Угалз, тэхийг дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрлөө

Ирэх жил тусгай зориулалтаар 50 угалз, 120 тэх, таван халиун буга, 150 цагаан зээр, 40 саарал чоно, 40 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 300 хүртэл тооны ой, хээрийн агнуурын шувуу агнуулахаар болов. Амьтдыг тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлэх, төлбөр, хураамжийг нэмэгдүүлэх замаар төлбөртэй ангаас төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого үр дүнгээ өгсөн тул агнуулах ангийн тоог өмнөх оноос нэмэгдүүлэхгүй байхаар шийджээ.

Ангын төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн таван жилд нийтдээ найман тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Түүнчлэн олон улсын ангын үзэсгэлэн худалдааны үеэр манай улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулахыг салбарын сайдад Засгийн газраас зөвшөөрчээ.