Уильям Шекспирийн мэндэлсэн өдөр

Английн алдарт яруу найрагч, жүжгийн зохиолч Уильям Шекспир 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд төржээ. Тэрбээр гарамгай жүжгийн зохиолч хэмээн алдаршсан бөгөөд Английн үндэсний яруу найрагч юм. Шекспир 38 жүжиг, 154 арвандөрвөн мөрт найраглал, хоёр үргэлжилсэн үгийн зохиол болон олон шүлэг, найраг туурвижээ. Уран бүтээлүүд нь гадаад хэлнээ хөрвүүлэгдэн, олон тайзан дээр амилсаар ирсэн түүхтэй.

Шекспир нь Английн Стратфорд-апон-Авон гэдэгт газарт, тус хотын зөвлөлийн гишүүн Жон Шекспир болон чинээлэг фермерийн охин Мари Арден нарын хүү болон мэндэлжээ. Түүний төрсөн өдрийг яг тодорхой биш боловч 23-нд болов уу гэж түүхч, намтарчид үздэг аж.

Ихэнх түүхч, намтарч түүнийг Стратфордын “King’s New School” сургуульд боловсрол эзэмшсэн байх гэж таамагладаг. Арван найман насандаа 26 настай Анн Хадавэй гэгч бүсгүйтэй гэрлэж, улмаар гурван хүүхэдтэй болжээ.

1585-1592 онд Лондонд жүжигчин, жүжгийн зохиолч, “Lord Chamberlain’s Men” гэдэг жүжгийн компанийг эзэмшигчдийн нэг болж, ажлын гараагаа амжилттай эхэлжээ. 1613 онд 49 настайдаа тэтгэвэртээ гарсан бөгөөд үүнээс хойш гурван жилийн дараа 1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд нас барсан аж.

Тэрбээр хамгийн алдартай уран бүтээлүүдээ 1589-1613 онд туурвисан юм. Анхандаа инээдмийн болон түүхийн сэдвээр голчлон жүжиг тавьдаг байсан бөгөөд уран бүтээлийнх нь оргил үе ХVI зууны сүүлч байв. Харин 1608 онд хүртэл эмгэнэлт жүжиг бичсэн бөгөөд үүнд та бидний сайн мэдэх “Гамлет”, “Ромео Жулет хоёр”, “Кинг Лиэр”, “Макбэт” зэрэг багтана. Улмаар эмгэнэлт, инээдмийн хосолсон бөгөөд хайр дурлалын жүжиг бичиж, бусад жүжгийн зохиолчтой хамтран ажиллах болжээ.

Шекспир тухайн цаг үеийнхээ нэр хүндтэй яруу найрагч, жүжгийн зохиолч байсан боловч харамсалтай нь ХIX зуун хүртэл түүний нэр хүнд төдийлэн сайн алдаршиж чадаагүй аж. Харин ХХ зуунд түүний туурвисан уран бүтээлүүд маш алдартай болсон бөгөөд тайзан дээр дахин тавигдах болжээ. Харин өдгөө үед түүний уран бүтээлийг нь мэдэхгүй хүн ховор бөгөөд олон орны судлаачид байнга судалж, жүжгийн зохиолчид тайзнаа амилуулж, дэлхий дахинд олон төрлийн соёлын болоод улс төрийн хүрээнд янз бүрээр тайлбарлах болжээ.

Театрын амьдрал

Шекспир чухам хэдэн оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн талаар тэмдэглэж үлдсэн баримт байхгүй ч орчин үеийн судлаачид түүнийг 1592 онд Лондонгийн тайзнаа хэд хэдэн жүжиг тавьж байсан гэж үздэг. Тухайн үеийн зарим шүүмжлэгчид Шекспирийн тайзны уран бүтээлийн талаар шүүмжилж байсан нь өдгөө түүх болон үлджээ. Бусад жүжгийн зохиолчидтой хамтран эзэмшдэг байсан компани нь 1594 оноос хойш Лондонд хамгийн нэртэй компани болж чаджээ.

1603 онд Элизабет хатан хаан нас барсны дараа I Жэймс хаан тус компанид эзэн хааны патент гардуулан өгсөн бөгөөд нэрээ “King’s Men” компани болгон өөрчилсөн байна. Улмаар 1599 онд өөрийн гэсэн театртай болж, цаашид улам өргөжин тэлэх болжээ. Компанийн бизнес амжилттай байсан нь Шекспирийг чинээлэг, тансаг амьдралтай байсныг харуулдаг.

Түүний уран бүтээл орчин үеийн театр болон уран зохиолд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн. Ялангуяа дүр бүтээх, утга санаа, хэл, жанрын хувьд урлагийн хүрээг үнэхээр тэлж чадсан юм. “Ромео, Жулет хоёр” уянгын эмгэнэлт жүжгийг гарч ирэх хүртэл эмгэнэлт сэдвийг чухал сэдэвт тооцдоггүй байв. Мөн хожмын яруу найрагт түүний уран бүтээлийн нөлөө ихээр харагдах болжээ.

Томас Харди, Вильям Фолкнер болон Чарльз Дикенз зэрэг үргэлжилсэн үгийн зохиолчид түүний уран бүтээлээс санаа авч, зохиол туурвилаа бичдэг байжээ. Эрдэмтэд Шекспирийн уран бүтээлтэй холбоотой 20 мянга гаруй хөгжмийн бүтээл байдгийг олж тогтоосон байна. Түүнчлэн олон уран зураач түүнээс онгод авч, уран бүтээлээ туурвиж байжээ.

Шекспирийн үед Англи хэл одоогийнх шиг тогтсон стандарттай байгаагүй бөгөөд түүний бүтээл, туурвилдаа хэрэглэдэг үг, хэллэг орчин үеийн Англи хэлийг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Гарамгай жүжгийн зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн мэндэлсэн эл өдрийг Англи улс даяар албан ёсоор тэмдэглэж, үндэсний амралтын өдөр болгожээ.