Төсөв 579 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 10 сард 3942.5 тэрбум төгрөг, зарлага ба эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4521.5 тэрбум төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцэл 579 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Нэгдсэн төсвийн урсгал орлого энэ оны эхний 10 сард 3904.8 тэрбум төгрөг, урсгал зардал 3423.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 481.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 466.9 тэрбум төгрөг буюу 15.4 хувиар нэмэгдэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 166.5 тэрбум төгрөг буюу 45.5 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 160 тэрбум төгрөг буюу 13.7 хувь, бусад татварын орлого 92 тэрбум төгрөг буюу 17.1 хувь, орлогын албан татварын орлого 42.1 тэрбум төгрөг буюу 6.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 43.6 тэрбум төгрөг буюу 12 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 2.9 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч газрын тосны орлого 20.2 тэрбум төгрөг буюу 41.9 хувь, хүү, торгуулийн орлого 12.2 тэрбум төгрөг, бусад нэр заагдаагүй орлого 10 тэрбум төгрөг буюу 26.9 хувь, навигацын орлого 2.1 тэрбум төгрөг буюу зургаан хувь, төсөвт газрын өөрийн орлого 1.2 тэрбум төгрөг буюу 0.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ оны улсын нэгдсэн төсвийн зарлага болон эргэн төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ эхний 10 сарын байдлаар 4521.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1236.9 тэрбум төгрөг буюу 37.7 хувиар нэмэгджээ. Эргэж төлөгдөх цэвэр зээл 206.5 тэрбум төгрөг буюу 83.4 хувиар буурсан ч хөрөнгийн зардал 505.2 тэрбум төгрөг буюу 91.5 хувь, бараа, үйлчилгээний зардал 475.4 тэрбум төгрөг буюу 43 хувь, татаас ба шилжүүлэгийн зардал 398.9 тэрбум төгрөг буюу 29.6 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 64 тэрбум төгрөг буюу гурав дахин өссөн нь нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд энэ оны эхний 10 сард 1057.4 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 505.2 тэрбум төгрөг буюу 91.5 хувиар нэмэгджээ. Энэ нь дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 490.1 тэрбум төгрөг буюу 96.2 хувь, гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 15 тэрбум төгрөг буюу 35.4 хувиар өссөнтэй холбоотой аж.