн өргөжиж буй аж. Харин бусад нь хөрөнгөө өвлөж авсан нь сонирхол татна. Бөмбөрцгийн хамгийн баян эмэгтэйн байр суурийг сүүлийн жилүүдэд хадгалж буй Кристи Волтон 26.5 тэрбум ам.доллараар ерөнхий жагсаалтын 10 дугаарт бичигдсэн байгаа юм. Тэрбээр өөрийн нөхөр Жон Волтоныг нас барахад “Wal-Mart” дахь эзэмшлээ өвлөж авчээ.

Мексик эр дэлхийн толгой баяны суудлаа хоёр дахь жилдээ хадгалж үлдсэний зэрэгцээ Билл Гейтсээс даруй 18 тэрбум ам.доллараар их хөрөнгө эзэмшиж байна. Түүний мөнгө ганц жилийн дотор 20.5 тэрбум ам.доллараар нэмэгдэхэд Мексикийн хөрөнгийн зах зээл 19 хувиар өсч, песогийн ханш чангарсан нь багагүй түлхэц болжээ. Мөн Карлос Слимийн мэдэлд байдаг “Grupo Carso” амжилттай ажилласан байна. Тэрбээр харилцаа холбооны компаниа Латин Америкийн “America Movil” компанитай нэгтгэснээр хөрөнгөө үлэмж ихээр арвижуулж чаджээ. Карлос Слим эдүгээ худалдааны “Saks” сүлжээ дэлгүүр болон “New York Times” сонинд хувь эзэмшдэг. Саяхан тэрбээр Мехикод “Soumaya” гэдэг музей нээж, урлагийн бүтээлийн агуу цуглуулгаа дэлгэн тавьжээ. Энэхүү музейд хүмүүс үнэгүй зочилж болох юм байна.

“Microsoft”-ын үүсгэн байгуулагч, Америкийн хамгийн баян иргэн Билл Гейтс өөрийн найз Воррен Баффетын хамт “Giving Pledge” гэх буяны хөтөлбөрийг санаачилж, одоогоор 60 тэрбумтныг сайн үйлсийн төлөө нэгдэхийг ятгаж дөнгөсөн билээ. Гейтс өөрийн буяны санд 30 тэрбум ам.доллар зарцуулсан болохоор эдүгээ “Forbes” сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж чадахаа байсан аж. “Bill & Melinda Gates Foundation” сангийн хөрөнгийг сүрьеэ, маляри зэрэг халдварт өвчлөлтэй тэмцэж, ДОХ-ын эсрэг вакцин гаргаж авах ажлыг түргэвчлэхэд зарцуулдаг юм байна. Түүнчлэн ганд тэсвэртэй үр тариа бий болгох ажлыг санхүүжүүлж, дунд сургуулийн багш нарын ур чадварыг дүгнэх систем боловсруулахад нэлээд анхаарч байгаа гэнэ.

12 нас хүрэхдээ л хөрөнгө оруулалтын тухай бараг бүх номыг уншиж дуусгасан Воррен Баффет бизнесийн гараагаа эрт эхэлжээ. Колумбын их сургуульд байхдаа тэрбээр домог болсон хөрөнгө оруулагч Бенжамин Грэмтэй танилцсанаар амьдралаа эрс өөрчилсөн гэдэг. 1965 онд бөс барааны “Berkshire Hathaway” үйлдвэрийг авч, төд удалгүй хүнс, даатгал, эрчим хүч, үйлдвэрлэлийн асар том холдинг болгосон байна. “Berkshire Hathaway” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд л гэхэд 15 хувиар өсч, Баффетын хөрөнгийг гурван тэрбум ам.доллараар нэмэгдэхэд нөлөөлжээ. 80 настай “буурал” маань одоо ч томоохон хэлэлцээрүүдийн араас хөөцөлдсөөр. Гэхдээ олсон ашгаа сайн үйлсэд зориулахаа ч мартсангүй. Билл Гейтсийн хамт дэлхийн толгой баячуудыг хөрөнгийнхөө талыг буяны үйлст зарцуулахыг ятгадаг нэгэн билээ. 2009 онд Баффет 26 тэрбум ам.доллараар “Burlington Northern Santa Fe” төмөр замыг худалдаж авч байв.
Чинээлэг амьдрал, тансаг хэрэглээний хаан Бернар Арно Европын хамгийн баян хүний суудлаа дахиад л хадгалж үлдлээ. LVMH (Louis Vuitton, Moet & Chandon и Hennessy) холдингийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өссөн нь дэлхийн эдийн засгийн хямрал цаашилж, Азийн орнуудад олноороо төрж буй саятан, тэрбумтнуудын хэрэглээ нэмэгдсэнийх биз ээ. Ганц жилийн дотор Бернар Арногийн хөрөнгө 13.5 тэрбум ам.доллараар өссөн байна шүү дээ. “Dom Perignon” оргилуун дарс, “Hennessy” конъяк, “Tag Heuer” брэндийн цаг болон “Louis Vuitton”-ы бараа, бүтээгдэхүүн... Дээдсийн амьдралын бэлгэ тэмдгийг бий болгогч Бернар Арно утаатай Улаанбаатарт нэгэн эзэмшилтэй болсон нь манай Сүхбаатарын талбайн дэргэд орших “үнэтэй” дэлгүүр юм. Тэрбээр мөн дарвуулт завь үйлдвэрлэгч “Royal Van Lent”, Францын сүлжээ дэлгүүр болох “Carrefour”, аялал жуулчлалын “Go Voyages” компанийн эзэмшигч билээ. Өнгөрсөн онд LVMH холдинг “Hermes”-ийн 20 хувийг худалдаж авсан байна.

“Oracle” компанийн үүсгэн байгуулагчийн хөрөнгө сүүлийн нэг жилийн хугацаанд 11.5 тэрбум ам.доллараар нэмэгдсэнд тус компанийн хувьцааны ханш 30 хувиар өссөн нь нөлөөлжээ. Ер нь Ларри Эллисон нийт 40 тэрбум ам.доллараар 75 компани худалдаж авсан байдаг. Америкийн хамгийн өндөр цалинтай захирлуудын тоонд ордог Эллисон сүүлийн таван жилийн хугацаанд 960 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Гэхдээ саяхнаас яагаад ч юм бэ цалингаа нэг ам.доллар болтол гэнэт бууруулсан. Дарвуулт завины спорт сонирхдог тэрбээр өөрийн үнэ цэнэтэй цагаасаа бүхэл бүтэн 10 сар болон 100 сая ам.доллар зарцуулж, Америкийн тэмцээнээс цом авахаар өрсөлдсөн байна. Үр дүнд нь 66 настай эр 2010 оны хоёрдугаар сард түүнийгээ авч чаджээ. 39.5 тэрбум ам.долларын эзэн Ларри Эллисон өөрийн хөрөнгийн 95 хувийг буяны ажилд зарцуулна гэдгээ мэдэгдээд буй.

“Wal-Mart”-ын эзэмшигч Жон Волтон 2005 онд авто ослоор нас барахад хөрөнгийг нь эхнэр Кристи нь өвлөж үлджээ. Гэхдээ Кристи зүгээр суусангүй. Нарны эрчим хүчний “First Solar” компанид хөрөнгө оруулснаар мөнгөө нэлээд өсгөж, дэлхийн хамгийн баян эмэгтэй болж чадсан юм. 2006 онд IPO хийсэн тус компанийн үнэлгээ 500 гаруй хувиар нэмэгдсэн гээд бод доо. Гэвч Кристи Волтоны хөрөнгийн гол эх үүсвэр нь мэдээж “Wal-Mart” дахь эзэмшил нь билээ. Өнөөдөр “Wal-Mart”-ын борлуулалт 420 тэрбум ам.долларт хүрч байгаагаас гадна 2.1 орчим сая хүнийг ажлын байраар хангаж байгаа юм. Кристи мөн л буяны ажилд гар татдаггүй нэгэн бөгөөд боловсрол, соёл, байгаль орчныг дэмждэг ажээ.

1. Карлос Слим Элу

Хөрөнгө: 74 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: “Telmex”
Нас: 71
Иргэншил: Мексик

2. Билл Гейтс
Хөрөнгө: 56 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: “Microsoft”
Нас: 55
Иргэншил: АНУ

3. Воррен Баффет

Хөрөнгө: 50 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: “Berkshire Hathaway”
Нас: 80
Иргэншил: АНУ

4. Бернар Арно
Хөрөнгө: 41 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: LVMH
Нас: 62
Иргэншил: Франц

5. Ларри Эллисон
Хөрөнгө: 36 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: “Oracle”
Нас: 66
Иргэншил: АНУ

6. Лакшми Миттал

Хөрөнгийн хэмжээ: 31.1 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: гангийн үйлдвэрлэл
Нас: 60
Иргэншил: Энэтхэг

7. Амансио Ортега

Хөрөнгийн хэмжээ: 31 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: “Zara”
Нас: 74
Иргэншил: Испани

8. Эйке Батиста
Хөрөнгийн хэмжээ: 30 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: уул уурхай, газрын тос
Нас: 54
Иргэншил: Бразил

9. Мүкеш Амбани

Хөрөнгийн хэмжээ: 27 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: нефть, хий
Нас: 53
Иргэншил: Энэтхэг

10. Кристи Волтон
Хөрөнгө: 26.5 тэрбум ам.доллар
Эх үүсвэр: “Walmart”
Нас: 56
Иргэншил: АНУ