Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээг шийдэх шинэ боломж
Хог хаягдлын хэмжээг бууруулангаа эрчим хүч үйлдвэрлэх боломжтой “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг Улаанбаатар хотод 2026-2029 онд хэрэгжүүлнэ.
Төр хувийн хэвшлийн түншлэлээр уг төслийг хэрэгжүүлэх бөгөөд төслийн өртгийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна. Гэхдээ ТЭЗҮ-ийг нь “Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн” боловсруулж, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авчээ. Тус хүрээлэнгийн боловсруулсан ТЭЗҮ-ээр уг үйлдвэр нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой байна. Энэ нь ойролцоогоор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг. Төслийн хүрээнд Морингийн даваанд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг нь чөлөөлөөд байгаа юм.
Хог шатааж эрчим хүч (цахилгаан, дулаан) гаргаж авах энэ технологийг олон улсад өргөн хэрэглэдэг.
Швед Улс хогны менежментээр дэлхийд тэргүүлдэг. Мөн хогныхоо 50-иас илүү хувийг шатааж эрчим хүч гаргадаг юм.
Япон Улс хот суурин газар ихтэй тул хог булшлах газар бага. Тиймээс орчин үеийн өндөр технологийн шатаах үйлдвэрүүд олонтой. Эдгээр үйлдвэрүүд нь утаа, хорт бодисыг маш нарийн шүүдгээрээ алдартай.
Данийн Копенхаген хотод байрлах “CopenHill” нь дэлхийн хамгийн шинэлэг, олон зориулалттай хог шатаах үйлдвэрүүдийн нэг юм. Энэ байгууламж нь энгийн нэг үйлдвэрийн үүргээс давж, эрчим хүч үйлдвэрлэх, байгальд ээлтэй шийдэл хэрэгжүүлэх, иргэдийн амралт чөлөөт цагийг дэмжих гэсэн гурван үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг шатааж, эрчим хүч болгодог үйлдвэрийнхээ дээр цанын зам, алхах зам, авирах ханатай амралтын бүс байгуулжээ.

Данийн Копенхаген хотод байрлах “CopenHill” хог шатаах үйлдвэр
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд
1. Хогийг ялгаж, шатаах үйлдвэрт оруулна
2. Өндөр температурт (850–1000°C) шатаана
3. Гарсан дулаанаар ус буцалгаж, уур үүсгэнэ
4. Уураар турбин эргүүлж, цахилгаан гаргана
Энэ төрлийн технологи нь олон давуу талтай. Тухайлбал:
-Хогийн хэмжээ 90 хүртэл хувиар багасна
-Эрчим хүч үйлдвэрлэнэ (цахилгаан + дулаан)
-Хотын хогийн цэгийн ачаалал буурна, ил задгай булж устгах аргаас татгалзаж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна
-Хогийн цэгээс үүдэлтэй хөрс, усны бохирдол буурч, ил задгай хог шатаалт багасаж, агаарын бохирдол буурна.
Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах шаардлага тулгараад байгаа.
Ийм үед “хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл нь нүдээ олсон байж болох ч дараах сул талыг ч мөн дагуулж байгаа юм. Тухайлбал:
-Анхны хөрөнгө оруулалт маш өндөр
-Өндөр түвшний технологи шаарддаг
-Үйлдвэрийн шүүлтүүр муу байгаа тохиолдолд утаа, хорт бодисын эрсдэлтэй
-Хог ангилан ялгалт муу бол үр ашиг буурна
Тиймээс Улаанбаатар хотод ийм төрлийн шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий боловч хог ялгах тогтолцооны сул хөгжил, өндөр өртөгтэй дэвшилтэт технологи, олон улсын түвшний нарийн шүүлтүүрийн системийг бүрэн нутагшуулах боломж зэрэг олон асуудал одоогоор шийдлээ хүлээсээр байна.
Сэтгүүлч Р.Ренчиндулам
