Төсвийн зарцуулалтад Дулмаа анхаарна

Хөлс хүчээ шингээж олсон нэг төгрөг ч гэсэн үнэ цэнэтэй санагддаг.Тэгвэл хүн бүр хөлс хүчээ дуслуулан олсон тэрхүү орлого бүрээсээ тодорхой хэмжээгээр татварт суутгуулж байдаг. Харамсалтай нь манай монголчуудын хувьд миний орлогоос авч байгаа энэ мөнгө хэнд хэрэгтэй вэ, үр дүн нь юу байх вэ гэдгийг нарийн бодож тунгаадаггүй. Нэг үгээр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж буй улсын төсвийн зарцуулалт зөв, буруу явах нь иргэн Доржид нэг их хамаатай зүйл биш санагдаж, харин ч эсрэгээрээ улс мөнгөө яаж зарцуулах нь надад падлийгүй гэсэн бодол тээн явах нь бий. Гэтэл “Татвар бол соёл иргэншлийн төлөө өгч буй бидний төлбөр юм” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг тухай эдийн засагч Д.Жаргалсайханы хэлснийг ишлэе. Аж ахуйн нэгж, малчин, эмч, цагдаа гээд хүн бүхэн л ямар нэг хэмжээгээр төрд татвараа төлж байдаг. Энэ нь эргээд иргэдийн ая тухтай, эдийн засаг, эрүүл мэнд, эрх чөлөөний хувьд аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэж энгийнээр хэлж болно.

Төсвийн мөнгө байр, сургалтын зардал болж байна

Төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоо чухал гэдгийг гуравдугаар сарын 5-6-нд Төрийн ордонд болох Монголын эдийн засгийн чуулганаар тусгайлан хэлэлцэх юм. Тус чуулганыг угтаж “Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр төсвийн зарцуулалтад иргэдийн хяналт, оролцоо чухал байгааг хуралд оролцогч албаны болон иргэний нийгмийн байгууллагын хүмүүс баримт жишээгээр хэлж байлаа. Тухайлбал, Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь “Улсын төсвөөс өнөөдөр хэн нэгэн төрийн албан хаагч аав, ээж, аль эсвэл үр хүүхдэдээ гурван өрөө байр ч өгсөн байсан. Түүнчлэн БОАЖЯ-ны нэг мэргэжилтэн гэхэд л төсвийн мөнгөөр гадаадад дөрвөн удаа магистрын сургалтад сурсан байх жишээтэй. Өнөөдөр манай төсвийн хяналт, зарцуулалт иймэрхүү л яваа” гэв. Төсвийн ил тод байдлын чиглэлээр сүүлийн арваад жил дагнан судалгаа шинжилгээ хийн ажиллаж байгаа тэрбээр төсвийн зарцуулалтад иргэдийн хяналт, оролцоог бий болгох чиглэлээр хэлэх ярих зүйл бишгүйтэй нь анзаарагдсан. Мөн “Улстөрчид иргэдээ төлөөлөх биш, өөрсдийгөө хоохойлох зорилгоор төсвийн мөнгийг зарцуулж байна. Түүнчлэн төсвийн мөнгөөр юунд хөрөнгө оруулалт хийхээ л ярьдгаас үүнийг хийснээр ямар дүн гарах тухайгаа тодорхойлж хэлдэггүй” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан онцолсон. Дээр нь аж ахуйн нэгжийн татварыг ашгаас нь биш орлогоос нь авдаг буруу систем байсаар байгааг тэрбээр сануулав.

“Онч Аудит” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ончинсүрэн “Иргэн бүр л төсвийн зарцуулалтад хяналт тавьж, өөрийнхөө эрхийг эдэлж байх ёстой. Тэгж байж баталгаатай ирээдүйг өөрөө бүтээж чадна” гэдгийг дурдсан. Нөгөө талаас төсвийн зарлагыг хянаж байдаг төрийн аудит болон төсвийн зарлагын Дэд хороо ажлаа ёс төдий хийж, үүргээ огтхон ч биелүүлэхгүй байгааг ч тэрбээр хэлсэн. Харин хууль тогтоогч, хэрэгжүүлэгч УИХ, Сангийн яамны төлөөлөл төсвийн зарцуулалт тал дээр арай өөр байр суурьтай байв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйг сайжруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийгдсэн гэдгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт онцоллоо. Түүний хэлснээр Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмыг нь баталсан нь эерэг үр дүнг авчирна гэж үзэж байгаа аж.

Тэгвэл “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч Д.Цэрэндорж “Шинээр гарч буй хууль тогтоомж, дүрэм журам ерөнхийгөөс тодорхой чиглэлд явж байгаа ч аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтнууд хуулиа тэр бүр мөрдөхгүй. Төсвийн мөнгийг үргүй зарцуулсан алдаа дутагдал гарсан ч хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа тухай сөргүүлэн хариулсан. Тэрбээр төр, засгийн байгууллагынхан хурал дээр төсөв мөнгө хүрэлцэхгүй хэцүү байна гэж зовлон тоочдог хэрнээ өөрсдийнхөө ая тухтай ажиллаж, амьдрах нөх­цөлийг бүрдүүлэх болохоороо хаанаа­саа гаргаад ирдэг байна аа гэж гайхахаар хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Би зураг хөрөгтэй нь жишээ татъя. Баянзүрх дүүргийн төр, захиргааны ордон, Нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордон гээд сүрлэг барилгууд баригдсан. Одоо нийслэлийн Сүхбаатар дүүргийн төр, захиргааны байр, Хан-Уул дүүргийн төрийн үйлчилгээний байр гэж бас том барилгууд баригдаж байна. Сүүлийн хоёр, гуравхан жилийн дотор сүндэрлэсэн төрийн барилгуудаас жишээ татахад энэ. Эндээс төрийн хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийн хэрэгтэй гэсэн зүйлд гар татахгүй зарцуулаад, иргэдэд хэрэгтэй зүйлд тэр бүр зарцуулахгүй байгаа нь харагдаж буй хэрэг юм” гэж хатуухан шүүмжилсэн юм.

Тойргийн мөнгө ба төсвийн тодотгол

Монгол Улс хөрөнгө мөнгөтэй болж, төсвийн хэтэвч зузаарахын хэрээр сайн засаглалын асуудал суларч байгааг ч олон хүн хэлсэн. “Олон улсын төсвийн түншлэл” хэмээх байгууллагаас Монголын Засгийн газар төсвөө хэр ил тод нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэж байгааг судлахад 2008 онд 36 хувьтай гарсан бол 2010 онд 60 хувь болж дээшилжээ. Энэ уг нь сайхан мэдээ ч бодит хөрсөн дээрээ буюу хуулийн хэрэгжилт, гүйцэтгэл тийм ч хангалттай биш байгааг Нээлттэй нийгэм форумаас гаргасан судалгаа эсрэгцүүлэн баталж байна. Тус байгууллагын судалгаа хөдөө, орон нутгийн төсвийн ил тод байдал дунд­жаар 34 хувьтай байгааг тогтоожээ. Энэ нь төсвийн зарцуулалтад иргэдийн хяналт, оролцоо хангалтгүй байгаагийн тод илрэл. Дээр нь олохынхоо хэрээр үрэлгэн загнадаг зан ч манай төсөвт ажиглагдаж байна.

“УИХ, Засгийн газрын гишүүдэд тойргийн мөнгө бий болсноос хойш хариуцлага нь эрс муудсан. Ойр, ойрхон төсвийн тодотгол хийдэг байдал үүнийг баталж байгаа юм. УИХ, Засгийн газар цаашлаад хөдөө, орон нутгийн эрх баригч, төлөөлөгчид гэх мэт төсвийг баталж, боловсруулахад оролцдог хүмүүс хоорондоо наймалцдагаас сөрөг нөлөө их байна” гэдгийг Н.Дорждарь шүүмжилсэн. Мөн энэ жилээс улсдаа өрийн хязгаар тогтоож өгсөн нь ч хувийн салбарынхны өрийн хэмжээг анзаарахгүй байгаа нь их эрсдэлийг ч дагуулах магадлалтай гэдгийг тэрбээр мөн онцлов. Учир нь, хэрэв эдгээр улсын томоохон компаниуд дампуурахад хүрвэл өрөө төлж чадахгүйд хүрч, төсвийн мөнгө рүү орохдоо тулдаг аж.

Эдийн засгийн чуулганд зориулж, нийт монголчуудад хэрэгтэй нэгэн чухал сэдвээр шийдэл эрэлхийлж, ийн урьдчилан хэлэлцсэн салбар салбарын төлөөллийн сайхан саналууд басхүү ширүүхэн шүүмжлэлүүдийн үр дүн гарна байх гэж найдъя. Ямартай ч иргэд төрөл бүрийн татвар хэлбэрээр төрд төлж буй мөнгийг хэр үр дүнтэй зүйлд зарцуулж байна вэ, үүнд хөрөнгө оруулалт хийснээр иргэн Дулмаа миний амьдралын чанарт өөрчлөлт орж, сайжрах болов уу гэж дүгнэж цэгнэдэг болох хэрэгтэйг дээрх мэргэжилтнүүдийн үг үзэл бодол илэрхийлнэ. Ингэхийн тулд юун түрүүнд иргэдийн саналыг төсөвт урьдчилан тусгах боломж бололцоо хууль эрх зүйн орчныг илүү нарийвчлан бүрдүүлэх нөгөө талаас тэдний оролцоог шат шатанд нэмэгдүүлэхэд анхаарч, ойлгуулах хэрэгтэйг “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл хэлэв. Түүнчлэн Төсвийн ил тод байдлын цахим хуудсанд байршуулсан мэдээлэл иргэдэд ойлгомжгүй, хэтэрхий мэргэжлийн байгаа тул хялбаршуулах ажлаа Сангийн яам яаравчуулах хэрэгтэй ч олон хүн санууллаа. Дээр нь хууль, эрх зүйн хүрээнд төсвийг ил тод, олон нийтэд нээлттэй болгох боломжийг бүрдүүлэх гэж оролдсон ч иргэд, татвар төлөгчид, хуулийг хэрэгжүүлэгчид хаа хаанаа тэр бүр биелүүлэхгүй назгайрсан байдалтай байгаа талаар ч санал, шүүмжлэлүүд гарсан. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд идэвх, санаачилгатай иргэдтэй хамтран хууль, дүрмийнх нь дагуу биелэлтийг нь шахаж, шаардаж, үр дүнг нь нэхэж байх хэрэгтэй гэдэгт хуралд оролцогчид эцэст нь санал нэгдсэн юм.