Төвбанкуудыг заналхийлсэн аймшигт инфляци

Монголбанк бараг бүтэн жилийн турш гар хүрэлгүй өдий хүрсэн бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмж, 11.5 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Зээлийн хүүг бууруулахын тулд чадах бүхнээ хийнэ хэмээн ам гарч байсан Төвбанкны эрхмүүд ийнхүү хэлсэн үгэндээ эзэн болоогүйн шалтгаан инфляци гэнэ.

Уг нь өнгөрсөн гуравдугаар сард инфляци буурч, жилийн 7.4 хувьтай гарснаар олон хүний гайхлыг төрүүлсэн. Гэвч энэ нь зөвхөн махны үнийн бууралтаас шалтгаалсан тухай Монголбанкныхан учирлаад, оны эцэст инфляци 15-20 хувьд хүрэх магадлалтайг санууллаа. Ингэснээр бид санхүү, эдийн засгийн хямралтай ахиад нүүр тулах аюултайг Төвбанкныхан мөн анхааруулсан юм.

Эдийн засагт хэт халалтын шинж тэмдгүүд илэрч, мөчлөг дагасан төсвийн бодлогоос зайлсхийж чадахгүй байгаа энэ үед инфляцийг “чөдөрлөх” ганц гарц нь мөнгөний хатуу бодлого ажээ. 2011 оны гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 67 хувиар буюу 1.98 их наяд төгрөгөөр өссөн нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Үүнээс улбаалан санхүүгийн системийн зээлийн өрийн үлдэгдэл мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. “Зээлийн хурдтай өсөлт болон төсвийн өндөр зардал нь инфляци нэмэгдэхэд нөлөөлсөөр байх болно” хэмээн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан тайлбарласан.

Гэхдээ бодлогын хүүг 0.5 хувиар нэмлээ гээд инфляцийг нэг мөр “номхтгож” байна гэвэл ташаа ойлголт болох биз ээ. Дотоодод мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээс гадна гадаадаас шалтгаалах “импортын инфляци” манай орны хувьд ноцтой дарамт учруулж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор хангаж, түлш шатахууныхаа хэрэгцээг тэр чигт нь Оросоос базаадаг монголчуудын хувьд бусад оронд үнэ хэрхэн хэлбэлзэх нь хамгийн их хамаатай. Гэтэл инфляци гэдэг зөвхөн Монголын биш, дэлхийн тулгамдсан асуудал болоод байна шүү дээ.

Энэ оны эхний хоёр сард дэлхийн хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 31 хувиар өссөн байгааг Азийн хөгжлийн банк анхааруулсан тухай http://www.radioaustralia.net.au цахим хуудсанд онцолжээ. Бөмбөрцгийн ядуучуудын гуравны хоёр нь амьдардаг Азийн хөгжиж буй орнууд хүнсний үнийн өсөлтөөс хамгийн ихээр хохирох тухай дээрх мэдээлэлд онцолсон байна.
Ер нь үнийн өсөлт дэлхийн улс орнуудыг баян, ядуу хэмээн ялгалгүйгээр хиар цохиж эхэлсэн билээ. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхшруулж буй Энэтхэг, Хятадаас эхлээд газрын тосоор баян Булангийн орнуудыг ч инфляци тойрсонгүй. Чинээлэг, баярхуугаараа зартай Саудын Арабад өргөн хэрэглээний хүнсний үнэ энэ онд есөн хувиар өсөх төлөвтэй. Инфляцийн дарамтыг жинхэнэ утгаар нь мэдрэлгүй олон жилийг үдсэн АНУ, Их Британи, Европын супермаркетууд хүртэл хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийн шошгыг байн байн сольж, эзэгтэй нарыг гонсойлгоход хүрээд буй. Дэлхийн зах зээл дэх газрын тос, улаанбуудай, кофены үнэ тэнгэр чиглэсэн хэвээр... НҮБ-ын тооцоолсноор өнөөдөр нэг тэрбум гаруй хүн өлсгөлөнгийн байдалтай амьдарч буй. Гэтэл цаг уурын өөрчлөлтөөс болж ургац хураалт муудаж, хүнсний нийлүүлэлт улам л хумигдсаар.

Бусад нь ямар арга хэмжээ авч байна вэ?

Инфляцийн дарамттай холбоотой зөвхөн Монголын Төвбанк мөнгөний бодлогоо чангаруулж байна гэвэл өрөөсгөл болно. Оросын Төвбанк он гарсаар хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ нэмж, тавдугаар сарын 3-наас 8.25 хувьд хүргэж байгаа юм. Хойд хөршид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар инфляци 4.2 хувьд хүрсэн тухай мэдээлэл цацагдахад энэхүү үзүүлэлтийг жилийн 7.5 хувьд барихаар зорьж буй хойд хөрш сандрах нь гарцаагүй ажээ.

Хятадын Төвбанк өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 хувиар нэмж байгаагаа мэдэгдсэн. Он гарсаар дөрөв дэх удаагаа ийм арга хэмжээ авч байгааг “Bloomberg” онцолсон байна. Гуравдугаар сард урд хөршийн жилийн инфляци 5.4 хувьд хүрсэн нь сүүлийн 32 сарын дээд үзүүлэлт болсон юм. БНХАУ-ын эрх баригчид энэ онд инфляцийн үзүүлэлтийг дөрвөн хувьд барих зорилготой байгаа учир мөнгөний бодлогоо чангалахаас өөр замгүй ээ. Түүнчлэн бодлогын хүүгээ дөрөвдүгээр сарын 6-наас 0.25 хувиар өсгөсөн байна. Хятадын Төвбанк 2010 оны аравдугаар сараас хойш дөрөв дэх удаагаа бодлогын хүүгээ нэмсэн тухай “Reuters” мэдээлсэн юм. Үүнээс дүгнэхэд урд, хойд хөрш маань мөнгөний бодлогоо чангаруулах аянд эргэлт, буцалтгүй орсон нь илт байна. Харин бусад орон яаж байгаа бол?

Европын Төвбанк санхүү, эдийн засгийн хямралаас хойш бодлогын хүүгээ нэмэх тал дээр хойрго хандаж ирсэн билээ. Гэвч өсөн нэмэгдэж буй инфляцийг анзаарахгүй байж болсонгүй. Гуравдугаар сард евро бүсийн инфляци жилийн 2.6 хувьд хүрсэн нь сүүлийн 29 сарын дээд үзүүлэлт болжээ. Үүнээс үүдэн Европын Төвбанк сүүлийн хоёр жилийн турш өсгөхөөс цааргалаж ирсэн бодлогын хүүгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд нэмэхээс аргагүй байдалд орсон юм.

Гэхдээ АНУ, Их Британи, Япон зэрэг хөгжингүй орон ч мөн инфляцийн заналхийлэл дор байгаа боловч сул тавьсан мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулах гэж яарахгүй байна. Англичууд өнгөрсөн оны сүүлчийн улиралд 0.5 хувиар хумигдсан ДНБ-ээ дорвитойхон өсгөчих хүсэлтэй байгаа бол япончууд гамшигт нэрвэгдсэн эх орноо бушуухан сэргээн босгох зорилготой ажиллана. Энэ нь Их Британи, Японы Төвбанкны хувьд инфляцитай тулалдахаас чухал асуудал билээ. Харин Америкийн Холбооны нөөцийн системийн удирдлага “Бодлогын хүүг нэмнэ, гэхдээ цаг нь болоогүй..” гэсээр нэлээд урт хугацаа ардаа орхиж байгаа билээ.

“Дэлхийн зах зээл дэх хүнсний үнэ өссөөр байх уу? Инфляцийн өсөлтийг сатааруулахын тулд мөнгөний бодлогоо чангаруулах уу?” гэсэн эргэлзээ дэлхийн олон орны Төвбанкны хувьд “шүдний өвчин” болоод буй. Монголбанкныхан ч мөн эдгээр асуултаар толгойгоо гашилгаж буй биз ээ. Харин бизнес эрхлэгчдийн хувьд Төвбанк хүүг нэг удаа нэмээд л зогсох уу, эсвэл мөнгөний бодлогыг үе шаттайгаар чангаруулах уу гэдэг нь илүү чухал асуудал байх. Харин хорвоогийн хүн бүрт хамаатай нэг асуулт бий. Өнөөдрийн цайны талх, хоолны махны үнэ өчигдрийнхөөс өссөн байх уу, үгүй юү? Ийнхүү бүгд л дор дороо хүлээлттэй, толгой гашилгах асуулттай...