Т.Жамбаажамц: Хувьцааг давхар бүртгэлтэй болгоно

Хөрөнгө, санхүүгийн зах зээлд томоохон хүлээлт үүсгээд буй “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Харин энэ долоо хоногт УИХ-аар оруулах аж. Тус хуулийг Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ХЗДХЯ хамтарч 2007 оноос хойш ажлын хэсэг гарган боловсруулж, ажиллаж буй юм байна. Хуульд ямар өөрчлөлт орж байгаа буюу онцлогийнх нь талаар хууль боловсруулахад ажилласан ажлын хэсгийн гишүүн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч Т.Жамбаажамцаас тодрууллаа.

- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг яагаад шинэчлэн найруулах шаардлагатай болсон бэ?

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг хүн бүхэн л сонирхож, засаг төрөөс бодлого гаргаж, хөгжих хандлагатай болж байна. Наад зах нь иргэн бүр 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болоод байгаа. Компаниуд ч үнэт цаасаа Монголдоо болон дэлхийн зах зээлд гаргах сонирхол цаг үеэ дагаад нэмэгдэж байна. Тиймээс үнэт цаасны зах зээлийн хууль, эрхзүйн орчинг илүү боловсонгуй болгож, шинэчлэх шаардлага бидэнд тулгараад байгаа билээ. Манай үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2002 онд батлагдсан учир зах зээлийнхээ хурд, эрэлт хэрэгцээг дийлэхээ больж, харилцааг нь зохицуулж чадахгүй байна. Тиймээс 2007 оноос эхэлж бид хуулийн төслийн олон улсын стандартад аль болох нийцүүлэн шинэчлэх хийж эхэлсэн. Олон улсын байгууллагууд манайтай хамтарч ажиллахад хууль эрхзүйн орчин нь хангалтгүй байна гэдгийг ч хэлэх болсон. Нэг ёсондоо хууль эрхзүйн хамгаалалтууд дутмаг гэсэн үг.

-Шинэчилсэн хуулийн онцлог нь юу байна вэ?

Ер нь хөрөнгийн зах зээл хөгжиж байж санхүүгийн зах зээл хөгжинө гэдгийг хүн бүр л хэлдэг. Гэхдээ манайд санхүүгийн зах зээл доголон байгаагийн гол шалтгаан нь хөрөнгийн зах зээл зогсонги байгаатай холбож тайлбарладаг. Тиймээс манайд хувьцааны давхар бүртгэл, гадаадын бирж дээр DR хэлбэрээр хувьцаа гаргах, олон улсын санхүүгийн зохицуулах байгууллагуудтай хамтарч ажиллах боломж одоогийн хуулиар алга. Дээр нь хөрөнгө оруулагчдын татахыг тулд санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглах, брокер , деллерийн компаниудад тавигдах шаардлага сул байгаа гэсэн олон хүчин зүйл тулгараад байгаа юм. Тиймээс бид шинэчилсэн хуулиар эдгээр дээрх тулгамдаад буй бүх асуудлыг нь шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг нь бий болгохоор оролдсон.

-Брокер, деллерийн компаниудад тавигдах шаардлагыг хэрхэн өөрчилж байгаа вэ?

Манайх 2002 онд брокер, деллерийн компанид хөрөнгийн доод хэмжээ 50 сая төгрөг хэмээн багаар тогтоосон байдаг. Энэ мэтчилэн брокер, деллерийн компаниудад тавигдах шаардлага, шалгуур нь сул байгаа нь эргээд их эрсдэлийг дагуулж байгаа юм. Тиймээс эдгээр компанид тавих шаардлагагыг хуулиар тогтоох биш дэлхийн нийтийн жишгийн дагуу Санхүүгийн зохицуулах байгууллага нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан үзээд тогтоодог хэлбэрт шилжих юм. Мөн хүний нөөцийн болон техник технологийн хувьд ч тавих шаардлагыг өндөрсгөж байгаа.

- Хувьцаагаа гадаадын зах зээл дээр гаргах чиглэлд ямар өөрчлөлт оруулсан бэ?

Тухайн компанийн хувьцааг нь хоёр бирж дээр давхар гаргах хууль эрхзүйн орчинг бий болгох юм. Одоо олон улсын томоохон компаниуд бүгд давхар бүртгэлтэй байдаг. Айвенхоу Майнз гэхэд Лондонгийн болон Нью Йоркын зах зээл дээрх хувьцаагаа давхар гаргадаг байх жишээтэй. Тэгэхээр манай компаниуд үүнтэй адил давхар бүртгэлтэй байх боломжийг гаргаж өгснөөрөө зах зээлээ илүү тэлж, хөрвөх чадвар сайжирна. Мөн Гадаадын зах зээл дээр DR хувьцаа гаргах гэдэг нь Монголд байгаа нэг компанийнхаа хувьцааг нь багцалж, аливаа нэг улсын зах зээл дээр компани нь бүртгэлгүй боловч хувьцаагаа гаргах боломж бүрдэнэ гэсэн үг. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгуулагуудтай хамтарч ажиллах асуудал хамгийн чухал байгаа. Тэгвэл бид хувьцаагаа тухайн улсын зах зээл дээр гаргах, хамтарч ажиллахад илүү дөхөмтэй болох юм. Одоогоор бид Конконгийн санхүүгийн байгуулагатай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Тэд манай шинэ хуулийн төсөлтэй танилцаад хамтарч ажиллах гэрээ байгуулахад бэлэн байгаагаа хэлсэн. Цаашлаад манайх дэлхийн Олон улсын үнэт цаасны хорооны гишүүн орон болох хэрэгцээ, шаардлага ч тулгараад буй юм.