Төмөр замын үүсэл

Та бүхэндээ цувралаар дэлхийн төмөр замын түүх болоод, орчин үеийн төмөр замын чиг хандлага Монголын төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаар мэдээллийг тогтмол хүргэж байхаар боллоо. Энэ удаад төмөр замын үүсэл, түүхийн талаар өгүүлэх юм.

МЭӨ 600-гаад оны үед эртний Грек, Мальт, Ромд чулуун зам дээгүүр ачааг амьтнаар чирүүлж зөөдөг байжээ. Дэлхийн төмөр замын анхны загвар болох Диолкос хэмээн нэрлэгддэг чулуугаар зассан замыг (rutway) эртний Грект Коринтын Истмусын буланд барьсан аж. Энэ барьсан төмөр замаараа усан онгоцыг хуурай газраар зөөж тээвэрлэдэг байв. Энэхүү зам нь 6-8,5 км-ийн урттай баригдсан бөгөөд, 650-иад жил ашиглагдсан байна. Диолкосыг МЭ I зууны дунд үе хүртэл ашигласан мэдээ түүхэнд үлдсэн ч, энэ зам хэрэн устаж үгүй болсон талаарх мэдээ нь өдгөө бидний үед хадгалагдан ирсэн бичгийн сурвалжид тодорхой үлдсэнгүй.

Төмөр зам төрхөө олсон нь

Төмөр замын үүсэл, хөгжил нь уул уурхайн салбартай салшгүй холбоотой явж ирсэн. 1550 он буюу XVI зууны дунд үед гараар хөдөлгөдөг “hunds” хэмээх хоолойг Германы мужуудад өргөнөөр ашиглагддаг байв. Тэр төмөр зам нь XV зуунаас өмнө зохиогдсон байж болзошгүй хэмээн түүхэнд үздэг. Учир нь, Hunds хэмээх хоолойны загварыг өнөөгийн Герман улсад ч харж болохоор юм. Энэхүү технологио Германы уурхайчид 1568 оны үед Их Британид нэвтрүүлж, Английн эзэн хааны эзэмшлийн уурхайд ажиллаж байхдаа ашиглаж байсан баримтууд олдсон байна.
Английн зүүн дунд хэсэгт Уоллатоны вагон/Wollaton Wagonway/ зам хэмээх гурван км орчим урттай тэрэгний замыг 1603 оны аравдугаар сараас 1604 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд газар эзэмшигч Уоллатон цайзын эзэн Сэр Персивол, Уилоуфбай нар хамтран барьсан байна. Энэхүү замаа газрын гадарга дээрх анхны төмөр зам хэмээн нэрийджээ. Энэ замаар Стреллигийн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Английн Нотинхамширын баруун талд орших Уоллатон (Wollaton)-д хүртэл зөөвөрлөдөг байжээ. Мөн 1605 онд Брозли (Broseley) ба Шропшир (Shropshire)-ын хооронд шинэ вагон замыг барьж уурхайгаас нүүрс тээвэрлэдэг байв. Үүний дараагаар тэрэгний замууд Английн зүүн хойд хэсэгт ихээр баригдаж эхэлжээ.

Дэлхийн анхны 3 миль орчим урттай төмөр замыг 1798 онд “Нуур дагуух төмөр зам” /Lake Lock Rail Road/ хэмээх компани барьсан байна. Шинээр байгуулагдсан энэ төмөр замаар Английн баруун Йоркширийн Аутвүүдээс Айрэ болон Колдер руу нүүрс зөөдөг байв. 1796 онд энэхүү компанийг 128 ширхэг хувьцаагаар байгуулж байсан бөгөөд эдгээр хувьцааг хуульч, банкны эзэн, эмч, санваартан, худалдаачид зэрэг олон хүн эзэмшдэг байжээ. Эхэн үедээ гурван тэрэг ачааг нэг мориор 1,43 хувь налуу уруу, 1035 мм-ийн өргөн царигтай замаар зөөдөг байсан бол 1807 он гэхэд жилдээ 110000 тонн ачаа тээвэрлэдэг болсон байна. Тодорхой шалтгааны улмаас 1819 онд 81000 тонн, 1823 онд 76000 тонн болтлоо буурсаар байв. Энэ замын хувьцааны дийлэнх хувийг эзэмшигч Жи энд Жи Чарльворд шинэ зам барьснаар 1836 онд бүрмөсөн хаагджээ.
Төмөр зам нь өрнөдийн аж үйлдвэрийн хувьсгалд нэхмэлийн машины дараа орох томоохон үр нөлөөг үзүүлсэн бөгөөд ашигт малтмал болон үйлдвэрийн бусад түүхий эд, барилгын хийцийг их хэмжээгээр зөөвөрлөх болсноор хүнд үйлдвэр үүсэх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн юм.


Эх сурвалж: “Монголын төмөр зам” ТӨК