Төсөв уншихад хялбар боллоо

Сангийн яамны “Төсвийн ил тод байдал” цахим хуудаснаас нэгдсэн төсвийн задаргаа, орон нутгийн төсвийн гүйцэтгэл, төсвийн орлого зэрэг төсөвтэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос ойлгомжтой, хялбар авч болохоор болсныг Сангийн сайд С.Баярцогт онцлов. Өмнө нь төсвийн тухай мэдээ, мэдээлэл хомсхон байсныг хамтарсан Засгийн газрын сүүлчийн хуралдаанаар ийн эцэслэн шийджээ. Нэг үгээр хэлбэл төсөв иргэдэд нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болж байгаа хэрэг. www.iltod.gov.mn цахим хуудсанд /tusuv/ хэмээх дэд хэсэгт байршуулж байгаа нь тухайн яам, төрийн байгууллагын төсөв, үйл ажиллагааны зардал, орлого нээлттэй байхыг ийн хуульчилсан тогтоолыг өнөөдрөөс мөрдөхөөр боллоо. Одоогоор цахим хуудасны дэд хэсэг болох төсөвт 1500 байгууллагын төсвийг байрлуулсан бөгөөд цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 5000 байгууллагын төсвийг байрлуулахаар болжээ. Сангийн сайд “Төсөв ил тод байх нь сайн засаглалын үндэс” хэмээн тэмдэглээд төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах, хянах аль ч түвшинд иргэний оролцоо нээлттэй гэв.

Манай орны хувьд төсвийн ил тод байдлаараа Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай нэгэн адил хомс байжээ. Харин өнөөгийн өөрчлөлт нь шинэ түвшинд хүргэх аж. Дэлхийн банкны Монголыг хариуцсан менежер Корали Геверс, “Иргэд төсвөө хянана” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Цэрэнжав нар төсвийн ил тод байдлыг сайшааж байв.