Тэтгэврээрээ тив алгасан зугаалах боломжтой ирээдүй

Тэтгэврээ нэмүүлэх гэж жагссан өвгөн болохыг би хувьдаа л хүсдэггүй. Гэхдээ миний тэтгэвэр өтөл насны минь амьралд хангалттай хүрэлцдэг байхыг хүснэ. Харин өнөөдөр өвөө эмээ нарын авдаг тэтгэвэр аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах боломжийг хэр бүрдүүлдэг билээ. Өдгөө манай улсын өндөр настанд олгодог тэтгэврийн дундаж хэмжээ 160 гаруй мянган төгрөг байна. Энэ мөнгө таны, миний амьдралд хангалттай гэж үү. Дуулмаар, дүүлмээр залуу сайхан насандаа бид өдөр, сар, жил тутмын үрэх мөнгөө олохын төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Харин өтөл насандаа юу идэж, юу өмсөх талаараа тэр бүр санаа зовох нь ховор. Цалингийнхаа багагүй хэсгийг нийгмийн даатгалд төлдөг ч ирээдүйн тэтгэвэртээ санаа зовдоггүй. Эдийн засагч Л.Бямбаагийн гаргасан гаргалгаагаар “Бид нийт 35 жил ажиллаж, тэр хугацаандаа сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Шимтгэл төлсөн эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэртээ гарчээ гэж бодъё. Дундаж цалингийн хэмжээ 500 мянган төгрөг гэж тооцвол ажилласан хугацаандаа нийт 29 сая төгрөгийн шимтгэл төлсөн байж таарна. (ажил олгогчоос төлсөн даатгалын хураамжийг тооцоод) Харин сар бүр авах тэтгэвэр нь 275 мянган төгрөг болох байна. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 гэж тооцвол тухайн хүний нас бартлаа нийгмийн даатгалын сангаас авах нийт тэтгэврийн хэмжээ 16 сая гаруй төгрөг болж байна. Төлсөн шимтгэл, авсан тэтгэврийн зөрүү 13 сая төгрөг болох нь. Мөнгөний цаг хугацааны хүчин зүйлийг тооцоогүй байхад ийм үр дүн харагдна” гэсэн байна. Харин энэ солгой тогтолцоог залруулдаг арга туршлага гаднын олон оронд бий. Үүнийг хувийн тэтгэврийн сан гэдэг.

Уг санг энгийнээр тайлбарлахад иргэд өндөр настны тэтгэврийн хуримтлалаа нэгтгэн, хамтдаа хөрөнгө оруулах хэрэгсэл гэж хэлж болно. Энэ сангийн ажиллах зарчим нь та болоод тантай ижилхэн хувийн тэтгэврийн санд данс нээлгэсэн олон мянган хүний сар бүрийн цалингаийн тодорхой хэмжээний мөнгийг төвлөрүүлж, их хэмжээний мөнгө цуглуулах. Тэр мөнгөөр хөрөнгийн зах зээл дээр тэтгэврийн сангийн менежер менежмент хийж томоохон хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулах замаар тогтмол ашиг олно.

Харин энэ ашгаас тэтгэврийн сан тогтмол үйл ажиллагаагаа зузаатгах бөгөөд танд найдвартай өндөр тэтгэвэр олгох үйл явц юм. Энэ нь Та эрүүл саруул, эрч хүчтэй залуу насандаа өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулж, бид өтөл насаа төрөөс олгох багахан тэтгэврээс хараат бус амьдрах боломжийг бүрдүүлэх юм. Маш энгийнээр тайлбарлахад ийм байна. Сайхан санаа биш гэж үү. Гэхдээ энэ боломж монголчуудын хувьд ердөө л санаа төдий явж байгаа. Уг санааг хэрэгжүүлэхийн тулд бидэнд сайн төлөвлөгөө, өндөр хариуцлага хэрэгтэй. Наад зах нь түмэн олны хөдөлмөрлөж олсон мөнгийг нэг зальтай нөхөр аваад зугтчихгүй байх шаардлага бий. Үүний тулд төрөөс өндөр хэмжээний шаардлага тавих. Магадгүй төр өөрөө энэ салбарт орж ч болох юм. Энэ нь даатгалын талаар мэдлэггүй иргэдийн итгэлийг даах нэг том хөшүүрэг ч болж болно. Мөн иргэд энэ сангийн ач холбогдлыг зөвөөр ухамсарлаж өөрийн ирээдүйн төлөө идэвхитэй байр суурьтай байх. Угаас даатгал болон бусад олон нийтийн мөнгөөр бий болж байгаа сангийн хамгийн том хөшүүрэг бол яах аргагүй олон нийтийн эв санаа гэдгийг энэ салбарт ажилладаг мэрэгжилтнүүд хэлдэг. Мөн хувийн компаниуд идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй. Гэхдээ одоогоор энэ тэтгэврийн сан битгий хэл үнэр нь ч хувийн хэвшлийнхэнд алга. Үүний учир шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ хамгийн их давтагддаг хоёр л санаа бий. Нэгдүгээрт, энэ талын нарийн хууль, дүрэм журам байхгүй. Тодорхойгүй дүрэмтэй тоглоомыг тоглох хүсэлтэй хэн байх билээ. Дээрээс нь даатгалын болоод тэтгэврийн сангийн хөрөнгөөр хөрөнгийн зах зээл дээр гарахыг хориглосон хуулийн заалт энэ салбарт хөл тавихыг хүссэн хувийн хэвшлийнхнийг үргээдэг байна. Хоёрдугаарт, иргэдийн энэ талын ойлголт, зах зээлд шилжсэн гэх хорин жилийн эдийн засгийн нимгэн боловсрол зэргээс эмээдэг аж. Дээрээс нь түрүүн хэлсэнчлэн энэ салбарт эв хамтын санаа чухал. За тэгээд зах зээлийн судалгаа, санхүүгийн таатай орчин, өндөр шалгуур гээд энэ салбарт шийдэх ёстой асуудал олон бий. Гэхдээ тэр бүх саадыг даваад тэтгэврийн санг байгуулж чадвал хамгийн наад зах нь би, чи, та хөгширчихөөд хувийн тэтгэврийн сангаасаа мөнгө аваад тив алгасан зугаалах боломжтой тийм л ирээдүйг бий болгох боломж бүрдэх юм.