Тээвэрлэлтийг зохицуулж, үнийн хөөрөгдлийг хязгаарлана

Манайд нийслэлээс алслагдах тусам бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсдөг. Жишээ нь, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнэ олон шат дамжлага дамждагаас үнэ нь хэтэрхий өсөж, инфляцийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралд дарамт учруулдаг. Тэгвэл Монголын Логистикийн холбоо Германий олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр хамтарч логистикоос үүдэлтэй инфляцийг бууруулах санаачилга гаргаж байна. Гаднын орнуудад зах зээлийн эдийн засгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр логистикийн бодлогоор үнийг тогтворжуулдаг аж. Үүнийг АНУ болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад нэвтрүүлж чаджээ. Логистик гэдэг бол мэдээллийн урсгал, санхүүгийн урсгалыг хамгийн оновчтойгоор ашиглан материаллаг баялгийг бүтээн хэрэглэгчид зөв цагт, хэрэгтэй үед нь, хамгийн оновчтой зардлаар хүргэн үйлчлэх тогтолцоог хэлдэг аж. Манайд компаниуд дор бүрнээ бараа, бүтээгдэхүүн түгээдэг тээврийн хэрэгсэл, борлуултын сувагтай. Байгууллагууд энэ зардлаа бараа, бүтээгдэхүүндээ шингээдэг учир нэгж бараанд ногдох тээвэр, логистикийн зардлын хэмжээ өсдөг учир үнэ ялгавартай байдаг аж. Тухайлбал, Монголын бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний үнийн зардлынх нь 30 орчим хувь тээврээс хамааралтай нэмэгддэгийг Монголын Логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд хэлсэн.

Харин энэ зардал нь Япон, Америк зэрэг өндөр хөгжилтэй оронд 9-15 орчим хувьтай байдаг аж. Учир нь, эдгээр улсад Логистикийн асуудал хариуцсан тусдаа байгууллага байдаг бөгөөд улсын хэмжээнд нэгдсэн нэг системтэйгээр тээвэрлэлт, түгээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг аж. Тэгэхээр хэрэв манайх улсын хэмжээнд судалгаа хийж, ханган нийлүүлтийн оновчтой тогтолцоо бий болгож чадвал алслагдах тусам үнэ өсдөг байдлыг халж чадна гэдгийг Логистикийн холбооныхон онцолсон юм. Нэг ёсондоо улсын хэмжээнд тээвэр, логистикийн сүлжээ төлөвлөлтийг хийснээр бараанд шингэх тээврийн зардлыг бууруулах боломжтой аж. Мөн дотооддоо үйлдвэрлэж буй болон импортын бараа, бүтээгдэхүүн дээр үнэ, хугацааг нь тодорхой бичдэг горимд шилжүүлбэл иргэдэд мэдээлэл нээлттэй болж, үнэ хэт хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой юм байна. Түүнчлэн гаалийн татварын хураалтын өнөөгийн тогтолцоог сайжруулах, Худалдааны тухай болон Үнийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж гаргах гэх мэт томоохон шинэчлэлийг хийх аж. Хувийн хэвшлийнхний зүгээс олон улсын байгууллагатай хамтарч улс орондоо хэрэгтэй санал, санаачилга гарган ажиллахаар эхлүүлж буйг төрийн зүгээс бодлогоор дэмжиж, өнгөлөх хэрэгтэйг хурлын үеэр онцолж байв.