Тэтгэдэггүй Тэтгэврийн сан

2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ажил олгогчийнх 0.5 хувиар, даатгуулагч ажилтных 0.5 хувиар, нийт 1.0 хувиар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн цалинтай даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 2500 төгрөгөөр, нэг сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 5000 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Шимтгэлийн хувь хэмжээ өнгөрсөн 2018 оноос шатлалтайгаар нэмэгдэж эхэлсэн. Эргэн санавал, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсноор нийгмийн даатгалын хувь хэмжээ өөрчлөгдөж даатгуулагч 2.5 хувиар, ажил олгогч 2.5 хувиар нэмэгдэхээр болсон бол сайн дураар шимтгэл төлдөг иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 12.5 хувиар тооцогдоно. Ингэхдээ 2020 он хүртэл жил бүр 1-0.5-1 хувиар дараалан нэмэгдэж байгаагийн хоёр дахь удаагийн нэмэгдэл нь ийнхүү 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Даатгуулагч ажилтан Нийгмийн даатгалын шимтгэлд нийт 11 хувийн шимтгэл төлдөг. Үүнээс найман хувийг нь тэтгэврийн даатгалын шимтгэлд, нэг хувийг нь ажилгүйдлийн даатгалд, хоёр хувийг нь эрүүл мэндийн даатгалд төлдгөөс яг шимтгэлийн хувь хэмжээний нэмэгдэл нь тэтгэврийн даатгалын шимтгэл дээр нэмэгдэж байна. Харин ирэх онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл дахин нэг хувиар нэмэгднэ.

Сангийн алдагдал
Ийнхүү шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж буй шийдвэр нь Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, зарлага өндөр байгаатай холбоотой гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарласан. Сүүлийн жилүүдэд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх болсон. Тухайлбал сүүлийн гурван жилд дунджаар 21 орчим мянган хүн тэтгэвэр тогтоолгож байсан бол зөвхөн 2018 онд 25 мянган тэтгэвэр авагч байна. Үүнээс гадна сүүлийн таван жилийн дундаж цалингийн өсөлт болон тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлж буйтай холбоотойгоор тэтгэврийн нэмэгдэл нь сангийн орлогын нэмэгдлийг гүйцэж чадахгүй байгаа гэдгийг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэлсэн. Энэ жилд л гэхэд тэтгэврийн нэмэгдэлд 120 орчим тэрбум төгрөгийг оруулжээ. Үндэсний статистикийн хорооны нэгдүгээр сарын тайланд дурдсанаар, Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 онд 2.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 284.1 тэрбум төгрөг буюу 13.4 хувиар өсөв. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 17.7 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 44.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 2.1 их наяд төгрөг буюу 255.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 14.4 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн алдагдал, орлого зарлагын харьцааг тэнцвэржүүлэх зорилготой шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарах насыг хойшлуулах зэрэг шийдвэрүүд нь олон нийтийн дунд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол, хандлагыг үгүй хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой шийдвэрүүд нь голдуу улс төрийн зорилготой гарч байсныг учир мэдэх хүмүүс шүүмжилдэг. Жишээ татвал, тэтгэврийн хувь хэмжээг бодох аргачлалын тухайд даатгуулагч ажилтны цалин хөлстэй тэнцэх орлогын 45 хувиас багагүй хэмжээгээр тэтгэвэр олгодог хэрнээ огт шимтгэл төлдөггүй байж 80 хувиар тэтгэвэр тогтоолгодог цэргийн албан хаагчийн хооронд зарчмын талаас нь харвал ихээхэн зөрүүтэй ойлголт харагдана. Сүүлд мөн л олон нийтийн бухимдлыг төрүүлсэн бас нэгэн шийдвэр гарсан нь өнгөрсөн жилээс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулж, эрэгтэй малчин 55 насандаа, эмэгтэй малчин 50 насандаа тэтгэвэрт гарах болж, дээрээс нь малчдын 1995 оноос хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болсон. Мөн эхчүүдийн НДШ төлсөн хугацаа нь төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдон, ажилласан жил нь нэмэгдэхээр болов. Энэ мэт нийгмийн даатгалтай холбоотой шударга бус шийдвэрүүдийн улмаас цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж буй иргэд ихэд бухимдалтай байдаг. Тоочоод суувал нэлээдгүй хугацаа, ингээд бичвэл чамгүй хэдэн хуудас болох нийгмийн даатгалын тогтолцооны талаар жирийн нэгэн иргэний байр суурь эцэстээ шимтгэл төлөөд үр ашгийг нь хүртэх болов уу гэсэн эргэлзээ төрүүлнэ.
НДШ төлөх хэрэг байна уу
Энэ асуултад шуудхан ҮГҮЙ гэж хариулж болохгүй. Учир нь нийгмийн даатгал нь ажил хөдөлмөр эрхэлж буй орлоготой, идэвхтэй үедээ ирээдүйд учрах нийгмийн эрсдлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Эдгээр эрсдэлд өндөр наслах, хөдөлмөрийн чадавхаа алдах, хүүхэд төрүүлэх, нас барах, ажилгүй болох, үйлдвэрлэлийн осол, гэмтэлд өртөх зэрэг багтана. Хөдөлмөрлөж чадахгүй, орлогогүй болох уг эрсдлийг шийдвэрлэх нь хүн төрөлхтний түүхэнд үеийн үед асуудал байсаар ирсэн бөгөөд хүн бүрт хадгалах ухамсар байхгүй учраас нийгмийн даатгалын тогтолцоо оршсоор байгаа юм.
Харин болохгүй бүтэхгүй байгаа тогтолцооны эсрэг эрэл хайгуулын үр дүн нь сүүлийн үед яригдах болсон нийгмийн даатгалын тогтолцооны бас нэг хувилбар болох “Хувийн тэтгэврийн сан”. Дэргэдээ ийм тэтгэврийн сантай том компаниуд байдаг. Гэвч тухайн компанийн чадавх санхүүгийн насжилттай холбоотой учраас манайд төдийлөн хэрэгжээд явах боломжгүй. Мөн хэд хэдэн даатгалын компани арилжааны зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тодорхой заасан нөхцлийн хүрээнд үйлчлүүлэгчээсээ шимтгэл аваад, тэтгэврийн насанд хүрсэн хойно нь бөөнд нь эсвэл тодорхой хэмжээгээр эргүүлэн олгодог. Гэхдээ уг үйл ажиллагааг төр хариуцахгүй, таны хувь заяа тухайн компанийн гарт орж байгаа учраас эрсдэлтэй гэдгийг бас мэргэжилтнүүд тайлбарладаг. Нөгөө талаас манай хүн амын тоо харьцангуй бага, даатгалын талаар ойлголттой хүн цөөн учраас ийм даатгалын үйлчилгээ төдийлөн өргөжин тэлж чадахгүй байгаа юм. Тиймээс л олон хүний сайн сайхны төлөө үйлчлэх ёстой албан журмын даатгалыг төр хариуцаад явах нь зайлшгүй. Гол нь төр, засаг нийгмийн даатгалын тогтолцоог шударга, оновчтой зохион байгуулах үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
Энэ талаар СЭЗИС-ийн ахлах багш, докторант Ч.Өнөржаргал “Улсын төсвийн мөнгийг халамж нэрээр "Насны хишиг", "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэх, ахмадуудаа үнэгүй амраах зэргээр үрэн таран хийж цацахын оронд Тэтгэврийн даатгалын сангийн цоорхойгоо нөхөхөд зарцуулах хэрэгтэй. Угаасаа 1995 оноос өмнө улсад ажиллаж байсан иргэдийн тэтгэврийг Засгийн газар хариуцаж байсан” гэж манай сэтгүүлд байр сууриа илэрхийлсэн юм. Нийгмийн даатгалын тогтолцоонд хийх шинэчлэлтийн тухайд тэрбээр “Их шимтгэл төлсөн бол их, бага төлсөн эсвэл сайн дураар бага төлсөн бол бага тэтгэвэр авах зарчимтай, цалингаас бус төлсөн шимтгэлээс нь тэтгэвэр тогтоодог байвал илүү шударга болно” гэлээ.
Жишээ нь, 500 мянган төгрөгөөс шимтгэл төлж байгаа сайн дурын даатгуулагч энэ жилээс 11.5 хувиар шимтгэл төлж байхад албан журмын даатгуулагч, ажил олгогчтой нийлээд 19 хувийн шимтгэл төлөөд хоёулаа ижилхэн тэтгэвэр авдаг. Үүнээс гадна бүх насаараа бага цалингаас шимтгэл төлж байгаад, бодит байдал дээр хөдөлмөрийн бүтээмж нь буураад ирдэг насан дээрээ буюу тэтгэвэрт гарахынхаа өмнөх таван жилд бараг 10 дахин өндөр шимтгэл төлдөг. Энэ бол хуулийн цоорхой. Нөгөө талаас цалингаасаа тогтмол их хэмжээний шимтгэл төлдөг иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээс илүү гарсан цалингаасаа шимтгэл төлдөг хэрнээ эргээд энэ нь даатгуулагчид ямар ч хүртээлгүй, зөвхөн нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхдөг байна. Товчхондоо, манай нийгмийн даатгалын тогтолцооноос болж хөдөлмөрийн насандаа их хэмжээний шимтгэл тогтмол төлж байгаа иргэд хохирдог гэж ойлгож болно. Эсрэгээрээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс илүү гарсан хэмжээг сайн дурын даатгалд хамруулах, тухайн ажилтанд үр өгөөжтэй байхаар зарцуулалт хийгдэх ёстой.
Хэдийгээр тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж байгаа, насжилттай холбоотой асуудлууд байгаа боловч “эв санааны” гэсэн сайхан тодотголтой, нийгмийн болоод нийтийн сайн сайхны төлөөх уг тогтолцоо шударга зарчмаар, ном журмынхаа дагуу явж ирсэн бол магадгүй өнөөдөр алдагдалд орохгүй байсан биз.


Mongolian Economy сэтгүүлийн №148 дугаар