ТЭЦ-V юу болов?

Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж:

-“Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 Мвт-ын хүчин чадалтай дулааны тавдугаар цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих- ашиглах засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концессын эрх олгох уралдаант шалгаруулалтыг өнгөрсөн онд Төрийн өмчийн хорооноос зарласан. Уг шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлснээс урьдчилсан шалгаруулалтад тэдгээрийн нэгдэл 11 консорциум саналаа ирүүлж өрсөлдсөн. Шалгаруулалтад тэнцсэн дөрвөн консорциумаас дараагийн шатанд техникийн болон санхүүгийн иж бүрэн саналыг Солонгос Монголын хамтарсан “Samsung C&T corp, Korea Southern Power Co.,Ltd, Ochir tuv Co.,Ltd” консорциум, Их Британи, Япон, Солонгос, Монголын хамтарсан “International Power Pic, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” консорциум ирүүлсэн”.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

- “Монгол Улсын өнөөдрийн эрчимтэй хөгжилд цахилгааны хомсдол яах аргагүй хүндрэл үүсгэж байна. Иймд цахилгаан, дулааны асуудлыг шийдвэрлэхдээ зөв шийдэлд хүрэх ёстой. Миний хувьд тавдугаар цахилгаан станцын байршлыг буруу газарт шийдсэн гэж ойлгож байгаа. Юуны өмнө усны нөөцийн асуудал маш хүндээр тусна. Хөлийн гол ширгэх асуудал энүүхэнд байна. Багануурын нүүрсийг ашиглана гэж байгаа. Цацраг идэвхт бодис тодорхой хэмжээгээр ялгарна. Салхины зүг чигээр байнгын нүүрс, үнсний тоос улаанбаатарчуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гээд энэ бүгдийг тооцож үзсэн нарийн судалгаа хэрэгтэй. Ямар ч үнэ цэнээр хамаагүй дулааны цахилгаан станцтай болно гэж үзвэл буруу. Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. БОНХЯ нарийвчилсан үнэлгээ хийхдээ жинхэнэ мэргэжлийн бодитой байр суурьнаас хандаасай гэж бодож байна. Уг нь өөр газар барих боломж олон бий“.

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих зориулалтаар Баянзүрх дүүргийн XI-дүгээр хорооны нутаг дэвсгэрт буй Хөлийн голын хөндийд 43 га газрыг Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг нийслэлээс олгосон билээ.