Төсөл төсөв болохын өмнө

Монгол Улсын Сангийн яам ээлжит төсвийн төслөө УИХ-д өргөн барилаа. Жил бүр ийн давтагдах төсвийн төсөл жинхэнэ төсөв болохын өмнө нь нэг зүйлийг дахин сануулах гэсэн юм. Орлогоо хэт өндөр тооцсон өнөө жилийн төсвийн алдаанаас ирэх оны төсөв сургамж авсан эсэхийг Сангийн сайд л хэлэх байх. Хазаарлаж болох зарлагыг хэрхэн танасныг Засгийн газрын тэргүүн мэдэгдэх биз ээ. Хамгийн гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мартаж үл болно. Төсвийн “туг” хуулийн зүйл, заалтыг үг үсэггүй мөрдөхөөс ирэх жилийн төсвийн ирээдүй хамаарах гээд байна. Нөгөө талаасаа Монгол Улсын төсөв бол Монголын эдийн засаг юм. Тиймээс хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарах учир шалтгаан даан ч их. Ирэх жилийн төсвийн тухай хуулийн төсөл хэр чамбай болсныг УИХ-ын хэлэлцүүлэг өгүүлэх болов уу. Тэндээс л ирэх жилийн амьдралын өнгө тодорхой болох юм.

Уг нь өнөө жилийн төсвийн төсөв олон талаараа онцлог болсон юм шиг. Тухайлбал, ирэх оны төсвийн төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн хөрөнгийн цэвэр өөрчлөлттэй холбогдсон харилцааг тун нарийн зохицуулахаар тусгажээ. Гэхдээ энэ бол төсөл.

Мөн Төсвийн тухай хуульд заасан төсвийн үндсэн зарчмуудыг баримталж нийгмийн эмзэг бүлгийг хэт ядуурлаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цалин хөлс, төсвийн хөрөнгийг оновчтой, зүй зохистой хувиарлах замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах уламжлалт зорилтоо дахин нэр дэвшүүлжээ. Түүнчлэн нийгмийн баталгааны асуудлыг салбар бүрт өөрөөр тогтоож, тухайн нэг салбарыг онцгойлон нэмэгдүүлдэг явдлыг зогсоож нийтлэг нэг байлгах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш хувиарлалтыг хангах нь ирэх жилийн төсвийн онцлог гэж хэлж болохоор. Хэрэв төсөл энэ чигтээ хууль болсон тохиолдолд дээрх заалт утга төгөлдөр хэрэгжих бус уу.

Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэнтэй уялдуулан зарим төрлийн халамжийн шинжтэй арга хэмжээний давхардлыг арилгах, хөрөнгийг оновчтой зарцуулах зорилгоор зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтыг бууруулахаар тусгажээ. Харин Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг Хүний хөгжил сангаас санхүүжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 0-18 хүртэлх насны хүүхдэд бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь хүртээх арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааг дэмжих нөхцөл бүрдэнэ гэж онцолжээ.

Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль батлагдсанаар ирэх төсвийн жилд Засгийн газраас чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэр бий болж, Нийгмийн даатгалын сангийн төсөвт ирэх онд мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хуваарилж, зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Одоогоор төсвийн төсөлд суусан орлого, зарлагын хэмжээ онцын сонирхол татаж байгаа ч нууц хэвээр. Мэдээж Оюутолгой, Тавантолгой төсвийн орлогын гол дүр байна биз ээ.