Төсвийн алдагдал хоёр хувь

Энэ оны төсөвт нэгдүгээр сард багтаан тодотгол хийх хуультай. Тиймээс Засгийн газраас тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хэдийгээр өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлт 24, иргэдийн хадгаламж 30 хувиар өссөн нь эерэг үзүүлэлт ч зээлийн үлдэгдэл 54 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтээс давсан хадгаламж, түүнээс давсан зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь бизнес эрхлэгчдэд таатай биш байсныг илтгэж буй гэсэн.

Үүнийг эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “2013 онд улсын төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасалдсан. Энэ маш өндөр үзүүлэлт. Үүнд валютын ханш, үнийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Харин энэ оны төсөв хоёр хувийн алдагдалтай байна. Ингэснээр ямар нэг эрсдэл гарахгүй” гэж тайлбарласан юм.