Төрийн ивээлд багтсан оюутнууд хаана явна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралд Сургалтын төрийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гадаадад суралцагчдын зээл, түүний эргэн төлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.

Сургалтын төрийн сангийн зорилго нь тус сангийн дүрэмд заасанчлан дээд боловсролыг санхүүжүүлэх, их, дээд сургуульд суралцагчдад зохих журмын дагуу тэтгэлэг, зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулдаг байна.

Сайдын мэдээлэлд дурдагдсанаар, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцах гэрээ байгуулж, зээл авсан нийт 1513 хүнээс 664 хүн сургуулиа төгсөн эх орондоо ирж, Сургалтын төрийн санд бүртгүүлжээ. Үүнээс 436 нь эх орондоо эргэж ирээгүй буюу төгсөж ирээд бүртгүүлээгүй, 15 хүн сургуулиа төгсөж чадаагүй байна. Одоогоор 413 хүн гадаадад суралцаж байгаа аж.

Түүнчлэн төгсөх хугацаа нь дуусгавар болсон ч Сургалтын төрийн санд бүртгүүлээгүй 436 хүний 244 хүн нь 2003 оноос өмнө явсан бөгөөд зээлийн барьцаагүй байгаа аж. Харин 192 хүн нь 2003 оноос хойш буюу зээлийн барьцаатай иргэд байгаа аж. Эх орондоо эргэж ирээд Сургалтын төрийн санд бүртгүүлсэн, гэхдээ зээлийн гэрээ нь дуусгавар болоогүй 479 төгсөгчийн 332 нь төрийн байгууллагад, 112 нь хувийн хэвшилд ажиллаж жил бүр тайлангаа өгч тус сантай байнгын холбоотой байдаг бол 35 хүн одоогоор ажилгүй гэсэн бүртгэлтэй байгаа гэлээ.

Гадаадын их, дээд сургуульд 2008-2012 онд 525 хүн Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцсан бөгөөд Сургалтын төрийн сангаас тэдний сургалтын төлбөр, амжиргааны зардалд зориулж 2008, 2009 онд тус бүр 2.9 тэрбум төгрөг, 2010 онд 3.9 тэрбум төгрөг, 2011 онд 2.7 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн авлага нийт 40.7 тэрбум төгрөг байгаа аж. Үүний 60 орчим хувь буюу 30.3 тэрбум төгрөг нь өндөр хөгжилтэй оронд суралцагчдад олгосон зээл, 10.4 тэрбум төгрөг нь зээлийн хүүгийн авлага байна.