Улаанбаатарын удирдлага VS агаарын бохирдол


Ид өвлийн жавар тачигнаж, нийслэл хот утаан дундаа сүүмийж буй энэ үед Улаанбаатарын удирдлагууд агаар, орчны бохирдолтой хэрхэн тэмцэх талаар иргэд бүрэн дүүрэн мэдээлэлгүй байна. Юутай ч тэдэнд бодож, боловсруулсан зүйл бий.

Агаарын бохирдолтой тэмцэхэд өнөөг болтол цэгцтэй бодлого байгаагүйг нийслэлийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс 2017 оны гуравдугаар сард Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталсан. Нийслэлийн удирдлага цаашдаа агаар, орчны бохирдолтой богино, дунд, урт хугацааны бодлого арга хэмжээний дагуу тэмцэнэ. Иргэдээ ажилтай, орлоготой байлгах, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг бий болгох нь мэдээж урт хугацааны бодлого.

Харин богино болон дунд хугацааны “тэмцлийн” хүрээнд олон төрлийн цогц арга хэмжээг төлөвлөөд байна. Энэ хүрээнд 1) гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах, 2) цахилгаан халаагуур нэвтрүүлэх, 3) сайжруулсан түлш ашиглах, 4) сайжруулсан зуух гэсэн шийдлүүдийг боловсруулав.

Дулаан явах мянган лан

Гэр хорооллын айл өрхүүд ганцхан өдрийн дотор бүгд орон сууцанд орох боломжгүй. Эхний шийдэл буюу дулаалгын асуудал нь ШУА-ийн явуулсан судалгаанд үндэслэсэн юм. Одоогийн байдлаар гэр хорооллын нийт 202 мянга гаруй өрхийн 105 мянга нь байшин сууцанд, 96.5 мянга нь гэр сууцанд амьдарч байна. Нийт гэр хорооллын 52.2 хувийг эзэлж байгаа байшин сууцны 90 гаруй хувь нь инженерийн тооцоогүй, зураг төсөлгүй, стандартын бус ахуйн аргаар баригдсан бөгөөд гал түймэр болон дулаан алдагдал өндөртэй, чанар аюулгүй байдлын хяналт хийхэд хүндрэлтэй байдаг. Хэрэв байшин сууцны дулаалгыг стандартын дагуу хийвэл нүүрсний хэрэглээ, цахилгаан эрчим хүчний хэрэглээ тус тус 50 хувиар буурна гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан. Дундаж айлын 6x8 талбайтай байшинг дулаалахад нийт таван сая төгрөгийн зардал гарна. Гэхдээ өрх болгон ийм хэмжээний зардал гаргах санхүүгийн чадавхгүй учраас байшингаа дулаалах зээлийн 70 хувийг төрөөс даах арга хэмжээг нийслэл төлөвлөөд байна.

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байшин сууцанд амьдардаг 99.3 мянган өрхөөс амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 26 мянга гаруй өрх байгаа юм. Эхний ээлжинд тэдний дулаалгын асуудлыг шийдэхэд 131 тэрбум төгрөг шаардлагатай. Үлдсэн 73 мянган өрхийн 30 хувьд татаас өгөхөд бас 255 тэрбум төгрөг хэрэгтэй.

Дулаалгын арга хэмжээг бодитой болгохын тулд амины орон сууцны стандарт мөрдүүлэх хэрэгтэй. Уг стандартыг БОАЖ-ын яам боловсруулж байгаа бөгөөд 2018 онд батлагдах хүлээлттэй байна. Энэ стандартыг байшинг үл хөдлөхөд бүртгэх, цахилгааны хөнгөлөлт эдлэх үед мөрдүүлэх шийдлүүдийг нийслэлээс санал болгож байгаа юм. Түүнчлэн дулаалгын аянд хамрагдсан материал үйлдвэрлэгчид болон айл өрхийг татварын бодлогоор дэмжихээр төлөвлөсөн.

Мөн нийслэлд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцнуудын дулааны техникийг шинэчлэх зорилгоор “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжинэ. Ингэснээр 70.3 Гкал/цаг дулааны эрчим хүч буюу “ДЦС-2”–ын нэг жилд үйлдвэрлэдэг эрчим хүчнээс илүү дулаан хэмнэх юм. Угсармал орон сууцны 45 462 өрхийг дулаалахад 431 тэрбум төгрөг шаардлагатай.

Цахилгаанжуулах аян

Ойрын хугацааны бодлогод хамаарч буй дараагийн арга хэмжээ бол цахилгааны хөнгөлөлтөд хамруулах, цахилгаан халаагуур ашиглах боломжийг нэмэгдүүлэх. Өрх болгон цахилгаанаар халаах төхөөрөмжийг худалдаж авах санхүүгийн чадваргүй учраас тодорхой хөнгөлөлт байх хэрэгтэй. Тиймээс Засгийн газар эрчим хүчний хэмнэлттэй халаалтын болон агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн. Мөн урт хугацааны бага хүүтэй ногоон зээлэнд иргэдийг хамруулах санаачлагыг хэрэгжүүлнэ. Үүний тулд Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2015 онд татан буулгасан Цэвэр агаар санд 2019 оноос ногоон зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж эхэлнэ. Сангийн хөрөнгийг байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй технологитой төслүүдэд зарцуулах юм. Ирэх онд 20 мянга гаруй айл өрхийн цахилгааны чадлыг дөрвөн кВт хүргэснээр нийт 22 мянган өрх цахилгаан халаагуураар дулаанаа шийдэх боломжтой.

Сайжруулсан хувилбарууд

Зууханд түлэх түлшний талаар нийслэлээс цаашдаа “Энгийн зууханд галлах гэж буй бол сайжруулсан түлш түлэх ёстой, түүхий нүүрс хэрэглэх бол сайжруулсан зуух ашиглах ёстой” гэсэн бодлого барина. Эхний ээлжинд ийм бодлого хэрэгжүүлж, цаашдаа үе шаттайгаар түүхий нүүрснээс татгалзах шаардлагатай. Эдүгээ гэр хорооллын 202 мянган өрх 800 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Хэрэв сайжруулсан түлшээр соливол 600 мянган тонн түлш хэрэглэнэ. Японы Жайка байгууллагын 2015 онд хийсэн судалгаагаар сайжруулсан түлшинд түүхий нүүрстэй харьцуулахад агаарт хаях тоосонцорын хэмжээ 82 хувиар бага байдаг. Сайжруулсан зуух, түлшний арга хэмжээг нэвтрүүлэхэд эхний ээлжинд зорилтот бүлгүүдийг дэмжинэ. 2018 онд зорилтот бүлгийн 50 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангахад 10 тэрбум төгрөг шаардлагатай.

Дараагийн асуудал бол өдөрт 80 мянган тонн түлш хэрэглэдэг нийтийн тээврийн хэрэгслүүд. Тэдгээрийн ихэнх нь насжилт хэтэрсэн. Тиймээс парк шинэчлэлтээ цахилгаан, хий, эсвэл хосолсон чиглэлд хийх ёстой гэсэн бодлогыг нийслэлийн удирдлага барьж байна. Тиймээс ойрын хугацаандаа нийтийн тээврийн хэрэгслийг байгалийн шатдаг хийн хөдөлгүүртэй /CNG/ автобусаар шинэчлэх шаард­лагатай байгаа. Автотээврийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.4-т ч ийм заалт бий. Нийт 900 автобусыг ийм байдлаар шинэчлэхэд 80-135 сая ам.доллар шаардлагатай.

Ийнхүү нийслэлийн удирдлага орон сууцжуулах, дэд бүтэц байгуулах гэсэн урт хугацааны бодлогын зэрэгцээ дулаалга, цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, түлш гэсэн дөрвөн аргаар агаарын бохирдолтой зэрэг тэмцэнэ.



Ж.Батбаясгалан
(Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч)