ТЭЦV газартай боллоо

Улаанбаатар хотод шинэ цахилгаан дулааны эх үүсвэр хэрэгцээтэй байгаа ч дулааны 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил газрын асуудалтай холбоотой удаашраад байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газар эзэмших эрх олгох тухай А/406 тоот захирамж гаргаж ТЭЦV -ыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барих тусгай зөвшөөрлийг өгсөн байна.

Захирамжийн дагуу “Ургах наран” орон сууцны хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд байрлах Хөлийн голын хөндийд 43 га газрыг Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх аж. Мөн тус станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажилд хяналт тавих асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгасан байна. Харин газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрчилгээг олгох талаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.

Цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барихад усны асуудал тулгамдаж магадгүй талаар БОНХЯ-ны мэрэгжилтнүүд анхааруулж байгаа. Харин ЭХЯ-аас мэдээлж байгаагаар ТЭЦV -ыг саарал ус ашиглах горимоор ажиллуулах гэнэ.