Төв банкны судалгааны чанар сайжирсан он жилүүд

Sarangerel
2024-09-16 10:38:19
Ангилал:

Төв банкны бодлогын шийдвэр гаргалт нь өргөн цар хүрээ бүхий судалгаа, шинжилгээний ажилд тулгуурладаг. Энэ үүднээс Төв банк нь эдийн засаг, санхүүгийн чиглэлийн шинжилгээ, судалгаа голлон хийж, судалгааны нэгж нь үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай суурь судалгаа, мэдээллийн баазыг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Монголбанкны хувьд 1991 онд дотооддоо анхны судалгааны нэгжийг албан ёсоор байгуулж, судалгаа, шинжилгээг чухалчлан авч үзэх болсон. Ингэснээр Төв банк гэлтгүй Монгол Улсын эдийн засгийн бодлогын судалгааны хөгжилд хувь нэмэр оруулж ирлээ. Судалгааны нэгж нь эхэн үедээ тайлан мэдээ боловсруулах, статистик шинжилгээний бюллетень гаргах зэрэг ажил хийж байсан бол явцын дунд мөнгөний үржүүлэгч, долларжилт, суурь инфляц, банкны ашигт ажиллагаа зэрэг эдийн засаг, банкны салбарын нөхцөл байдлыг тодорхойлсон шинжилгээг хийх болсон.

Монголбанк судалгааны ажлынхаа хүрээг тэлж, чанарыг сайжруулахад онцгой ач холбогдол өгч, судлаач, боловсон хүчнээ гадаадын нэр хүндтэй их сургууль, олон улсын байгууллага, Төв банкнуудын сургалтуудад эдийн засаг, эконометрик, статистик, санхүүгийн удирдлага, төрийн удирдлага зэрэг олон чиглэлээр суралцан мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэн, судалгааны багаа бэхжүүлж ирсэн. Энэ хүчин чармайлтын үр дүнд судлаачдын ур чадвар, ашиглаж буй загвар, арга зүй эрс сайжирч, үүнтэй зэрэгцэн тоон мэдээллийн нэр төрөл нэмэгдэж, цуваа уртассан нь Монголбанкны судалгааны чанар сайжрахад томоохон түлхэц болсон. Монголбанк 2007-2008 онд мөнгөний бодлогын арга хэлбэрээ өөрчилсөнтэй холбоотой эдийн засгийн ирээдүйн төлөвт суурилсан бодлогын шийдвэр гаргах шаардлага үүссэн.

“Ideas” өгөгдлийн сангийн зэрэглэлээр Монголбанк хамгийн нөлөө бүхий судалгааны институтээр шалгарав

Улмаар Монголбанк нь бодлогын шинжилгээ хийх загваруудыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, SIMOM, SVAR, SARIMA зэрэг эконометрик загваруудыг анхлан нутагшуулж, хөгжүүлсэн. Үүний зэрэгцээ тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өрхийн болон банкны салбарын стресс тест, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө, орон сууцны хөтөлбөрийн үр нөлөө болон мөнгөний эрэлт, нийлүүлэлт, зээл зэрэг сэдвийн хүрээнд суурь судалгааг олноор хийж байв. Цаашлаад Монголбанкны мөнгөний бодлогын шинжилгээний дунд хугацааны гол загвар болох GAP болон DSGE-д суурилсан загвар, BVAR, FA VAR, MIDAS зэрэг богино хугацааны төсөөлөл хийх загваруудыг бодлогын шинжилгээнд нутагшуулан ашиглах болов. Монголбанкны зүгээс бодлогын шийдвэр гаргахдаа эконометрик загварын үр дүнгээс гадна салбаруудад гарч буй өөрчлөлт, экспертүүдийн санаа, дүгнэлт болон иргэд, аж ахуйн нэгж, судлаачдын хүлээлтийг хамтатган авч үздэг. Энэ хүрээнд “Инфляцын түүвэр судалгаа”, “Аж ахуйн нэгжийн түүвэр судалгаа” зэрэг түүвэр судалгааг 2009 оноос хойш улирлын давтамжтай хийж, бодлогын шийдвэртээ ашиглаж байна.

Сүүлийн жилүүдэд Монголбанк макро түвшний судалгаа хийхийн зэрэгцээ микро тоон шинжилгээ, судалгааны ажилд онцгой анхаарал хандуулж, цаг үетэйгээ уялдуулан машин сургалт, их өгөгдөл, уур амьсгал зэрэг өнөө үед чухлаар тавигдаж буй сэдвүүдийг мөн судалж байна. Энэ хүрээнд микро өгөгдлийг ашигласан шинжилгээ хийх суурь баазыг хөгжүүлэх, өгөгдөл боловсруулалтыг сайжруулах, эмпирик судалгаанд ахисан түвшний эконометрик болон бүтцийн загваруудыг ашиглах, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх чиглэлд олон улсын зөвлөх мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна. Монголбанкны судалгааны чанар өнгөрсөн 20 гаруй жилд эрчтэй сайжирсан бөгөөд илтгэх нэг үзүүлэлт нь Монголбанкны судлаачид нийт 30 гаруй судалгааны өгүүллийг олон улсын өндөр зэрэглэлтэй, хянан магадлагаа хийдэг сэтгүүлүүдэд хэвлүүлсэн явдал юм. Түүнчлэн эдгээр сэтгүүлд хянан магадлагаа өгч ажиллаж байна. Энэ нь судалгааны чанар сайжрах, үр дүнд итгэхүйц байдал нэмэгдэх, ингэснээр бодлогын шийдвэр ашиглагдахаас гадна олон нийт, цаашлаад олон улс дахь Монголбанкны нэр хүндийг өсгөхөд ач холбогдолтой.

Эдийн засгийн чиглэлийн судалгааны байгууллагуудын зэрэглэл тогтоодог “Ideas” өгөгдлийн сангийн зэрэглэлээр Монголбанк нь сүүлийн 10 жилийн судалгааны үзүүлэлтээр Монгол Улсдаа хамгийн нөлөө бүхий судалгааны институтээр шалгарсан (Ideas, 2024). Түүнчлэн, олон орны Төв банк, Сангийн яам, санхүүгийн байгууллагуудын судалгаа шинжилгээнд өргөнөөр ашигладаг, тооцоолол хийх зориулалттай “Eviews” программын нийт 140 гаруй нэмэлт тооцооллын функцийн 30 гаруйг (20 орчим хувийг) зөвхөн Монголбанкны судлаачид хөгжүүлснийг дэлхий даяар давхардсан тоогоор зургаан сая гаруй судлаачид ашигласан байна (Eviews, 2024). Монголбанк судалгаа, чиглэлээр олон шинжилгээний улсын байгууллагууд, Төв банкнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж ирлээ. Тухайлбал, Монголбанк Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбоонд 1999 онд нэгдсэн цагаас хойш тус байгууллагын тодорхой сэдвийн дор зүүн Азийн улс орнуудын харьцуулан шинжилдэг цуврал судалгааны товхимолд Монгол Улсын эмпирик судалгааны ажлуудыг гүйцэтгэж, хэвлүүлж ирлээ.

Монголбанкны судлаачдын 30 гаруй судалгааны өгүүлэл олон улсын өндөр зэрэглэлтэй, хянан магадлагаа хийдэг сэтгүүлүүдэд хэвлэгджээ

БНСУ-ын Төв банктай “Мэдлэг Түншлэлийн Хөтөлбөр”-ийг 2015 оноос хойш хамтран хэрэгжүүлж, жил бүр Төв банкны бодлогын шинжилгээг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлд судалгааны ажлыг хамтран боловсруулж, бүтээлүүдийг нийтлээд байна. Мөн Швейцарийн Градуэт Институтийн “Төв банкуудад зориулсан хоёр талын тусламж, чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 оноос эдийн засгийн судалгааны ажлуудыг хамтран боловсруулж, судлаачдын чадавхийг бэхжүүлж байна. Монголбанкны зүгээс Монгол Улсын хөгжлийн эдийн засгийн болон санхүүгийн бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц суурь судалгааны ажлуудыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг байгуулсан нь судалгаа, шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх ач холбогдолтой үйл явдал болсон. Мөн судалгааны өгүүлэл бичиж, хэвлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монголбанкнаас “Мөнгө, Санхүү, Баялаг” нэртэй сэтгүүлийг эрхлэн гаргасан нь эдийн засгийн чиглэлээр сургалт, судалгаа эрхэлдэг их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, судалгааны сэтгүүл нэгээр нэмэгдсэн үйл явдал болсон.

Төв банкны судлаачдын судалгааны чанар, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх судалгааны тоог нэмэгдүүлэхэд анхаарсан бас нэгэн дэмжлэг нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар Монголбанкны судлаач өндөр зэрэглэлтэй буюу “А” болон “А” ангиллын сэтгүүлд судалгаагаа хэвлүүлсэн тохиолдолд тодорхой урамшуулал олгож байхаар шийдвэрлэсэн явдал юм. Монголбанкны эдийн засагчид, судлаачдын судалгааны ажлуудыг эмхэтгэсэн “Судалгааны Товхимол”-ыг 2002 оноос хойш өнөөг хүртэл 18 цуврал гаргаж, нийтдээ 370 гаруй судалгааны ажлыг олны хүртээл болгоод байна. Түүнчлэн Монголбанкны тэгш ойн жилүүдэд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн тусгай дугаар болгон гаргадаг одоог хүртэл академик талбар дахь гол эх сурвалжуудын нэг хэвээр байна. Монголбанкны аливаа бодлогын шийдвэр судалгаа, шинжилгээнд тулгуурладаг хэдий ч, судалгаа, шинжилгээний ажил нь Монголбанкны албан ёсны байр суурийг илэрхийлэх албагүй юм. Судлаачид өөрсдийн арга барил, өнцгөөр тухайн судалгааг хийх орон зайг олгодог тул хөндлөнгийн нөлөөгүй, судлаачдын байр суурийг хараат бусаар илтгэх талбар болдог. Үүнд л Монголбанкны судалгааны ажлын үндсэн мөн чанар оршдог билээ.

 

 Монгол Улсад орчин цагийн банк үүсэн бэхжсэний 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2024.07 сар