Төмөр замын шинэ бодлого

Дэлхийн төмөр замын хөгжил хурд руу явж байна. Байгаль орчинд ээлтэй ногоон төмөр зам болохын төлөө үйл ажиллагаа, бодлогоо чиглүүлж байна. Бензин шатахуунаар ажилладаг машин тэрэгний утаа униар, түгжрэл нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж, байгаль орчныг бохирдуулах гол үндэс болж байгаа учраас бусад улс орон төмөр замын сүлжээг хот хооронд бус хот дотроо, өөрөөр хэлбэл хот, дүүргийн хооронд байгуулж эхэллээ. Нэг замтай, бага оврын дээгүүр, доогуур, дүүжин төрлийн төмөр замыг барьж байна. Мөн дэлхийн төмөр замын бодлого үр ашигтай ажиллах талд анхаарч, үүний тулд төмөр замыг цахилгаанжуулах, даацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаад хэдийнэ эхэлжээ.

Манай төмөр замын салбарын шинэ бодлого юу байна вэ?


Төмөр замын суурь бүтэц, байгууламжийг төр өөрийн мэдэлдээ үлдээж, зам дээгүүр явах вагон, ачаа тээш, тээврийн үйл ажиллагааг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх зарчмыг баримтлах бодлого тодорхой болсон. Монголын төмөр замын салбарын ойрын ирээдүйг Төмөр замын газрын дэд дарга Л.Пүрэвбаатар нэгдүгээрт, уул уурхай дагаж, хоёрдугаарт, сүлжээний зарчмаар, гуравдугаарт, төрийн зохицуулалтаар хөгжинө гэж тодорхойлсон юм.

Бусад улс орон төмөр замаа хот суурин газраар дайруулж тавьдаг бол манай орны онцлогоос шалтгаалан хаана уул уурхай, орд газар байна тэнд зам тавих бодлоготой. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нь хүргэхийн тулд эзгүй хээр, элсэн цөл, хүнгүй газраар ч явуулна гэсэн үг. Тиймээс энэ салбарынхан газар доорх баялгаараа гадна, дотныхны сонирхлыг татаад байгаа Өмнийн говь руу хараагаа чиглүүлж, шинэ төмөр замын трассаа Тавантолгой-Сайншанд-Чойбалсан" чиглэлд барихаар баталлаа. Ер нь төрөөс нийтдээ 5800 км урт төмөр зам барих бөгөөд эхний ээлжинд 1100 км-ыг нь ойрын 2-3 жилд барьж ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.Тус замын царигийн өргөнийг 1520 мм гэсэн Оросын төмөр замын царигтай адил хэмжээгээр барих ч төмөр зам өндөр хөгжсөн улс орны хөгжил дэвшил, туршлагыг нэвтрүүлж, монгол ажилтнууд гүйцэтгэлийг хийх юм. Концессын хуульд зааснаар шинээр баригдах төмөр замыг "Монголын төмөр зам компани"-д гүйцэтгэх эрхийг өгсөн бөгөөд шаардлагатай санхүүжилтыг Монголын Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор шийдсэн ч энэ банкны үйл ажиллагаа одоохондоо эхлээгүй байгаа юм. Нэг км төмөр зам 2,5 сая ам.доллараар босдог гэвэл 1100 км-ыг барихад 2-3 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдах нь. Шинэ төмөр замыг 2011 оны хоёрдугаар хагасаас барьж эхлэх бөгөөд хөрөнгө оруулалт болон техник технологийн үндэслэлээс хамаарч, хоёр жилд барьж дуусгана гэсэн зорилттой байна. Одоогоор шинэ төмөр замын ажилд оролцох “Монголын төмөр зам” ТӨХК-иас өөр компанийн нэр дуулдаагүй. Гэхдээ Тавантолгойн тендерт ялах компани л төмөр зам барих ажилд оролцох магадлал өндөр байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Харин ялсан компани нь шаардлагатай хөрөнгийг өөрсдөөсөө гаргаж, төмөр зам барих шаардлагыг хангасан байх ёстой аж.

Цөлжилтөд эрчимтэй өртөөд буй говийн бүс нутгаар олон зуун км төмөр зам барьснаар байгаль орчинд хэр нөлөө үзүүлэх талаар Л.Пүрэвбаатар даргаас сонирхоход “Хэвтээ тэнхлэгийн замыг говийн бүсэд барьж, зам дагуу ногоон хэрэм болгох алсын санаа бий” гэв. Төмөр замын давуу тал нь замаа нэг л бариад авбал тогтвортой хөгжлийг бий болгодог учраас зам дагуу мод ургамал тарих, ногоон байгууламж байгуулах боломжтой байдаг. Энэ утгаар бусад улс оронд төмөр замыг байгаль орчинд ээлтэй гэж үздэг юм байна.

Төмөр замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх нь чухал асуудал. Манай хөрш орнуудын төмөр зам нь нэлээд хурдацтай хөгжиж байгаа. Харин их гүрнүүдийн төмөр замын сүлжээгээр хоорондоо холбогдох тэр нөхцөлийг нь манайх бүрдүүлэхгүй байгаа талаар гомдоллодог бололтой. Орос, Хятадын төмөр зам манай улсын урд, хойд хил хүртэл тулаад ирсэн ч Монголын хөгжил дорой байдал ихээхэн тээг болж байгаа тухай хөршүүдээс санал шүүмжлэл багагүй сонсдог. Тиймээс энэ хоёр гүрэн дамжин өнгөрөх тээврийг ихэд сонирхдоггүй гэж мэргэжлийн хүмүүс ярилаа. Гэхдээ сүүлийн үед Орос ах нар Монголын төмөр замын хөгжлийг нэлээд сонирхож хандах болсныг уул уурхайн баялагтай холбож тайлбарлаж болох.Том гүрнүүдийн геополитикийн бодлогоор хойд хөрш 1520 мм-ийн царигаар Монгол Улстай төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодолтой байдаг бол урд хөрш 1435 мм-ийн царигаар холбогдох сонирхлоор гэрээ хэлэлцээрээ явуулдаг. Хадны дунд хавчуулагдсан хадны мангаа хөөрхий гэдэг шиг манай улс хоёр өөр цариг, хоёр сүлжээтэй байх боломжгүй тул одоогийн буй сүлжээ буюу нэг сүлжээ нэг цариг гэсэн чиг баримтлахаар болсон билээ.
УБТЗ-ын шинэ бодлого

Монгол-Оросын 50 хувийн хөрөнгө оруулалттай УБТЗ шинэхэн удирдлагатай болсон байгаа. Шинэ дарга нь шинэчлэх төлөвлөгөө боловсруулжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агенитлаг Төмөр замын газраас ч УБТЗ-ыг шинэчлэхэд анхаарч ажиллах нь. Социализмын үеийн Монгол-Оросын хэлэлцээрээр явж ирсэн тус байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын одоогийн хууль дүрмэнд нийцүүлэн ажиллуулах, татвар төлдөг болгох, 50-иас дээш хувийн оролцоотой компани аливаа техник хэрэгслийг худалдаж авахдаа тендер зарладаг дүрмийг ч мөрдүүлэхэд хяналт тавьж ажиллах нь. Аюулгүй ажиллагаагаар дарамталж айлгадаг байдлыг зогсоож, хууль дүрмэнд нийцүүлэн төмөр замын үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, дотоодод үйлчилдэг дүрэм журмыг гадна талд дагаж мөрдөхийг шахдаг байдлаас татгалзах зэргээр томоохон шинэчлэл хийхээр судалгаа хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэд төмөр замынхнаас гуйж гувшиж үйлчлүүлэх биш, УБТЗ-ынхан иргэдээс үйлчлүүлэхийг гуйх юм байна. Өнөөдөртөө сонин сонсогдож магад ч нь ойрын 10 жилд хийж, хэрэгжүүлж, хэвшүүлэх зорилт. Мөн галт тэрэгний тасалбарыг вокзал дээр заавал очиж дугаарлаж, уурлан бухимдаж авахгүйгээр интернэтээр, эсвэл гэрийнхээ ойролцоох төмөр замын тасалбарын цэгүүдээр үйлчлүүлэх хугацаа тун удахгүй ирэх нь.

Түүнчлэн хагас цэргийн байдалтай гэсэн нэрээс татгалзаж, энэ нэрийг зөвхөн сахилга бат талдаа ашиглах. “Дайны” байдлаас үйлчилгээний, хагас цэргийн байдлаас иргэний байгууллага болгох зорилтыг амьдралд буулгахад холбогдох байгууллагуудаас хяналт тавьж ажиллана. Монголын төмөр замынхны хувьд өнгөрсөн 10 жилд зах зээлийн хатуу ширүүнтэй дасах зохицох, “амьд үлдэх” он жилүүд байсан бол ирэх 10 жилд үйлчилгээгээ сайжруулах шинэчлэлийн жилүүд байна гэдэгтээ итгэлтэй байна.

“Төмөр замын тээврийн байгууллагууд байгаль орчны бодлого явуулдаггүй гэсэн шүүмжлэлийг хүлээн авч, дуу шуугианаа багасгах, цэвэр цэмцгэр байх, чанартай материал түүхий эд худалдан авах, био 00 хэрэглэх, замын өртөө, зурвасын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон төгөл болгоход анхаарч, мод ургамал тарьж ажиллах цаг болсон” гэж Л.Пүрэвбаатар дарга төмөр замын шинэ бодлогыг тайлбарласан юм.