Төрийн шагналт Б.Шаравын нэрэмжит уралдаан болно

БСШУЯ, Соёл урлагийн хороо, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филормони, СУИС зэрэг урлагийн байгууллагууд хамтран Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн залуу дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Соёл урлагийн хорооны Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн А.Алтанцэцэгээс тодруулахад “Монголын хөгжмийн зохиолчдын ноён оргилын нэг Б.Шаравын шавь нар, хайрлаж, хүндэтгэж явдаг хүмүүс, БСШУЯ болон бусад мэргэжлийн байгууллага хамтран багшийнхаа, хайртай уран бүтээлчийнхээ алдрыг мөнхжүүлэх, шинэ залуу уран бүтээлчийг тодруулах зорилгоор ардын дуу, хөгжмийн олон улсын анхдугаар уралдааныг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулахаар тов гаргасан. Бүртгэлийн хугацаа ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл Хөгжим бүжгийн коллеж дээр явагдана. Уралдааныг арваннэгдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Шагналын сан 33 сая төгрөг. Уралдааны шилдгийн шилдэг уран бүтээлч, авъяастан 5000 ам.долларын урамшуулалтай” гэлээ.