“ТЭРБУМ МОД САН” ойн салбарыг аж үйлдвэрлэл болгон хөгжүүлэх алсын зорилготой

Sarangerel
2025-01-21 13:32:50
Ангилал:

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” Монголд өмнө нь байгаагүй жишгийг тогтоож, зөвхөн төсөл санхүүжүүлэгч бус ойн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд банкуудын дэмжлэгээр тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилготой бодлогын нэгж гэж хэлэхүйц түвшинд ажиллаж байна. “Үр дүнд нь бид ойн салбарыг зах зээлийн зарчмаар, эдийн засаг, санхүүгийн зөв хөшүүргээр дэмжиж салбарын хөгжил хурдсах үндэс суурийг бэхжүүлнэ” хэмээн тус сангийн удирдах зөвлөлийн гишүүд цохон тэмдэглэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Монголбанкны бодлогын дэмжлэгтэйгээр Монголын банкны холбоо, арилжааны банкууд нэгдэн, байгаль орчноо хамгаалах чиглэлд буцалтгүй бөгөөд ямар нэгэн ашиг харалгүйгээр сан байгуулах шийдвэрийг 2022 онд гаргаснаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” байгуулагдсан. Тус сан өгөөжөө мөнгөний тоогоор бус ургуулсан модны тоогоор, санхүүжилтийнхээ үр ашгийг экологийн үр дүнгээр хэмжих юм. Өөрөөр хэлбэл, тарьж ургуулсан тарьц, суулгац, ойжуулсан талбай, ногооруулсан төглөөр үр дүнгээ хэмжих тус сан эцсийн дүндээ ойн салбарыг эдийн засгийн тулгуур бүтэц аж үйлдвэрлэл болгох алсын зорилготой. Эх дэлхийн үзэсгэлэнт зүйлсийн нэг бол ой мод. Үзэмжийг нь харан баясах төдий үр шимийг нь хүртэж болох өсөн төлждөг, өгөөж бүхий баялаг гэдгийг бид мартах шахжээ.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд банк, санхүүгийн салбар нийт 88.6 сая мод тарих ажлыг хийж байна

Монгол Улс өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө ойгоо аж ахуй болгон ашиглаж, мод боловсруулах, бэлтгэх томоохон 30 гаруй үйлдвэрт 15 мянган хүн ажиллаж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 хувийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ 20 хувийг экспортолдог байв. Ойн аж ахуйн салбарыг энэ хэмжээнд хүртэл сэргээхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон хөдөлгөөний зорилгод нийцэх аливаа төслийг санхүүгийн зөв бүтээгдэхүүнээр дэмжих үйл ажиллагаанд арилжааны банкууд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй цоо шинэ загвар болох “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-гийн талаар бид онцолж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан, хамгаалж, ургуулах уг үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуй, нэгж, байгууллагууд бүгд өөрсдийн оруулах хувь нэмрийн талаар амлалтаа өгсөн. Тус амлалтын хүрээнд банк, санхүүгийн салбар нийт 88.6 сая мод тарьж, арчлан, хамгаалж ургуулах амлалт өгснөөс банкны салбар 50 сая мод тарих амлалттай ажиллаж байна.

Банкны салбарын тус амлалтын хүрээнд Монголбанкны бодлогын дэмжлэгтэйгээр Монголын банкны холбоо, арилжааны банкуудын санаачилгаар Санг 2022 оны гуравдугаар сард үүсгэн байгуулсан. Сангийн хувьд үйл ажиллагаа эхэлсэн анхны жил үндэс сууриа зөв тавих, олон улсын Сангуудын жишигт үйл ажиллагаагаа нийцүүлэх, хараат бус, нээлттэй, зөв засаглалын зарчмаар ажиллан, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чиглэлээр баримталж буй бодлогын уялдааг дэмжихийн зэрэгцээ байгаль орчны салбарт санхүүгийн тогтвортой механизмыг бий болгохоор зорин ажилласан. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан нь байгаль орчны салбар, тэр дундаа ойн салбарын санхүүжилтийг төрөлжүүлэн зөвхөн төсөв эсхүл олон улсын зээл тусламжаар байгаль орчны төслүүд хэрэгждэг байсан жишгийг өөрчлөн дотоодоосоо буцалтгүй санхүүжилт болон салбарын онцлогт тохирсон шинэлэг санхүүжилтийн төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаараа онцлогтой.

ТЭРБУМ МОД САН

 

АЛСЫН ХАРАА

Байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, санхүүжилт босгон үндэсний хэмжээнд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг санг бий болгоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Зөв газар, зөв модыг, зөв зорилгоор, зөв аргачлалаар тарьж, ойн салбарын тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоно.

БАРИМТАЛЖ БУЙ ҮНДСЭН ЗАРЧИМ

Бодлогын уялдаа: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бусад олон улсын болон дотоодын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, ойн салбарын зорилтуудыг дэмжих Нээлттэй, хараат бус, зөв засаглал: Олон улсын байгаль хамгаалах сангуудын стандарт, сайн туршлагыг хэрэгжүүлж, Сангийн үйл ажиллагааг ил тод, хараат бус, зөв засаглалын зарчмын дагуу явуулах Санхүүгийн тогтвортой механизм: Эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг түлхүү дэмжих, нэмэлт эх үүсвэрүүдээс санхүүжилт бүрдүүлэх, ойн салбарын тогтвортой санхүүжилтийн механизм бий болгох

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Ой болон бусад экосистемийн тогтвортой ашиглалтыг дэмжих санхүүжилтийн хөтөлбөр
  • Ойн салбарын нийлүүлэлтийн өртгийн сүлжээг дэмжих, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжих санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх
  • Ойн салбарт шинэлэг технологи, инновацыг нэвтрүүлэхэд дэмжих

БИЧИЛ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР

  • Олон нийтийн эзэмшлийн талбайд хэрэгжүүлэх ойн арчилгаа, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлтийн төслүүдийг санхүүжүүлэх
  • Бодлогын болон шинжлэх ухааны судалгаа, инновац технологийн туршилтын төслүүдийг санхүүжүүлэх
  • Тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх төслүүдийг санхүүжүүлэх

ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

  • Ойн салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Ойн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудыг санхүү болон Бизнесийн удирдлагын сургалтад хамруулан чадавхжуулах

/Банкны салбарын “Ногоон санхүүжилт” тусгай дугаараас 2024.07 сар/