Т.Цогтбаяр: Боломж байвал хувьцаагаа авсан нь ашигтай

Үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Т.Цогтбаяраас “Хувьцаа юу, нэг сая төгрөг үү” сэдвээр тодрууллаа

-Иргэд 1072 ширхэг хувьцаатай болох уу, эсвэл нэг сая төгрөгөө бэлнээр нь авах уу гэсэн хоёр сонголттой нүүр тулж байна. Таны хувьд иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Монгол Улсын иргэнд бүрт 1072 ширхэг хувьцаа ногдож байгаа. Үнэхээр боломж муутай байгаа хүмүүс нь бэлэн мөнгөө ав. Харин боломжтой байгаа нь хувьцаагаа авах хэрэгтэй. Хувьцаагаа эзэмшээд ногдол ашиг хүрт. Ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа хэд ч болох юм билээ. Үүнийг өнөөдөр таашгүй. Улсаас үнэгүй өгч буй хувьцаа үнэд орох нь цаг хугацааны хэмжүүр. Нэг жишээ хэлэхэд, жижиг “Тавантолгой” компани 1995 онд нээлттэй хувьцаат компани болсон. Хөрөнгийн биржид хувьцаа нь бүртгэгдэж, хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр нэг хүнд 70 ширхэг хувьцаа оногдсон. Хөрөнгийн биржээр дамжуулж авсан хүмүүс нь дунджаар 23 ширхэг хувьцаа тухайн үед авсан. Энэ үед нүүрс үнэд хүрдэггүй байлаа. Менежмент ч муу байжээ. 1999-2001 оны хооронд тус компанийн хувьцааг 100-500 төгрөгийн хооронд арилжаалж байсан. Тухайн үед 7000 мянган төгрөгөөр 70 ширхэг хувьцаа авсан хүн өнөөдөр 70 сая төгрөгтэй байна. Хэн ч тоодоггүй байсан хувьцаа шүү дээ. Тэгтэл, жижиг “Тавантолгой” компанийн үйл ажиллагаа, менежмент эрчимтэй сайжирсан. Энэ компанийн нэгж хувьцаа өнөөдөр нэг сая 600 мянгад хүрлээ. “Шивээ овоо” компани ч ийм. Хувьцаа нь 34-50 төгрөгийн хооронд зарж байсан. Өнөөдөр манай харилцагч 700 ширхэг хувьцаа авсан. Зах зээлийн үнэлгээгээр хувьцаа нь 14 сая төгрөг болж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд найдаж болох баталгаа байна уу?

- “Эрдэнэс Тавантолгой” компани нөөцтэй юү, нөөцтэй. Менежмент муу юу, муу байна. Гэхдээ ирээдүйд менежмент сайжирч болно. Хамгийн гол нь хувьцааны үр шимийг таван жил хүлээх үү, 10 жил хүлээх үү гэдэгт хүлээлт үүсч байна. Сая төгрөггүй бид бүсээ чангалаад амьдраад байж чадна шүү дээ. Тиймээс 1072 ширхэг хувьцааг аваад үз. “Эрдэнэс Тавантолгой” компани бодлогын хувьд маш сайн. Шийдэл нь ч зөв. Гэхдээ энэхүү шийдвэрийг гаргахыг нь мэдсээр байж манай зах зээл бэлдэж чадаагүй. Манай хөрөнгийн бирж, брокер диллерийн компани ямар ч бэлтгэлгүй байна. Манай эдийн засагт уул уурхай голлох үүрэгтэй оролцож байна. Уул уурхайгаас гарч буй бүтээгдэхүүн үйлчилгээ ДНБ-ий 30 хувийг 2006 оноос хойш тасралтгүй бүрдүүлж ирлээ. Уул уурхайг дагаад бусад үйлчилгээ эрчимтэй хөгжиж, зам, эрчим хүч, ханган нийлүүлэлт, дэд бүтцийн салбарт тодорхой хувийн өсөлт гарлаа. Энэ нь одоогийн эдийн засгийн өсөлтийг бий болгож байна. Тиймээс баялгийн хуваарилалтыг хамгийн оновчтой, зөв голдиролоор явуулдаг, үр ашигтай, өмч хувьчлалын сонгодог хэрэгсэл бол үнэт цаасны зах зээл. Тиймээс уул уурхайн баялгаасаа иргэддээ олгоё, баялгийг тэнцвэртэй хуваарилах оновчтой аргыг Засгийн газар сонгосон. Энэ ажил “Эрдэнэс Тавантолгой”-гоос эхэлж байна. Цаана нь эрчим хүчний салбартай холбоотой 100 хувь төрийн өмчит компаниуд бий. Эдгээр төрийн өмчит компанийг хувьчилъя. Үүний эхний жишээ нь “Багануур”-ын уурхай, “Монгол шуудан” компанийн хувьцааг биржээр арилжаалах гэж байна.

Иргэн танд сая төгрөг эсвэл 1072 ширхэг хувьцааны аль нь хэрэгтэй байна вэ. Энэ талаар бид дахин сурвалжилж хүргэх болно.