Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад ямар хугацаа хэрэгтэй вэ?

“Mongolian Economy” сэтгүүл энэ дугаараасаа эхлэн “Үзэл бодол“ гэсэн шинэ булан нээлээ. Манайх энэ булангаа Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй олон улсын мэргэжлийн экспертүүдээр хөтлүүлэх юм аа. Манай анхны нийтлэлийг дэд бүтцийн эксперт Ц.Түмэнцогт агаарын бохирдлын асуудлаар бичлээ.

Улаанбаатар хот цаг агаарын хувьд дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог бөгөөд агаарын бохирдлын хувьд ч мөн тэргүүлж байна. Агаарыг бохирдуулагч олон бодисын агууламж Монгол Улсын болон олон улсын байх ёстой норм хэмжээнээсээ аль хэдийнэ хэтэрсэн үзүүлэлттэй яваа. Ялангуяа бичил тоосонцор (англиар particulate matters (PM))-ын агууламж онцгой анхаарал татаж байна. Мэргэжлийн бус хүмүүст тайлбарлахад, РМ бичил тоосонцор нь хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй, амьсгалын, мөн зүрх судасны өвчнүүдийн эх үүсвэр болохоос гадна хүн амын наслалтын хугацааг богиносгодог нь тогтоогдсон. Сүүлийн жилүүдэд хийсэн хэмжилтүүдээс үзвэл, Улаанбаатар хотын бичил тоосонцор РМ-ийн жилийн дундаж агууламж Монгол Улсын агаарын чанарын стандартын хэмжээнээс 6-20 дахин их аж. Дашрамд хэлэхэд, Монгол Улсын агаарын чанарын стандарт нь олон улсын эрүүл мэндийн байгууллагын хэмжээнээс доогуур байдаг юм байна. Олон улсын экспертүүдийн тооцоолсноор ийм хэмжээний агаарын бохирдол нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьтай тэнцэхүйц хэмжээний эрүүл мэндийн зардал гарч байгааг тогтоожээ.

Мөн судалгаагаар амьсгалын замын өвчлөлийн хэмжээ эрс нэмэгдсэнийг тоо баримттай үзүүлсэн нь Улаанбаатар хот амьдрахад хэр таатай орчинтойг харуулж байна. Энэ байдал нь Засгийн газар, хувийн хэвшил, түншүүд болон иргэд хамтран яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна. Мөн сэтгэл амар суух боломжгүй болсныг харуулж буй. Тэгэхээр гадаадын туршлагаас суралцах, олон нийтийн агаарын бохирдлын талаар танин мэдүүлэх арга хэмжээг авах нь чухал байна.
Агаарын бохирдлыг эх үүсвэрийн хувьд гэрийн зуух, нам даралтын халаалтын зуухнууд, цахилгаан станцууд, шороон замууд, ил задгай хог, ногоон байгууламж хязгаарлагдмал байгаа дээр хот төлөвлөлт, гэр хорооллын эмх замбараагүй суурьшилт ч мөн нөлөөлдөг байна. Иргэд хөдөөнөөс хот руу жил бүр мянган мянгаараа шилжин суурьшиж байгаа бөгөөд хот төлөвлөлт, суурьшилтыг боловсронгуй болгохгүй бол энэ байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. 2007 оноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн тодорхой ажлууд хийсээр ирсэн болно. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран агаарын бохирдлын өнөөгийн байдал, учир шалтгаан, авч болох арга хэмжээ, гарах үр дүнгийн талаар багагүй ажил хийж, төсөл арга хэмжээнүүд нь түрүүчээсээ хэрэгжиж эхэлсэн. Хамгийн гол нь ганцхан арга хэмжээ аваад шийдвэрлэх боломжгүй цогц асуудал тул боломжтой бүхий л арга хэмжээг дайчилж байж үр дүнд хүрэх нь тодорхой. Болдогсон бол маш хурдан агаарын бохирдлоос салах сонирхол байвч санхүүгийн боломж, хэрэгжих хугацаа, иргэдийн орлого зэрэг бодит хүчин зүйл нөлөөлсөөр байна. Ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжих боломжтой арга хэмжээнд илүү бүрэн шаталттай гэрийн зуух, гэрийн болон орон сууцны дулаалгыг сайжруулах, төрөл бүрийн цэвэр түлш рүү шилжих зэрэг болно.

Дэлхийн банкны тооцоолсноор гэр хорооллын халаалт, дулаан алдагдал, түлштэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж чадвал агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Энэхүү арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн хажуугаар Засгийн газар, Улаанбаатар хотоос дунд болон урт хугацааны арга хэмжээ болох төвлөрсөн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх, орон сууцжуулах, хувийн хэвшилд өртөг багатай орон сууцыг барьж байгуулах хөшүүргийг бий болгоход анхаарлаа хандуулах шаардлагатай. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад иргэдийн орлогоос шалтгаалан тодорхой хугацаа шаардлагатай тул хотынхоо амьдрах орчинг сайжруулах ажлууд орхигдох ёсгүй билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн агаарын бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, гамшгийн байдалд хүрсэн энэ асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг санаачлан батлуулсан. Энэ нь цаг үеэ олсон асуудлыг дээд түвшиндээ шийдвэрлэх хүсэл эрмэлзэл байгааг харууллаа. Энэ оны хоёрдугаар сард батлагдсан энэхүү хуулинд гэр хороололд агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоох, энэхүү бүсүүдэд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх, газрын гүний дулаан, цахилгаанаар халаах, хагас кокс, хийн түлшийг ашиглах, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, стандартын хэмжээнд орон гэрээ дулаалсан өрхүүдэд урамшуулал олгох, орон сууцжуулах бодлогыг дэмжих, ажлын байрыг бий болгох зэрэг тодорхой асуудлыг хуульчилж өгсөн болно.

Өнөөдрийн байдлаар Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг гадаад түншүүдээс ойролцоогоор 47 сая ам.долларын төсөл арга хэмжээнүүд хэрэгжих шатандаа явж байна. Хувийн компаниуд мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан төрөл бүрийн санаачлага гаргаж ажиллаж эхэллээ. Энэхүү хувийн хэвшлээс гарч буй санаачлагыг Засгийн газраас дэмжиж, татварын ч юм уу хөнгөлөлтийг үзүүлж хөхүүлэн дэмжвэл улам үр дүнгээ өгөх болно.

УИХ-аас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг саяхан баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрт орон сууцны, дэд бүтцийн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн олон төсөл арга хэмжээг багтаасан нь бий.

Энэхүү хөтөлбөрийг хэрэг-жүүлэхэд ойролцоогоор 18 их наяд төгрөг буюу манай улсын гурван жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай билээ. Харин ач холбогдлын хувьд улс төрийн амлалтууд илүү жин дарж байгаа тул ойрын хугацаанд энэхүү хөтөлбөр хэрэгжих магадлал бага байна. Ямар ч байсан төлөвлөсөн арга хэмжээнүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, ойрын хугацааны арга хэмжээнүүдийг даруй хэрэгжүүлэхийн зэрэгцээ дунд болон урт хугацааны арга хэмжээнд анхаарч ажиллах нь хамгийн боломжит хувилбар мэт харагдаж байна.

Лондон хотын агаарын бохирдлыг бууруулахад 10 орчим жил шаардагдсан байдаг. Улаанбаатарын хувьд яаралтай арга хэмжээнүүдийг харилцан уялдаатайгаар нэн даруй авч хэрэгжүүлэхгүй бол түүнээс ч удаан хугацаа шаардлагатай байж мэднэ. Тэр болтол Улаанбаатар хотын иргэд эрүүл мэндээрээ улам хохирох бөгөөд төлөөсийг нь төлөхөөс өөр сонголтгүй болох вий.