Улаанбаатарыг “Ногоон баатар” болгоё

Тоолж барамгүй олон төрлийн, янз бүрийн мод, бут Сингапурт очиход минь “хүлээж авч” билээ. Алга дарам газар нутагтай энэхүү хот-улсын багтаж, шингэж ядаж байгаа байшин, барилгуудын дундуур цэцэрлэгт хүрээлэн, цэцгийн мандал цэвэрхэн сүлжээд байрласан нь цэгцтэй, бас тансаг харагдуулна. Тэнгэр баганадсан өндөр барилгуудынх нь дээвэр дээр хүртэл дал модод байхыг хараад гайхаш тасарч байв. Тэнд долоо хоноход л дөрвөн өдөр дараалан бороо орж билээ. Ингэж их бороо орж байгаа юм чинь зүлэг, мод ч сайхан ургахаас яах билээ гэж бодсон юм сан. Гэтэл үгүй шүү! Байгаль эх Сингапурт Шинэ Зеланд юм уу Ирланд шиг битүү ногоон хүрэм хайрлаагүй байжээ. Тиймээс хот-улсын Засгийн газар Австрали, Шинэ Зеландаас мэргэжилтэн урьж авчирч, ногоожуулалтыг хэрхэн хийх талаар зөвлөгөө авч байсан юм билээ. Энэ орон эквадор орчмын халуун ойн бүсэд оршдог болохоор бүтэн жилийн турш ширүүн бороо хур орж, хурц нар шардаг газар. Хүчтэй бороонд хөрс шороо нь угаагдаж, үржил шимт давхрагагүй болдог учраас мод, зүлэг ургахад харин ч бэрх байжээ. Тэгвэл Сингапур улс яаж “ногоорсон” юм бол оо?

“Гаднынхан манайд ирэхдээ мод, цэцэгсээр дүүрэн тансаг, цэвэрхэн гудамж, гольфийн талбай зэргийг харах хэрэгтэй байлаа. Энэ нь хотын оршин суугчдын ёс зүйд ч сайнаар нөлөөлж, аялал жуулчлалын хөгжлөөс эхлээд хөрөнгө оруулагчдыг татахад хүртэл хэрэгтэй байсан юм” гэж Сингапурын Ерөнхий сайд асан Ли Гуан Ю “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номдоо тэмдэглэсэн байдгийг “Mongolian Economy” сэтгүүл өмнөх дугаартаа бичсэн билээ.

Нийслэлд тарьсан мод нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг. Эдүгээ Улаанбаатарт 1.2 сая хүн амьдарч байна. Тэгвэл нэг хүний бүтэн өдрийн амьсгалах хүчилтөрөгчийг дөрвөн мод ялгаруулдаг тухай Ойн газрын Ойжуулалт ногоон хэрэм хэлтсийн дарга С.Дашдаваа учирлажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн тавдугаар сард “Ногоон хот аян-2011” бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулсан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сард зарлиг болгосны дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь доолоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон шүү дээ. Үүнтэй холбоотойгоор модыг ч мянга мянгаар нь тарих боллоо. Гэхдээ энэ ажлыг нүх ухаад, модоо суулгаад, шороо устай нь холиод орхих хэмжээнд хийж болно гэж үү?

Мод тарих санаачилга дээр дөрөөлөн сайн, муу бизнес ч газар авлаа. Тэр ч бүү хэл уулнаас авчирсан том модыг зам дээр зардаг болжээ. Дөнгөж тарьсан нялх зүлгэн дээгүүр зоргоороо туучиж, ургаж ядаж байгаа модыг гэмтээх, хулгайлах тохиолдол ч мэр сэр гарч байна. Энэ бүхнийг яаж зохицуулах вэ? Бид “будаа идэж” болох бэлээхэн туршлага Сингапурт бий.

Азийн ихэнх орон хот орчноо зүлэгжүүлэх, ногооруулахад анхаардаггүй байсан үед Ли Гуан Ю Сингапурыг моджуулах аянд мордсон байдаг. “Сингапурын тусгаар тогтнолыг зарласны дараа би гуравдагч ертөнцийн бусад орноос ялгарах арга зам хайх болсон. Тэгж тэгж дэг журам, ойр орчноо ногооруулах дээр тогтож билээ” хэмээн тэрбээр дурссан нь бий. Дэлхийн тэргүүний улсын хэмжээнд хүрэхийн тулд эхлээд Сингапурыг мөнх ногоон хот-цэцэрлэг болгохыг Ли Гуан Ю хичээсэн юм. Ингээд мод, бутыг сая саяар нь тарьсан нь хүмүүсийн ёс суртахуунд нөлөөлж, сингапурчууд оршин суугаа хотоороо бахархах болсон аж. 1971 оны арваннэгдүгээр сарын эхний бүтэн сайн өдөр анх мод тарих өдрийг зохион байгуулсан нь Сингапурын хувьд уламжлал болон тогтжээ.

Гэхдээ үүнийг хийхэд амар байсангүй. Хүмүүс сурснаараа зүлгэн дээгүүр туучиж, өвс ногоо талхалж, цэцгийн мандал сүйтгэж, тарьсан бут хулгайлах явдал ч гарч байжээ. Энэ үед хот-улсын Засгийн газар тарьсан ургамлыг харж хандах байгууллага хэрэгтэйг ойлгож, энэ ажлыг Үндэсний хөгжлийн яамандаа даатгасан байдаг. Үүний хажуугаар зүлэг ногоог дээдлэхийн учрыг тайлбарлаж, тарьснаа хэрхэн арчлахыг сургуулийн хүхдүүдэд зааж эхэлжээ. Хүүхдүүд эцэг эхдээ ярихад илүү үр дүн гарна гэж Сингапурын эрх баригчид тооцсон хэрэг л дээ.

1819 онд 120 загасчин амьдарч байсан жижигхэн тосгон өнөөдөр нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, жуулчдыг сая саяар нь татаж буйн нэг нууц мод, зүлэг ажээ. Энэхүү хот-улс хүмүүсийн нүдэн дээр хэрхэн “ногоорч” байгааг харсан Азийн бусад орон үлгэр дуурайл авсан байдаг. Монголчууд ч өнөөдөр энэ тал дээр анхаарч эхэлж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ нь нэг өдөр олуулаа гарч ирээд, шороо ухаад, дуртай модоо суулгачих ажил биш. Ул суурьтай, судалгаа шинжилгээтэй хандах хэрэгтэй юм байна. Сингапурын хувьд Ази, Африк, Карибын тэнгисийн ижил төстэй уур амьсгалтай орнууд руу судлаачдын баг явуулж байжээ. Гаднаас авчирсан 8000 төрлийн ургамлаас 2000 нь л Сингапурт нутагшиж ургасан бөгөөд тэр бүхнийг цаашид олшруулан тарьж, хот-улсынхаа ургамлын тоог нэмсэн байдаг. Үүний хажуугаар монголчууд бид ёс суртахуунаа дээшлүүлж, тарьсан модоо арчлах ухамсартай болох хэрэгтэйг Сингапурын жишээ харуулах буюу. Улаанбаатарыг “Ногоон баатар” болгож чадвал хотын оршин суугчид эрүүл, цэвэрхэн гудамжаар алхалж, тоос шороог мартаж, Монголыг зорьж ирэх жуулчдын тоо ч өсөх биз ээ.