Улаанбаатарчууд нүүх үү, үлдэх үү?

Эрт цагт Туул гэж нэгэн үзэсгэлэнт бүсгүй байжээ. Тэр бүсгүй Байгаль нуурт хадамд гарч, жил бүр ханш нээх цагаар төрхөмдөө ирж золголт хийдэг байсан бөгөөд улмаар энэ нь загас урсгалаа сөрж, нүүдэг цаг үетэй давхцдаг байжээ. Үзэсгэлэнт бүсгүй Туулын инж нь Туулын шугуй, тотем нь Загас байжээ. Туулын усыг эм ус өөрөөр хэлбэл, эр хүнд хамгийн зохимжтой гэж ярьдаг байна. Тиймээс ч ардын дуунд …Туулын тунгалаг уснаас амсан байж мордсон юм…” хэмээн цэрэг эрс дайн тулаанд эсвэл Манжийн амбаны хугацаагүй цэргийн албанд мордохдоо дуулдаг ч байсан байж болох. Эцэг хүн эмэгтэй үрдээ мөнх амьдралыг бэлэгдэж, амьд бүхний эх ус, Туул голын нэрийг хайрласаар иржээ.

Тиймээ, нийслэлчүүд бидний амьдралын эх булаг болсон Туул гол эдүгээ ямар байдалтай болчихоод байна вэ. Дуунд, домогт мөнхөрсөн Улаанбаатар хотын чимэг болсон голын ирээдүй ямар байна вэ. Улмаар нийслэлчүүдийн ундны усны эх болсон энэ голын урсац ямар байна вэ? Эдгээр асуултад ямар нэг баримт дурдахгүйгээр хариулахад ч бэлэн байна. Туул голын маань ирээдүй, улаанбаатарчуудын ирээдүй үнэхээр бүрхэг, хэцүүхэн л харагдаж байгаа шүү дээ. Үүнд нийслэлчүүд бид өөрсдөө л түмэн буруутай. Жил бүрийн хавар эргээ даган халин урсан ирж, хүн бүхний магнайг тэнийлгэдэг Туул гол сүүлийн жилүүдэд энд тэндээ тасарч, байгалийн жам ёсоор аргагүйн эрхэнд л нэг ирдэг болж байх шиг. Энэ нь ердөө л бидэнд гомдсоны шинж.
Бусад улс орон хотынхоо дундуур урсах гол мөрнөө ямар их хайрлан хамгаалдаг нь харагддаг. Тэгвэл манайхан харин ч эсрэгээр хог новшоор дүүргэж, хувцас хунар, хивсээ, машин тэргээ хүртэл угааж бохирлоно. Бизнесийн шуналд автагсад голын эргийг нь тултал хашаа хатгасан нь ч бий. Үйлдвэр аж ахуйн газрууд нь болохоор химийн бодис бүхий.... Голын эхэнд алтны, уул уурхайн үйлдвэрлэл явуулж, гол мөрнийг ямар нэг хэмжээгээр бохирдуулж байна. Хайрлах хамгаалах сэтгэлээр хандаж байгаа жишээ бараг л алга. Хааяа нэгхэн эрэг хавийн хог шороог нь цэвэрлэх төдийхнээр хайрлаж хамгаалж байгаа бус уу.

Туул гол ширгээд алга болбол нийслэлчүүд бид хаанаас ундны усаа залгуулах вэ. Улаанбаатарчууд нүүх үү, үлдэх үү гэсэн сонголтын дэргэд тулж ирснийг Монголын эдийн засгийн чуулганы Хотын хөгжил салбар хуралдааны үеэр анхааруулан онцлон ярьж байсан шүү. Хэрвээ бид манай улсын хамгийн тулгамдсан усны асуудлаа л шийдэж чадахгүй юм бол хөгжил, шийдэл, гарцын тухай яриад ч яах юм. Дэлхийн банк “Туул голын экосистемийн эдийн засгийн үнэ цэнэ” судалгааны бүтээлдээ Улаанбаатар хот 10 жилийн дараа усны хомсдолд орж болзошгүй гэсэн дүгнэлт хийсэн. 2009 онд хийсэн судалгаа гэж үзвэл найман жилийн дараа нийслэлчүүд усны эрэлд явж магадгүй гэсэн үг. Засгийн газрын судалгаагаар өдөрт хэрэглэх усны хэмжээ өнөөдөр 212 мянган шоо метр байгаа бол 2010 онд 286, 2020 онд 438, 2050 онд 708 мянган шоо метр болж өсөх хандлагатай буй аж. Тэгвэл нийслэлд буй бүх худаг хүчин чадлаараа ажиллахад өдөрт 300 мянган шоо метр л усаар хангахаар төлөвлөжээ.Тэгэхээр улаанбаатарчууд ундны усны эрэлд явах цаг ойртсоор буйг энэ баримт харуулна. Дээрх судалгаагаар Туул голын экосистемийг хамгаалж, тогтвортой ашигласан тохиолдолд голын урсацын суурь хэмжээ, газар дорх усны түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргахгүйгээр хамгаалж болохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь бий.
Нэмээд хэлэхэд төр, засаг л гол мөрнөө хамгаалах бодлого явуулах ёстой гэсэн сэтгэлгээнээсээ салж, монгол хүн бүхэн өвөг дээдсийнхээ байгаль эхээ хайрлан хамгаалах уламжлалт үйлсийг сахин дэлгэрүүлж, дор бүрдээ мөрдөж ажиллаж, амьдармаар байна.
Ингээд усны мэргэжилтний баримт бүхий материалыг та бүхэнд хүргэж байна.
Туул голын ус зүй, экологийн байдал,
усны бохирдол, хүн амын ус хангамж,
шийдэх арга замууд

Туул голын ус зүй хэтийн төлөв

Хан Хэнтий нурууны далайн төвшнөөс дээш 2000 гаруй метр өндөр орших Чисаатяйн сарьдаг, Шороотын давааны өврөөс урсах Намъяа, Нэргүй хоёр голын уулзварыг Туул голын эх гэж үздэг бөгөөд 50400 км.кв талбайгаас усжиж 704 орчим км урсаж Орхон голд цутгадаг. Туул голын сав газар нь Улаанбаатар хот, Төв аймгийн 20, Булган аймгийн 5, Архангай аймгийн нэг, Өвөрхангай аймгийн 2, нийтдээ Улаанбаатар хот болон дөрвөн аймгийн 27 сумыг дамжин урсдаг бөгөөд голын ус хурах талбай нь 49616 ам.км байна. Туул голын ай савд 84 гол, горхи, 58 том жижиг нуур, 106 булаг бүртгэгдсэнээс сүүлийн жилүүдэд 10 гол, 18 нуур, 20 гаруй булаг ширгэжээ.

Туул голын усны горим, нөөцийг 1945 оноос Ус судлалын Туул гол-Улаанбаатар харуул байгуулан, горимын байнгын ажиглалт, судалгааг хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Туул голын дагуу Босгийн гүүр, Улаабаатар, Алтанбулаг, Лүн болон Сэлбэ голын дагуу Санзай, Дамбадаржаа, Тэрэлж, Улиастай гол дээр байнгын харуулууд Ус, цаг уурын албаны хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Урсацын олон жилийн хэлбэлзлээс үзэхэд Туул гол 1945-1957 онд ус багатай, 1958-1975 онд ус элбэг, 1976-1981 онд ус багатай, 1982-1995 онд ус элбэг үе зонхилж үүнээс хойш ерөнхийдөө ус багатай үе үргэлжилж байна. Туул голын усны горимын хувьд голын усны тэжээлийн 25 хувийг ул хөрсний ус, зургаан хувийг хайлсан цасны ус, 69 хувийг хур борооны ус эзлэх ба усны горимын хэв шинж нь хаврын шар усны ба зуны хур борооны үерийн горимтой голд хамаарна. Туул голын усны үндсэн тэжээл нь зун, намрын хур борооны ус байдаг учир голын усны төвшин ихээхэн тогтворгүй байна.

Туул голын ус зүйн хувьд дараахи өөрчлөлт гарч байна.
1. Хур борооны нэг үерийн үргэлжлэх хугацаа 1940-өөд онд 15 хоног байсан бол одоо 12 хоног болж, сүүлийн буурсаар байна.
2. Сүүлийн 60 жилд хоногийн урсацын хувьслын итгэлцүүр 9 хувиар, стандарт хазайц 15.6 шоо м/сек тус тус нэмэгдэж, урсац ихээхэн тогтворгүй хуваарилалттай болжээ.
3. Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний элэгдэл зэрэг хүний үйл ажиллагааны шууд нөлөөлөл ба уур амьсгалын дулаарах явцыг дагаж Улаанбаатар хот орчимд Туул голын мөс эрт хайлах нөхцөл бүрдэж байна. Туул гол мөсөн бүрхүүлтэй байх хоногийн тоо сүүлийн 60 жилд 12, мөсний үзэгдэлтэй байх хоногийн тоо найм хоногоор тус тус цөөрчээ.
4. Гол бага устай байх хоногийн тоо болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур нэмэгдсэнтэй уялдаж усны температур сүүлийн 60 жилд 1.9С нэмэгдэж, мөсний зузаан 40 см-ээр багасаж, түүний ажиглагдах хугацаа 22 хоногоор эрт ажиглагдах зэрэг хандлагатай болжээ.
5. Туул голын гадаргын урсацын алдагдал буюу газрын доорхи урсацыг тэжээх хэмжээ Улаанбаатар хотын усан хангамжийн худгуудын орчимд нэмэгдэж, урсацын алдагдлын бүс голын дагуу Тэрэлж, Туулын бэлчир хүртэл өгсөх хандлагатай, улирлын хөдлөлзүйтэй болж байна.
6. 60 орчим жилд 2-3 хоногоор богиносож байна. Туул гол жилдээ 10 орчим удаа үерлэдэг. Иймээс Туул гол жилийн дунджаасаа бага устай байх хоногийн тоо 24 орчим хоногоор нэмэгджээ. Энэ нь гол ус багатай байх үеийн үргэлжлэх хугацаа уртсаж, голын сав газарт унасан хур тунадас богино хугацаанд эрчимтэй урсац үүсгэж байгааг харуулж байна. Туул голын үерийн хамгийн их урсац жил тутам 20 гаруй шоо м/сек хэмжээгээр нэмэгдэж, үерийн гамшигт хүргэх нөхцөл бүрэлдсээр байна.

Туул голын сав газрын ус ашиглалт

2008 оны байдлаар туул голын ай сав газарт нийт 92741,0 мянган/м3 ус хэрэглэсэн байна. Улаанбаатар хотод 78284,8 мянган/м3 ус хэрэглсэн бөгөөд үүний 80 хувийг газрын доорхи, 20 хувийг гадаргын усаар хангаж байна. Улаанбаатар хотын газрын гүний усний боломжит нөөц нь хоногт 240.0 мянган/м3 бөгөөд Ус сувгийн удирдах газрын өгсөн мэдээгээр хоногт 155.0-165.0 мянган/м3 ус хэрэглэж байна. Туул голын хамгийн том ус хэрэглэгч, ашиглагч нь Улаанбаатар хот юм.

Улаанбаатар хотод 1032353 хүн ам, 384824 толгой мал, 129 га бүхий 4 жижиг инженерийн хийцтэй услалтын систем, 4000 гаруй жижиг дунд үйлдвэр, 16000 аж ахуйн нэгж, 630 га бүхий ногоон байгууламж, 30 гаруй жуулчны бааз, 3 томоохон ДЦС ажиллаж байгаа бөгөөд хотын усан хангамжид 1515 гаруй гүний худаг ашиглаж байна.


Туул голын бохирдол, тулгамдсан асуудлууд:

Туул голын сав газарт улсын нийслэл Улаанбаатар хот оршдог бөгөөд манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг тул Туул голын экологийг хэвийн хадгалах явдал хамгийн тулгамдсан асуудал юм. Туул голын хувьд урсацын эхнээс эхлээд Орхон голд цутгах хүртэлх хэсэгт асуудлууд хуримтлагдсаар байна. Үүнийг дурьдвал: Хэдийгээр Туул голын урсац бүрэлдэх эх Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг боловч тэнд сүүлийн жилүүдэд ихээхэн хэмжээгээр аялал, жуулчлалын баазууд байгуулагдаж, түүнийг дагаж автомашин зэрэг тээврийн хөдөлгөөн ихэсч, малтай айл өрхийн тоо ч нэмэгдэх хандлага байна.Тиймээс одоо байгаа жуулчдын баазуудад бүхэлд нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өгөх хэрэгтэй байгаа юм.
Туул голын усыг бохирдуулагч үндсэн эх үүсвэрүүд нь Туул голын сав дагуух хотжилт, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал, Үйлдвэр комбинатын суурин дээр бий болсон хоцрогдсон технологи бүхий үйлдвэрүүд, хөдөө аж ахуй, уул уурхай, агаарын бохирдол хур тунадас гэж тодорхойлж болно.

Усны нөөцийг арвижуулах, усны эхийг хамгаалах зорилгоор:
• “Туул-Сонгино” усан цэнэгт цахилгаан станцыг байгуулж, ашиглалтад оруулах
• Туул голын усны эхийг тусгай хамгаалалтад авах, ойжуулах, моджуулах үйл ажиллагааг улсын болон Улаанбаатар хотын төсвөөр дэс, дараатай хэрэгжүүлэх
• Туул голын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулан Засгийн газраар батлуулах
• Ус бохирдуулсны хариуцлагыг чангатгах, усны экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу усыг бохирдуулсан, усны нөөцийг хомсдуулсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан экологийн хохирлыг арилгуулдаг журамд шилжих
• Усны хяналт-шинжилгээний сүлжээг байгуулж, ажиллуулах зардлыг улсын төсвөөс гаргаж хэрэгжилтийг хангах.
• Усны дахин хэрэглээ, саарал усыг ашигладаг технологийг хувийн болон шинээр баригдах нийтийн орон сууцуудад хэрэгжүүлэх ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлэх
• Хөрсний усыг хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам, талбайг услах, усан сан, өвлийн улиралд гулгуурын талбай байгуулах зэрэг үйл ажиллагаанд ашиглаж хэвшүүлэх
• Сууцны дээврийн усыг зуны улиралд цуглуулан ахуйн зориулалтаар \угаалга, хувийн ногооны аж ахуй\ ашигладаг практикийг иргэд, өрхүүдэд хэвшүүлэх
• Унд - ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод муж болон дэвсгэр талбайг бүхэлд нь ариун цэвэр, эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд оруулж барилга байгууламж барих, зэгс, шагшуурга мод огтлох, ашигт малтмал хайх олборлох , элс хайрга чулуу авах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах, инженерийн хийцтэй барилга байгууламж барих зэрэгт газар олгохыг хатуу хориглох санал тавьж байна.
Туул голын сав газрын зөвлөлийг 2010 оны 11 дүгээр сарын 17-нд байгуулсан. Нийт 15 гишүүнтэй энэ зөвлөл өнгөрсөн оны сүүлчээр анхны хурлаа хийсэн билээ. Сав газрын зөвлөлийн үндсэн зорилт нь Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах батлуулах, сав газрын хэмжээнд усны эх, голын урсацыг хамгаалах ажлыг төрийн болон албан байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулах, ус ашиглалт, хэрэглээнд хяналт тавих, усны нөөцийг бохирдуулах, хомсдуулах аливаа илэрлийг таслан зогсоох талаар холбогдох эрх бүхий байгууллагад уламжлах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. 2011 оны төгсгөлд Туул голын сав газрын зөвлөлийн менежментийн төлөвлөгөөг Нидерландын Засгийн газрын тусламжтайгаар хэрэгжиж байгаа “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төслийн баг боловсруулж дуусгах юм. Сав газрын зөвлөл энэхүү ажилд бололцооны хирээр туслах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, орон нутгийн болон бүсийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан зохиох улмаар нийслэл болон орон нутгийн хөгжлийн зорилтыг хангах юм. Энэхүү төлөвлөгөө гарч, хэрэгжсэнээр Туул голын сав газрын хүрээнд ус хангамж, усны нөөцийн бохирдол, хомсдолтой холбоотой асуудлууд цогцоор шийдэгдэх юм.

Я.Цэдэнбалжир
/Туул голын сав газрын зөвлөлийн нарийн бичгийн дарга/