Т.Доржханд: “Сингапурын амжилтын тавин нууц” номыг уншихад амархан, өгөөжтэй, олон санааг хэрэгжүүлж болохоор сэдлүүд өгсөн
“Сингапурын амжилтын тавин нууц” номын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Сингапурын бүлгийн дэд дарга, ХҮН намын дарга Т.Доржхандын хэлсэн үгийг хүргэж байна.
-Миний бие Ковидын үед Сингапурт Ерөнхий сайдын айлчлалаар очсон юм. Ажил хэрэгч, маш энгийн уулзалт болсон. Гял цал зүйл огт байхгүй. Үүнээс авсан дүгнэлт юу вэ гэхээр ямар нэгэн “изм”, гоё үзэл суртал байхгүй. Зүгээр л практик бизнес ярьж байгаа юм. Миний хажууд Сингапур улсын Автотээврийн сайд нь байсан. Түүнтэй автотээврийн асуудлаар ярилцангаа “таны цалин хэд вэ” гэж хошигнон асуухад “Нэг сая ам.доллар” гэсэн. “Би сайдын ажлаас өмнө таван сая ам.долларын цалинтай Газрын тосны компанийн захирал байлаа. Ерөнхий сайд санал тавьж хоёр сар уйгагүй шахсаны үр дүнд би сайдын ажлыг дурамжхан хүлээж авсан” гэж мөн хошигнон хариулж билээ. Энэ яриа л Сингапурын хөгжлийг харуулаад өгч байгаа юм. Богино хугацаанд ядуу буурай орноос баян улс болсон шүү дээ. Сингапурт мэргэжлийн менежерүүд төрд ажиллаж байна. Улс төрөөс маш хол. Тэнд мэргэжилтнүүд нь өндөр цалингаар гэрээгээ байгуулаад маш өндөр өгөөж өгөөд явж байдаг. Төсвийн орлогын 20-25 хувь нь өгөөжөөсөө орж ирдэг.
Хөрөнгө оруулалт оруулах маш сайн прагматик бодлого явуулдаг улс. Үр дүнд нь энэ улсад маш олон банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн ухаалаг байдлаар мөнгө татаж чадсан. Тэгвэл Монголд гаднын хөрөнгө оруулалттай ганц ч банк өнөөдөр байхгүй байна.
Сингапурын төр засаг Үйлдвэрчний эвлэлтэйгээ маш нягт хамтран ажилладаг. Тиймээс эдийн засгийн хямралтай үеүддээ цалинг 10-20 хувиар буулгая гэж хэлцэл хийж байна шүү дээ. Иргэд нь ойлгож хүлээн авч байна. Цалинг, өсгөх биш буулгая гэхэд шүү дээ. Улсаараа нэг тийшээ харж чаддаг. Ийм байдлаар маш олон реформыг богино хугацаанд хийж чадсан байна. Энэ талаар номонд тодорхой бичсэн байсан.
Тиймээс 1965 онд ДНБ-ий хэмжээ 517 ам.доллар байсан бол 2023 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 133,107 ам.доллар болж өссөн байна. “Сингапурын амжилтын тавин нууц”-ыг уншихад амархан, өгөөжтэй, хэрэгжүүлж болохоор сэдлүүдийг өгсөн ном байна лээ. Олон хүн энэ номыг уншаасай гэсэн бодол төрсөн шүү.