Төгрөгийн тогтвортой байдал ямар үнэтэй вэ

Монгол Улсын гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт дөхөж очжээ. 2010 онд манайд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөсөө 2.8 дахин өссөн үзүүлэлт болов. Үүний зэрэгцээ алт, зэс, нүүрсний үнэ өндөр байгаа нь Монголын гадаад худалдаанд сайнаар нөлөөлж буй. Энэ бүхнээс шалтгаалан төгрөгийн ханш цаашид чангарах төлөвтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар. Гэтэл яагаад манай мөнгөн дэвсгэртийн ханш өсөхгүй байна вэ? Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд төгрөгийн бусад валюттай харьцах ханш тогтвортой байсныг хүснэгтээс харна уу.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэт чангарч, уул уурхайгаас бусад салбар өрсөлдөх чадвараа алдах нь Голланд өвчний шинж тэмдэг гэдэг. 2010 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 15 хувиар нэмэгдсэнээр дэлхийн хамгийн өндөр өсөлттэй валютаар шалгарч байлаа. Өнгөц харахад сайхан дуулдах энэ мэдээ саарыг дагуулах аюул тун ч өндөр. Голланд өвчнөөс сэргийлэхийн тулд Монголбанк өдрөөс өдөрт дээшээ тэмүүлж буй төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд бүх чадлаа дайчилж буй аж.
2010 онд зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд 180 тэрбум төгрөг буюу 140 сая ам.доллар зарцуулсан тухай Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан Монголын эдийн засгийн форумын үеэр онцолсон юм. Монголбанк долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг бөгөөд сүүлийн үед энэ нь зах зээлд илүүдээд буй ам.долларыг татан авч, төгрөгийн ханшийг тогтворжуулах гол хэрэгсэл болсон нь нууц биш ээ. Манай гадаад валютын нөөц тэнгэрт хадсан нь ч үүнтэй холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлаж буй. Товчхондоо, гадаад валютын ханш буурах нөхцөл бүрдсэн ч эдийн засагт сөрөг үр дагавар бий болгохгүйн тулд Төвбанк төгрөгийн ханшийг бодлоготойгоор “дарж” буй ажээ.