Украины сөрөх боломж

Mongolian Economy
2023-09-12 13:01:16
Ангилал: Улс төр

Дайн хэрхэн өрнөх нь тодорхойгүй ч Украин дайны талбарт давуу талтай байна гэж Эдвард Карр өгүүлэв

Украины дайн хэзээ, хэрхэн дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Олон сар үргэлжилж буй тулаан Украины нутаг дээр таван замыг сийлсэн бөгөөд нэг өдөр энх тайван болж нийлнэ. Өмнөх дайнууд хэрхэн дууссанаас үл хамаарч, ирээдүйг мэдэх хамгийн сайн таамаглал бол тэдгээр дайны замыг дагах юм.

Эхний зам бол дайны талбарт Украин давуу байдлаа тогтвортой хадгалах юм. Орос Украины дэд бүтцийг устгаж, сул дорой болгохоор оролдож байгаа ч хүчээр өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн мужийг эзлэх чадвартай армийг сургаж, зэвсэглэх гэж Путин хэцүүднэ. Дайтахыг хүсэхгүй байгаа оросуудыг хүчлэхийн хэрээр улам олон хүн амь үрэгдэж, Путины байдал улам хэцүү болно.

Харин Украин NАТО-ийн гишүүн орнуудын зэвсэг, тагнуулын мэдээллээр хангагдсан дайчин цэрэг, офицеруудтай. Өмнө зүгт, Донбассын бүс нутагт Оросын хамгаалалтыг сулруулсны дараа Украин зүүн, хойд чиглэлд булаалгасан нутаг дэвсгэрээ эргүүлэн авах байх.

Украины өнцгөөс харвал тэд давшихаас өөр гарцгүй. Довтолгооны эрч нь дайнд ялахад түлхэц болохгүй ч өөр олон хүчин зүйл, тэр дундаа хоёр дахь зам болох Украинд Барууны үзүүлэх тууштай дэмжлэгийн үндэс суурь болно. Путин Барууныг Украинаас нүүр буруулна, тэгш бус ч хамаагүй энх тайвны тохиролцоо хийх шахалтыг Украинд үзүүлнэ гэж тооцсон. Путин Европт хий нийлүүлэхээ зогсоож, цөмийн дайнаар сүрдүүлэх гэх мэтээр тулааны талбарт амссан ялагдлаа эргүүлэхээр оролдсон.

Ийм сүрдүүлгүүд буруугаар эргэж, Путинд зөөлөн хандах аюултай гэдгийг Барууныхан ойлгов. Кремльд буулт хийвэл Украин руу Орос 2014 онд анх довтолсонтой адил ээлжит мөргөлдөөний үндсийг тавина. Тиймээс Барууны зэвсэг зүүн зүгт урссан хэвээр байх бол Оросын хий дахин хэзээ ч ихээр баруун зүгт урсахгүй. Хятадын эрчим хүчний эрэлт сэргэж, нефть, байгалийн хийн үнийг хөөрөгдвөл энэ болон дараагийн өвөл хүнд болно. Гэхдээ Украин тулааны талбарт урагшилсаар байвал Европ эргэлт буцалтгүй дэмжинэ

Орос, Украины аль нь ч гал зогсооход бэлэн биш

Гурав дахь зам дэлхийн бусад улстай холбоотой. Хятад Оросыг дэмжсээр байна. Өөрсдийнх нь эрх ашгийг үл тоодог атлаа дайны эсрэг нэгд гэж Барууны улсууд шахамдуулж байгаад Энэтхэг зэрэг хөгжиж буй улсууд дургүйцэв. Гэвч ийм улсуудад ч Путины дэмжлэг суларсаар. Есдүгээр сард болсон ШХАБ-ын уулзалт дээр түүнийг бусад улсын удирдагч хөндий хүлээж авсан. Украины мужуудыг Орос өөртөө нэгтгэсэн талаар НҮБ-ын ерөнхий ассемблей аравдугаар сард санал хураахад Путин дайн эхэлснээс хойших хамгийн том ялагдлаа хүлээв.

Эхний гурван арга зам дөрөв дэх арга зам дээр нийлж байна: байлдааны ажиллагааг зогсоохыг олон улс улам хүчтэй шаардах болов. Одоогийн нөхцөлд дайтах амар биш. OECD байгууллагын тооцоолсноор 2023 онд дайны зардал 2.8 их наяд долларт хүрнэ. Баруунд буу зэвсгийн хомсдол улам их санаа зовоох учраас энх тайван тогтоох хэлцэл 2023 онд олон болно.

Асуудлын гол нь Орос ч, Украин ч гал зогсооход бэлэн биш байна. Путин байдлыг өөрийн талд эргүүлэхээр дайныг үргэлжлүүлнэ, эсвэл Украиныг Европын хөгжингүй, тайван, ардчилсан улс болгохгүйн тулд улам сунжруулна. Дайны талбарын амжилтдаа урамшсан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2014 оноос хойш алдсан бүх нутаг дэвсгэрээ эргүүлэн авахаа амласан. Энхийн хэлцэл хэзээ хийхээ Украин өөрөө шийдэх ёстой гэж Барууны орнууд үздэг. Гэхдээ дайны зардлыг төлж байгаа нь Барууны орнууд өөрсдөө. Тиймээс тэд хэзээ нэгэн цагт шахалт үзүүлнэ.

Дайн Москвад дуусна

Ийм зүйл хэзээ болохыг тав дах буюу хамгийн бүрхэг зам шийдэх магадлалтай. Энх тайван тогтохын тулд Москвад ямар нэг зүйл өөрчлөгдөх ёстой. Цөмийн зэвсэгтэй Кремлийг зэвсгийн хүчээр буулгаж авах боломжгүй. Үүний оронд өөрсдийнх нь амь насыг ашиггүй, ялах боломжгүй дайнд Путин үрж байгааг оросууд ухаарах ёстой.

Путин химийн, цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй ч энэ нь ялалтын баталгаа болохгүй. Путин ямар ч хамаагүй үнээр эрх мэдлээ хадгалах гэж оролдоно, эсвэл элитүүдийн дэмжлэгийг бүрэн алдана. Ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэсэн бодлоор Путин 2023 оныг угтана. Тэр нь тулааны талбарт байдал өөрчлөгдөх, Хятадын цэргийн тусламж, Европын эв нэгдэл нурах, Дональд Трамп дахин сонгогдож Украиныг хөсөр хаях байж болно. Дайнд боломжгүй зүйл гэж байхгүйг Путин сайн мэдэж буй. Гэхдээ хүчний харьцаа өөрийнх нь эсрэг байгааг тэр ухаарах ёстой.

ЭДВАРД КАРР, Орлогч эрхлэгч, The Economist

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy