Төгрөг үнэгүйдэнэ гэж үнэн үү?

Төгрөгийн ханш навс унаж, бүр үнэгүйдэх юм гэнэ гэж үнэн үү? 20 дугаар тогтоол давтагдана гээд байна. Ийм яриа сүүлийн үед ам дамжин, олон нийтийн дунд гэрлийн хурдаар тархаж байх шиг. Автобус, таксинд суусан ч, дэлгүүр хоршоогоор үйлчлүүлсэн ч ийн болгоомжлох үг олонтаа сонсогдох боллоо. Цуу яриаг газар авах нь сайн зүйл дагуулахгүй учраас энэ талаар учир мэдэх хүмүүсийн төлөөлөл болох эдийн засагчдаас тодрууллаа.

Ам дамжсан мэдээлэлд эдийн засгаа удирдуулаад байна

Ц.Батсүх /СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор/:

-Төсөвтэй холбоотой ирэх жил цалин, тэтгэврийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх, их хэмжээний бэлэн мөнгө өгөх тухай ярьсан. Энэ нь иргэдийн дунд бэлэн мөнгөний урсгал тодорхой хэмжээгээр ихсэх юм байна гэсэн хүлээлтийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, бодит байдалд бус хүлээлтэд суурилж үнэ өсдөг болсон.
Бизнесийнхэн үнийн зохицуулалтыг төсөв ярих үеэс л хийж, тухайн барааны үнэдээ дасгаж эхэлдэг. Сүүлийн үед энэ үйл хөдлөл нь илүү бодитой болчихсон юм шиг харагдаад байна. Өмнөх жилүүдийн төсөөллөөр сэтгээд, ийм болох нь гэсэн бодол илүү хүчтэй мэдрэгдэх болж. Үүн дээр дөрөөлөөд бизнесийнхэн үнэ хөөрөгдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд бизнесийнхэн нэг талаас буруу мэдээлэл өгөөд байна л даа. Инфляц нэг, хоёр тоогоор хэлбэлзлээ гээд үнэд шууд нөлөөлөхгүй. Харин тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ нэмэгдсэн бол өөр хэрэг.Түүхий эд, бараа материалын үнэ дээшлэхэд өсөөд, үүндээ зардлаа шингээж байгаа бол энэ нь бодитой үнийн өсөлт буюу зардлын инфляц юм. Гэтэл манайд байгаа бүтээгдэхүүн нь бага, хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдээд эрэлтэд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт бага учраас эрэлтээр дамжаад үнэ өсөж байна. Одоогийн бидний тоглолт хийж буй арга нь бол эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлт.

Мэдээлэлд суурилсан хүлээлтээр дамжин эрэлт өсөж, үнэ хөдөлж байна. Өнөөдөр би 15 сая төгрөгийн зээл авлаа гэж бодоход тав, арван жилийн дараа хүүтэйгээ хамт 15 сая төгрөгөө л төлнө шүү дээ. Арван жилийн дараа магадгүй миний цалин гурван сая төгрөгт хүрч өсөх ч юм бил үү гэсэн иймэрхүү хүлээлтээс болоод иргэд маш хүчтэй зээл авах сонирхолтой болж байна. Зээл авах сонирхол нь байрны үнэ өсгөөд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлж мэдэх нь. Тиймээс төрийн түшээд илүү ирээдүйг харж шийдвэр гаргадаг бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөхөд чиглэсэн төсөв батлах хэрэгтэй. Ам дамжсан мэдээллээр эдийн засаг удирдуулаад байна. Дэлхий нийтээрээ хэрэглэгчид бодит зүйлд тулгуурлаж шийдвэр гаргахаасаа илүү мэдээлэл дээр түшиглэж шийдвэр гаргадаг л даа. Хүлээлт гэдэг чинь нийгэмд тарж буй мэдээлэл. Мэдээлэлд үндэслээд шийдвэр гаргачихаад байна. Түүнээс миний бодит цалин өнөөдөр хэд билээ гэдгээ боддоггүй. Юм ховордох нь, барааны үнэ өсөх нь гэсэн хийсвэр мэдээллийг илүүд үзэж байна.
Эдийн засгийг бодитоор удирдах боломж нь мэдээллийг зөв сувгаар түгээх шүү дээ. Тиймээс үүний эсрэг зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага ч зарчимтай байх учиртай. Хамаагүй ярьж байгаа хүнээр хамаагүй яриулаад байж болохгүй. Хүлээлтийн эсрэг тоормоз гишгэх зөв мэдээлэл манайд үгүйлэгдэж байна, өөрөөр хэлбэл цуурхалыг бодит үнэн мэдээллээр нам дарах хэрэгтэй.

Төсвийн сөрөг үр дагавар одооноос харагдаж байхыг үгүйсгэхгүй
Б.Лхагважав /Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын Мөнгөний бодлогын хэлтсийн ахлах эдийн засагч/:

-Ирэх оны төсөв хэт тэлсэн төсөв болох гээд байгааг хэн хүнгүй хэлж, сануулж байна. Мөнгөний үнэ цэнийг бууруулах, инфляц хөөрөгдөх төсвийн сөрөг үр дагавар нь одооноос харагдаад эхэлж байж магадгүй. Төсөв бол тухай улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал, дүр зураг нь байдаг. Төвбанкны зүгээс таамаглалаа танилцуулсан. Хэрэв ийм зарлага ихтэй төсөв баталвал инфляц 17-20 хувьд хүрч өсөж мэдэх нь гэсэн болгоомжлол бий.

УИХ-ын гишүүд ч төсвөө танах, урсгал зардлаа бууруулах арга хэмжээг авахаар хэлэлцэж байх шиг байна. Төсөв бол огцом тэлж байгаа нь үнэн. Үүн дээр нарийн зохицуулалт хийхгүй бол үнэхээр төгрөгийн ханшийг инфляциар дамжуулж унагаах эрсдэл байна. Харин валютын эсрэг төгрөгийн ханш унана гэж бид харахгүй байгаа. Оюутолгой, Тавантолгой гээд уул уурхайн бүтээгдэхүүний эскпорт нэмэгдэхээр төгрөгийн ханш аажимдаа чангарах болов уу. Магадгүй, төгрөгийн ханш унах нь гэсэн яриаг бизнесийн салбарынхан гаргасан ч байж болно. Энэ нь тэдний хувьд бараагаа борлуулах нэг арга байж мэдэх юм.
2008 оны хямралын үед яг ийм зүйлийг иргэд ярьж хэлэх болсныг санаж байна. Мөнгөний ханш унах гэж байна, байрны үнэ өснө гээд. Үүнийг магадгүй тодорхой бизнесийн бүлэглэлүүд тараагаад байж магадгүй. Үүний сөрөг үр дагавар ямар байж болохыг ойлгох хэрэгтэй. Иргэд айгаад, сандраад ирэх юм бол бодит нөхцөл бий болоогүй байхад инфляц өөрөө өөрийгөө тэжээгээд явдаг сөрөг үзэгдэл гардаг.

Төвбанкны тухай хуулинд төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэг нь Монголбанкинд оногдоно гэж заасан байдаг. Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хоёр утгаар ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, төгрөгийн өөрийн худалдан авах чадвар буюу инфляц. Хоёрдугаарт, валютын эсрэг ханш. Худлаа цуурхал газар авснаар иргэд буруу шийдвэр гаргах, энэ нь эдийн засагт олон сөрөг үр дагаварыг дагуулах эрсдэлтэй. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө үүсгэж болох сөрөг нөлөө нь маш их. Орон сууц одоо авсан нь ашигтай юм байна. Он гараад байрны үнэ өснө гэнэ. Иймэрхүү буруу мэдээлэл түгээд байвал үүнийг Тагнуулын ерөнхий газарт мэдэгдэж, эзнийг нь хөөж олох хэрэгтэй. Төсвийг хариуцлагатай ярьсан бол, бэлэн мөнгөний амлалтаа зориг гаргаад больчихсон бол ийм яриа гарахгүй ч байсан юм бил үү.

Төгрөг үнэгүйдэх нь төсвийн зарцуулалттай шууд холбоотой
Ж.Үнэнбат /Компанийн засаглал, хөгжлийн төвийн захирал/:

-Инфляц өндөр байх тусмаа төгрөгийн бодит худалдан авах чадвар мууддаг. Ер нь төгрөгийн ханшийн уналт гэдгийг юу гэж тайлбарлахаас олон зүйл хамаарна. Монголын эдийн засгийн бодит эрэлтээс хэтэрсэн мөнгө зах зээлд нийлүүлээд ирэхээр инфляц нэмэгдэх байх. Иргэдийн амьдралд огцом нөлөөлөх инфляц бол гарахгүй болов уу гэж үзэж байгаа. Инфляцад олон зүйл нөлөөлж байна. Мөнгөний нийлүүлэлт,төсвийн тэлэлт, хүмүүсийн хүлээлтээс болоод инфляц өсөж магадгүй. Гэхдээ хүлээлт нь мөнгөний нийлүүлэлтээр батлагдахгүй бол инфляцад нөлөөлөхгүй шүү дээ. Мөнгө үнэгүйдэх уг суурь нь эдийн засгийг тодорхойлох төсөвтэй холбоотой. Эдийн засаг өснө гэсэн таамгаар төсвийн орлого нэмэгдэж байна. Орлого өсөхийн зэрэгцээ зарцуулалт ч тэлж байна. Энэ нь ирэх сонгуультай ч холбоотой. Улстөрчид зөв шийдвэр гаргах ёстой. Нэмэгдэж буй мөнгөний нийлүүлэлт төсвийн тэлэлтээс хамаарч байгаа. Монголбанкны зүгээс төсвийн тэлэлтийн эсрэг бодлогын хүүгээ нэмж, хувийн секторын зээлжилтийг сааруулах хариу арга хэмжээ авч байна.

Төсвийн тэлэлтээс хамааруулан хувийн секторыг шахан гаргах хандлага харагдаж байна. Гэтэл хэргийн эзэд нь өндөр зарцуулалттай төсөв өргөн барьж, түүнийг баталж буй улстөрчид шүү дээ. Төгрөг үнэгүйдэх үгүй нь төсвийн зарцуулалттай шууд холбоотой. Хэрвээ түшээд илүү ирээдүйг харж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдөхөд чиглэсэн төсөв батлах нь өгөөжтэй.
Манай эдийн засгийн өсөлт бол эрүүл өсөлт биш. Зах зээл байнга эрэлттэй байна гэж байхгүй. Түүхий эдийн үнэ ч тогтвортой байх нь эргэлзээтэй. Мөчлөгийн эсрэг хийх гол удирдлага нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Эдийн засгийн өсөлттэй уялдуулж, төсвийн зарлагыг тодорхойлох нь зүйтэй. Гэтэл өсөлтөөс давсан орлого төсөвт ороод ирэхээр тодорхой хэсгийг хадгалах хуримтлах, атал илүү зарцуулалт явуулж байгаа нь илүү эрсдэлтэй алхмыг өөрсдөө бий болгож байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гадаад орчин өөрчлөгдсөн тохиолдолд хямрал руу түлхэнэ. Монголын төсвийн орлого, эдийн засгийн өсөлт, алдагдал, өрийн хэмжээг дэлхийн зах зээлийн шинжээчид харж байгаа. Одоогийн гаргаж буй шийдвэр нь ирээдүйд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж чадахгүй байдал үүсвэл манайд итгэх үнэлгээ буурна. Гадаад зах зээлийн хэрэгсэлд ч сөргөөр нөлөөлж мэднэ.

Төгрөгийн ханш унана гэсэн болгоомжлол бэлэн мөнгөний хүлээлттэй холбоотой болов уу
Л.Оюун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш/:

-Ханш унана гэсэн болгоомжлол нь өндөр инфляц, бэлэн мөнгөний хүлээттэй холбоотой болов уу. Борлуулахаар бэлэн болсон бараа бүтээгдэхүүний үнэ, хэмжээтэй нь тэнцүүлж зах зээлд мөнгө нийлүүлж байх ёстой. Ерөнхийдөө манайд мөнгөний худалдан авах чадвар муудаж байгаа нь үнэн. Ямар тохиолдолд мөнгөний ханш унах вэ гэхээр гүйлгээнд буй мөнгө бараа үйлчилгээний эсрэг зогсож буй мөнгөнөөс даваад ирэхээр инфляц өсдөг. 2012 онд төрийн албан хаагчдын цалинг 53 хувиар нэмэх, ахмадуудад нэг сая төгрөг тараах, гадаадын хөрөнгө оруулалт ч уул уурхайн салбарт шууд болон шууд бусаар өсөх хандлагатай байна. Эдийн засагт орох мөнгөний хэмжээ нэмэгдээд ирэхээр нэгж мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар муудаж, тэр хэмжээгээр инфляц нэмэгдэнэ гэж үздэг. Мөнгөний ханш унах, инфляц өсөх нь нэг зоосны хоёр тал. Хэт юм уу, цогио инфляц үүсвэл ард түмний амьдрал, эдийн засагт хохиролтой. Жишээ нь 100 төгрөгтэй байтал инфляц 30 хувьд хүрчихвэл өнөөх 100 төгрөг нь 70 төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. 30 төгрөгийг нь инфляц идчихсэн гэсэн үг . Тийм учраас эдийн засагт цогио болон хэт инфляц хор уршигтай. Мөнгөний нийлүүлэлтийг худалдаж авах барааны үнэ, тоотой хамааруулж нийлүүлж байх ёстой. Ийм тохиолдолд эдийн засагт инфляц үүсэхгүй. Үүнээс үүдээд төгрөгийн ханш ч унахгүй байх боломжтой.

Төгрөгийн ханшийг хадгалахын тулд бэлэн мөнгийг гүйлгээнд гаргахгүй байх шаардлагатай. Цаашдаа бэлэн бус төлбөр тооцоог нэвтрүүлж, тоног төхөөрөмжийг суурилуулах хэрэгтэй. Бэлэн бус төлбөр тооцооны аргад шилжих нь зүйтэй. Манай сургуулийн цайны газарт л гэхэд оюутнууд бүгд л бэлэн мөнгөөр тооцоо хийж байна. Их мөнгөний эсрэг талд зогсох үндэсний үйлдвэрлэл манайд алга. Монголын эдийн засгийн хямралыг нийлүүлэлтээс үүдсэн гэдэг. Нийлүүлэлтийг өсгөх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэл бол эдийн засгийн тогтворгүй байдлаас гарах нэг арга зам.