​Түүхэн аялал жуулчлалын цогцолборуудад 5.5 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хэнтий аймагт хэрэгжүүлж буй түүхэн аялал жуулчлалын дөрвөн цогцолборын төсөлд улсын төсвөөс нийт 5.5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 19 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсныг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяр тус яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр мэдээллээ.

Хэнтий аймгийн Дадал суманд босгож буй “Чингис хаан” цогцолборын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын буцалтгүй тусламжаар босгох бөгөөд саяхан төслийн нэгжийг байгуулаад байна. Ирэх сарын эхээр төслийн нээлт болох бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 4000 ам метр талбай бүхий тус цогцолборын дэд бүтэц гурван байрлалд 240 авто машины зогсоол, 2.6 км авто зам гэрэлтүүлгийн хамт, 4.5 км-ийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц, хатуу хог хаягдлын цэг гэсэн хэсгээс бүрдэнэ гэж төлөвлөсөн байна.


Түүхэн цогцолборуудаас ажлын явц хамгийн урагштай байгаа нь Батноров суманд барьж буй “Андлалын өргөө” аж. Тэмүүжин, Боорчи хоёрын анд барилдсан түүхийг бэлгэдэн босгож буй цогцолборын ажлын явц 60 хувьтай байна. Цогцолборт улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2020 онд ашиглалтад орно хэмээн тооцжээ.

Харин Биндэр сумын Цагааннуур хэмээх газар байгуулагдаж буй “Их хуралдай” цогцолборын газар шорооны ажлыг дөнгөж эхлүүлээд байгааг эх сурвалж мэдээллээ. “Их хуралдай” өргөө нь 300 хүний багтаамжтай, цагаан мөнгөлөг байгууламж бөгөөд 39:38 метр хэмжээтэй, 14 метр буюу дөрвөн давхар байшинтай тэнцэх өндөртэй. Ёслолын хэсгийн 346 ам метр талбайтай бөгөөд иж бүрэн арга хэмжээ зохион байгуулах зориулалттай. Санхүүжилтэд нь улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг хуваарилсан. Мөн Норовлин суманд босож буй “Шихихутаг” цогцолборын шавыг өнгөрсөн сард тавьсан байна. Улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөж, 2023 он гэхэд ашиглалтад оруулах юм байна. “Шихихутаг” цогцолбор нь далавчтай алтан морь унаж, гартаа ном барьсан хүүгийн хөшөөтэй, хойгуураа таван давхар бүхий номын сан болон бусад үйлчилгээний төвтэй байгууламж юм.