Төмөр замын суурь бүтэц барих концессын эрхийг олголоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмөр замын суурь бүтэц барих концессын эрхийг олгохоор шийдвэрлэлээ. Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн дэмжжээ. Төмөр замын суурь бүтэц барих концесст төрийн оролцоо, хяналтыг хангах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг оролцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна. Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэжээ.