Украйн улс 39 хувийн үнийн өсөлтөд нэрвэгдэнэ

Украйн улсыг Оросоос худалдаж авдаг байгалийн хийн төлбөрийн 37 хувийн өсөлт нөмрөх гэж байгааг Блүүмберг агентлаг мэдээлээд байна.

ОХУ-ын хамгийн том байгалийн хий үйлдвэрлэгч “Газфром” Украйнд үзүүлдэг байсан хөнгөлөлтөө цуцалж, ханган нийлүүлтээ зогсооно хэмээн сүрдүүлээд байгаа талаар Украйны Эрчим хүчний сайд Юрий Продан мэдэгдсэн. Ингэснээр Киев энэ жилийн хоёрдугаар улиралд 1000 куб метр хий тутамд 368.50 ам.доллар төлнө. Өнгөрсөн жилийн хувьд Орос улс Украйны Ерөнхийлөгч асан Виктор Януковичтой байгалийн хийн нийлүүлтийн үнийг багасгаж, 268.50 ам.доллараар тогтож байсан билээ.

“Газфром” байгалийн хийн хөнгөлөлттэй үнийн тарифаа өнгөрсөн долоо хоногт цуцалсан. Түүнчлэн энэ үеэр Украйны төрийн өмчит байгалийн хийн “Нафтгаз” компани аль хэдийнэ хүлээн авчихсан байгаа байгалийн хийн нийлүүлтийнхээ төлөө 1.89 тэрбум ам.долларын өртэй гэж “Газфром” мэдэгдээд байгаа юм.

Харин Газром компанийн хувьд өөрийн улсын Украйнтай үүсгэсэн дипломат сөргөлдөөний улмаас хоёр ч байгалийн хийн хоолой татах төслөө хойшлуулахад хүрээд байгааг “Russia today” онцлоод байна. Тус компанийн 45 тэрбум ам.долларын өртөг бүхий “South Stream” төсөл нь 2018 оны эцсээр нээлтээ хийж, 64 тэрбум куб.метр байгалийн хийг Европт нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэхүү төсөл нь Орос улсын хувьд улс төрийн хувьд тогтворгүй Украйн улсыг дайрч бус тойрох замаар байгалийн хийн нийлүүлтээ таслахгүй тогтмол Европт өгөх боломж юм. Гэвч үүнийг ажил хэрэг болгохын тулд Европын Холбооны эрх баригчдаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд энэ нь ч Оросын хувьд хамгийн том саад болоод байгаа билээ.