Түүхэнд байгаагүй өндөр ханштай туулай жилийн ноолуур

Ноолуур 70000 төгрөгийн ханштай байна гэвэл Та битгий гайхаарай. Энд гэхдээ зүгээр сайхан ханш мөрөөдөж байгаа юм биш. Энэ жилийн ноолуурын үнийн хандлага ийм байгааг Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу гуайтай уулзах үеэрээ олж мэдлээ. Гэхдээ энэ нь ханш яг 70000 болчихно гэсэн үг биш шүү. Ямартай ч жил бүрийн ноолуур гарах үеийн анхны үнэ бүтэн жилийн ханшийг тодорхойлдог уламжлалтай. Энэ үүднээс авч үзвэл энэ жилийн ноолуурын ханш өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байх аж. Ямааны ноолуур жилийн жилд Хэнтий аймгаас эхэлж гардаг. Гуравдугаар сарын 18-ны байдлаар тус аймагт ямаа самналт эхлэл төдий хүмүүс цаг агаарын байдлыг харзнасан бадалтай байна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Манай сэтгүүл хэвлэгдэх үед мэдээж дээрх ажил эрчимжих биз ээ.

1990-ээд оны сүүлчээс хойш ноолуурын ханш өссөн-буурсан-өссөн-буурсан-өссөн үзүүлэлттэй явж ирсэн. Дээрх хугацаанд ноолуурын ханш дээд тал нь 52000 төгрөг хүрч өсч, доод тал нь 17000 болж буурч байсан санагдана. Тэгвэл Хэнтийд энэ сарын 18-ны байдлаар 53000-55000 төгрөгийн ханштай байгаа дуулдав. Үүнийг үйлдвэрлэгчдийн санал болгож байгаа үнэ гэж үзэж болох юм билээ. Харин малчид “Поо, ямар өндөр ханш вэ? Бушуухан ямаагаа самнаж, ноолуураа өгье” гэж яарахгүй байна гэсэн шүү. Өшөө үнэ хүрэх ёстой. Ядаж 60000 болохоор нь өгнө гэсэн бодолтой байгаа юм билээ. Тэгэхээр энэ жилийн ханш 60000-аас эхлэх нь бараг хөдлөшгүй болж байх шиг байна гэсэн таамгыг Ендонсамбуу гуай нуугаагүй. Одоо тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид ийм өндөр ханштай түүхий эд базааж чадах болов уу гэдэг асуудал тулгарна. Яагаад ийм өндөр ханштай байх хандлага бий болов гэдгийг сонирхоё.

Үнэ өндөр байна гэж гоншигонохгүй ээ

Шалтгаан 1. 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 19.9 сая толгойд хүрч өссөн манай ямаан сүргийн тоо толгой 2010 онд 13.8 сая толгой болж огцом буурсан. Энэ нь бэлчээрийн талхагдал судалж, ямааг нүд үзүүрлэдэг эрдэмтэн судлаач, байгууллагынхны хувьд сайхан мэдээ ч Монголын эдийн засагт муу нөлөөтэй, таагүй зүйл. Өөрөөр хэлбэл, 20 орчим сая ямаанаас жилдээ 7000 орчим тонн ноолуур бэлтгэдэг байсан бол өдгөө дөнгөж 3500-4000 тонн ноолуур бэлтгэх болчихоод байна.Түүхий эдийн нөөц их байхад өрсөлдөөнд сүүл хормойлдог байсан үндэсний үйлдвэрийнхэнд энэ нь аймшиг санагдах нь мэдээж. Харин олон жил Монголын ноолуурын салбарт хүч үзэж байгаа хятадуудын хувьд байдал өөр. Тэд мөнгэтэй учраас санаа зовох зүйлгүй.
Бага нөөц, өндөр ханштай холбоотойгоор туулай жилийн ноолуур бэлтгэлийн ажилд нэлээд хүндрэлтэй асуудлууд гарч ирэхээр байгааг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болоод мэргэжлийн холбооны удирдлагууд ярьж байна.

Шалтгаан 2. Юуны өмнө Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өнгөрсөн оныг хэрхэн даван туулсан бэ гэдгийг товч хүргэх шаардлагатай юм билээ. Өнгөрсөн онд ноолуурын бизнес эрхлэгчдийн дунд өрсөлдөөн тун чиг ширүүн явсан. Эцэст нь ялагч нь тодорхой. Монголын ноолуурыг Хятадууд үнэ цохиж авдаг уламжлал хадгалагдсан гэж хэлж болно. “Говь”, “Ээрмэл” зэрэг томоохон үндэсний үйлдвэрлэгчдийн “дайны талбар”-аас арай гэж базаасан жаахан түүхий эдийн нөөц нь оны сүүл рүү ёроолдоо хүрч, баларчээ. Австралиас хонины нарийн ноос, Хятадаас ноосон утас худалдан авч байж захиалгаа чадан ядан хийжээ. Тэгвэл урьд хожид байгаагүй өндөр үнэ юу авчрах вэ. Малчдын хувьд арвин ашиг, орлого авчрах нь мэдээж. Харин эргэлтийн хөрөнгө муу, банкны зээл ихтэй үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хүндээр тусна. Гэхдээ тэд өмнөх жилүүд шиг ноолуур өндөр үнэтэй байна гэж гоншигонохгүй гэсэн бодолтой байна. Угаасаа зах зээлийн ханш тогтсон учраас тэр. Энд бяцхан тайлбар хэрэгтэй байх. Дэлхийн ноолуурын зах зээлийг ойлгоход хялбархан. Дэлхийн ноолуурын зах зээлийг ерөөсөө л Монгол, Хятад хоёр тодорхойлж байгаа. БНХАУ-д мөн өнгөрсөн онд ямаан сүргийнх нь тоо толгой буурсан. Түүнчлэн дундаж давхаргын хэрэглээ ихэссэн учраас тус улсын дотоодод ноолууран бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдсээр байгаа аж. Тийм ч учраас урд хөрш самнасан ноолуурын экспортыг хоригложээ. Үүнээс гадна дэлхийн эдийн засаг сэргэж байгаа учраас ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ ихэссэн байна. Тэгвэл манай сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өндөр үнийг цааргалахгүй яаж түүхий эдээ авах болж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид төр, засгаас ганц хоёрхон зохицуулалтыг яаралтай хийхийг хүсч байна. Нэгдүгээрт, самнасан ноолуурын экспортын татварыг 2008 онд тэглэснийг сэргээх. Сонгуулийн өмнөх жил учраас УИХ-ын гишүүдийн хувьд экспортын татварыг нэмэх асуудалд уриалгахан хөдлөхгүй л болов уу. Тэгэхээр эрхэм гишүүдэд ноолуурын экспортод татвар тавихаар малчдын орлого буурна гэсэн ойлголт цагаа өнгөрөөснийг дуулгая. Асуудлын цаад утга учрыг сэтгүүлчийнхээ хувьд ойлгомжтой хүргэхийг хичээе. Яагаад гэвэл ноолуурын өмнө нь байгаагүй өндөр үнэ экспортын татварт үл дарлуулахаар байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн 60 орчим мянган төгрөгийн ханш экспортын татвартай, татваргүй хадгалагдахаар байгаа гэсэн үг. Монголд ч, Хятадад ч эрэлт хэрэгцээ огцом нэмэгджээ. Дэлхийн ноолууран бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага ямар байгааг дээр хэлсэн шүү дээ. “Говь”, “Гоёо”, “ Ээрмэл”-ийн гадаад захиалга ч өмнөхөөс нэлээд нэмэгдсэн байх жишээтэй. “Говь” компани гэхэд л өнгөрсөн онд 180000 ширхэг сүлжмэл гаргасан бол энэ жил 300000-ыг гаргах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тийм ч учраас манай ноос, ноолуурын томоохон үйлдвэрүүд нийт 5000 орчим сүлжигч шинээр дадлагажуулж авахад бэлэн байгаа аж. Ийм хэмжээний хүнийг 300000-500000 төгрөгийн цалинтай ажлын байраар хангах боломжтой гэнэ. Ийм ажлын зарыг ч хэдийнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлжээ.
Ноолуурын үйлдвэрлэлийн гол тоглогч урд хөрш дотоодын үйлдвэрлэлдээ түлхүү анхаарч эхэлсэн учраас ноолуурын дундын зуучлагчид Монголыг нэлээд сонирхох болжээ. Ийм үед ноолуурын экспортын татвар зайлшгүй хэрэгтэйг эрхбиш, УИХ-ын гишүүд гадарлах байлгүй дээ. Экспортын нэг кг ноолуур тутамд 10000 төгрөгийн татвар ногдуулах боломжтой тооцоог ч холбогдох хүмүүс хийж, Засгийн газарт хүргүүлсэн аж. С.Баяр “ Атрын III аян”-ыг зарлаж, түүхэн гавьяа байгуулсан шиг Ерөнхий сайд С.Батболд хөдөө аж ахуйн салбараас мах, ноолуур хоёрын үйлдвэрлэлийг хөл дээр нь баттай зогсоох идэвх чармайлттай ажиллаж байна. Ерөнхий сайдын энэ идэвх чармайлтад ноос ноолуурын салбарынхан урамшиж, хүндрэл бэрхшээлийг даван туулах урам зориг өвөртөлжээ. Ерөнхий сайд ноолуурын үйлдвэрийнхэнтэй гурван ч удаа уулзаж, тулгарч буй бэрхшээлийг нь сонсч, шийдвэрлэх асуудлын гарцыг хамтдаа хайсан юм билээ. Хамгийн сүүлд Сангийн сайд С.Баярцогт “Ноолуур үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөг өгье. Гэхдээ нэг хоёр том компанид өгөөд үр дүн багатай байдаг юм билээ. Энэ мөнгийг авахын тулд та нар том, жижиг гэлтгүй нэгдэж, нийлэх ёстой” хэмээн амлажээ. Өөрөөр хэлбэл, Түүхий эдийн өндөр ханшаас айхгүй байгаа үйлдвэрлэгчдийн эцсийн найдлага Сангийн сайдын дээрх 100 тэрбум төгрөгийн амлалт болоод байна. Хамгийн гол нь дээрх 100 тэрбумыг 10 жилийн хугацаатай өгөх боломжтой гэж хэлсэн нь жилийн жилд хөрөнгө мөнгөөр гачигддаг ноолуурын үйлдвэрийнхний дотрыг уужруулсан бололтой. Харин Засгийн газрын зүгээс үйлдвэрлэгчдэд зүгээр мөнгө өгөхгүй. Та нар ажлын байр нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрийнхнийг өсч томроход нь тусла гэдэг үүргийг өгчээ. Тиймээс ч үйлдвэрлэгчид энэ талаар чадах чинээгээр хичээж ажиллахаар болжээ. “Говь” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Наранбаатар Нийслэлийн дүүрэг бүрт ажлын байрны төв ажиллуулах юм билээ. Уг сургалтад сурсан хүмүүст улсаас цамц хийх машин тавьж өгнө гэсэн.

Захиалга, хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед бид нэгж бүтээгдэхүүнийхээ өртөг зардлаа бууруулж, бүтээмжийг дор хаяж 30-40 хувь дээшлүүлж байж Хятадын өндөр үнэтэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадна. Манайх бүтээмжээ дээшлүүлж, үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөж байгаа. 250-300 ажлын байр бий болно” гэв. Тус компанийн Бизнес төлөвлөлтийн газрын захирал А.Ариунболд “Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн самнасан ноолуур 130000 ам.долларын үнэтэй байна. Гэтэл нэг тонн нүүрс 25000 ам.долларын үнэтэй байх жишээтэй. Энд их ялгаа харагдаж байгаа биз дээ. Манайх ганц байгалийн баялагт шүтэх биш, эдийн засгаа ондоошуулах бодлого явуулмаар байна. Өөрөөр хэлбэл, хос морьтой байх хэрэгтэй. Тухайлбал, Монголын нөхөн сэргээгддэг баялаг болох ноолуур дэлхийд брэнд болж гарч ирэх бүрэн боломжтой. Нөгөө нэг асуудал нь нэг кг ноолуур тутамд 10000 төгрөгийн экспортын татвар ногдуулснаар ноолуурын үнэ ханш буурахгүй. Харин ч дотоодод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болох нөхцөл бүрдэнэ” хэмээн ярилаа.

УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудын нэлээд дээгүүр ноолууртай холбоотой асуудлууд байгаа гэж үйлдвэрлэгчид итгэж сууна. Манай ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэл харьцангуй сайн хөгжсөн гэж үзэж болно. Тухайлбал, өнөөдрийн байдлаар сүлжмэлийн 10 гаруй, мөн тооны бэлэн бүтээгдэхүүний, анхан шатны боловсруулалтын 20 гаруй, жижиг сүлжих цех 200 гаруй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын 22-ын товчооны наахна “MMG капитал” гээд Шиньжаан-Уйгарын хөрөнгө оруулалттай асар том хүчин чадал-тай анхан шатны боловсруулалтын үйлдвэр дөнгөж ашиглалтад ороод байгаа ажээ. Эндээс харахад дотоод, гадаад зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан түүхий эдийн хамгаалалтын хатуу бодлого явуулах цаг иржээ гэдгийг төрийн түшээд маань ойлгох байх гэж найдъя.

“Үйлдвэрлэл явуулахад ёо ёо байна”


Шинэ түүхий эдтэйгээ залгахаас өмнө “Эрдэнэт хивс”, “Гоёо” зэрэг ноос, ноолуурын үйлдвэр бараг хаалгаа барихдаа хүрээд байгаа аж. Учир нь, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Тэмдэгтийн хураамжийн хууль хэрэгжиж эхэлсэн нь ноос, ноолуурын үйлдвэрүүдийн хувьд том бул хар чулуу босгожээ. Ноос, ноолуурын үйлдвэрүүдэд угаахаас авахуулаад цөөнгүй шат дамжлагад химийн бодис хэрэглэдэг. Гэтэл Тэмдэгтийн хураамжийн 21.1.1-д ...Байгаль орчинд онцгой хор нөлөө учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 8000000 төгрөгийн татвар авна. 21.1.3-д Химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах , худалдаалах, устгах, тусгай зөвшөөрөл олгоход 75000000 төгрөгийн татвар ногдуулна гэж тусгажээ. Та хар даа, байгаль орчинд онцгой аюултай хор нөлөө үзүүлэх химийн бодист юу орох билээ. Мөнөөх алдартай цианит натри. Гэтэл ийм аюултай химийн бодисын тусгай зөвшөөрөлд 8000000 сая төгрөгийн татвар, онц аюултай биш хортой бодист нь 75000000 төгрөгийн төлбөр хураамж төлөхөөр байгааг юу гэж ойлгох вэ?

Ноос, ноолуурын үйлдвэрт ашигладаг угаах бодис нь НҮБ-аас гаргаж, дэлхий нийт мөрддөг онц аюултай болон хортой бодисын жагсаалтын аль алинд нь байдаггүй аж. Гэтэл манайх шинэ Тэмдэгтийн хураамжийн хуулиар химийн л бодис бол хуульд заасан төлбөр хураамжийг төлөх ёстой гэж эндүүрч, үйлдвэрүүдэд асуудал үүсгээд байгаа нь хачирхалтай. Хамгийн гол нь хууль дүрэм хэрэгжүүлэгч яам тамгын газрын холбогдох албаны хүмүүс нь хуулиа уншиж ойлгодоггүй нь дараах баримтаас тодорхой харагдана. Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Ёндонсамбуу гуай БОАЖЯ-нд манай үйлдвэрүүд Тэмдэгтийн хураамжийн хуулиас болоод гааль дээрээс химийн бодисоо авч чадахгүй хүндрэл учраад байна гэдгээ тайлбарласан бичиг хүргүүлсэн чинь удтал байсны эцэст тус яамны нэг газрын даргаас нь “Танай химийн бодисыг уг жагсаалтад оруулаад өгье” гэсэн утгатай хариу ирүүлж, гайхширалд оруулжээ. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг юм болж Ёндонсамбуу гуай арга ядахдаа “…химийн бодис л бол хортой , хоргүй ялгаагүй 21.1.3-д хамааруулна гэсэн заалт байдаг юм бол бид хуулиа дээдэлж, хураамжаа төлье” гэж хүртэл бичиж суугаагаа үзүүлэв. Тэрхүү асуудал хариуцаж байгаа хурган дарга нь НҮБ-аас гаргасан дэлхий даяар мөрддөг хортой бодисын жагсаалтын дагуу БОАЖ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар химийн хортой болон аюултай бодисын жагсаалтыг хавсралтаар гаргасныг ч төрийнхэн сайн сонирхож үзээгүй бололтой. Тэр жагсаалтад нь ноос, ноолуурын үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг химийн бодис багтдаггүй юм билээ. Багтах ч үндэслэл байхгүй аж. Учир нь, ноос ноолуурын салбар нь дэлхийд нэрд гарсан компани пүүсийн чанарын шаардлага хангасан будаг, химийн материал хэрэглэж үйлдвэрлэлээ явуулдаг байна. “Говь”, “Гоёо”-гийн бүтээгдэхүүнийг зөвхөн хэрэглээндээ хайхрамжгүй ханддаг монголчууд хэрэглээд зогсдоггүй. Япон, Америк, Англи, Итали гээд дэлхийн өнцөг булан бүрээс захиалга ирүүлж байгаа. Тэд өмсөх зүүхдээ хүртэл идэх хоол шигээ анхаардаг улс шүү дээ. Тиймээс аль орноос авсан ямар химийн бодис хэрэглэдэг вэ гэдгийг захиалгаа өгөхдөө л асууж шалгааж, үзэж хардаг байна. Ялангуяа япончууд бол энэ тал дээр бүр няхуур гэнэ. Ёндонсамбуу гуай “Бидний үсээ угаадаг шампунь гэсэн үг шүү дээ. Хүний хэрэглэхийг нь анхилуун үнэр оруулж, үйлдвэрт хэрэглэх нь элдэв гоё үнэргүйгээрээ ялгаатай. Ийм юмыг л ойлгож өгөхгүй чирэгдэл учруулаад байх юм. Үйлдвэрлэл явуулахд ёо ёо байна” гэж үнэхээр залахсан байдалтай хэлэв. Гааль дээрээс авч чадахгүй байгаа химийн бодисын жагсаалтыг нь сонирхож үзлээ. Их Британи улсаас импортолж байгаа зөөлрүүлэгч, угаалгын бодис, ноосны тосолгооны бодис, цайруулагч, органик саван, шампунь, органик хүүхдийн бие угаагч, органик шил цэвэрлэгч гэсэн жагсаалт байв. Юм мэддэг хүмүүст бол угаалгын бодисын хайрцагных нь дээр сертификат, кодтойгоо бүх зүйл нь тодорхой байдаг аж. Монголын ноос, ноолуурын холбооныхон БОАЖЯ-ыг асуудлыг шийдээд өгөх байх гэж харсаар суугаад, сүүлдээ учир байдлаа Улаанбаатар хотын гаальд танилцуулжээ. Гаалийнхан уг бодисоос дээж авч, шинжлээд өгч болох юм байна гэж үзсэн ч холбогдох төрийн яам нь хөдлөхгүй байгаад эргэлзсэн бололтой юм. “Ер нь өгөхөө болилоо. БОАЖЯ-наас олгож болно гэсэн бичиг аваад ир” гэсэн аж. Хөхөөтэй юм гэдэг шиг хачирхалтай байгаа биз.

Мөн Ёндонсамбуу гуай НӨАТ-ын тухай хуульд хоёр гурван газар бяцхан нэмэлт, өөрчлөлт оруулаад л асуудлыг шийдчих юман дээр ч Засгийн газар хөдөлж өгөхгүй явсаар байгаад малчид, үйлдвэрлэгчдийг улам холдуулаад байх юм. Энэ хүнд цаг үед дотоодын хамтын ажиллагаа хамгаас чухал байна. Манайд төсөл хэрэгжүүлсэн нэгэн япон мэргэжилтэн “Үйлдвэрлэл, Засгийн газар хоёр нэг амьсгаатай, нэг халаасанд орж байж хөгждөг” гэж хэлж байсан. Тэр зүгээр ч нэг хэлчихээгүй юм шиг байна. Ямар нэгэн зүйл ажиглаад л хэлж. С.Батболдын Засгийн газар ноолуурын үйлдвэрлэлийг уг нь ойлгож, дэмжих гээд байгаа.

Даан ч эрх мэдэл нь байхгүй юм” хэмээн санааширч байсан. Нээрээ л дээр доргүй үсрэнгүй хөгжил ярьж байгаа энэ үед салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийг хаа хаанаа дэмжсэн, төрийн уян хатан үйлчилгээ үнэхээр үгүйлэгдэж байгаа нь илт.