Улаанбаатар хот утаагүй бол мөн гоё оо

Нийслэлийн 57-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Э.Гантулга хүү “Миний мөрөөдөл” гэдэг гарчигтай эссэндээ “Улаанбаатар хот утаагүй бол мөн гоё оо” гэж бичжээ. Утаагүй Улаанбаатарт амьдрах гэдэг өдгөө хүн бүрийн мөрөөдөл болсон. Нийслэл хотын гадаад орчны бохирдол ойролцоогоор жилд 463 сая ам.доллартай тэнцэх хэмжээний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг мэрэгжилтнүүд ярьж байгаа. Тухайлбал, утаанаас хамаарч зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхит, өвчин хүндрэх, уушигны үйл ажиллагаа буурах, төрөлтийн хүндрэл тохиолдох, амьсгалын замын өвчлөл ихэсч багтраа өвчин үүсэх гээд олон төрлийн эрүүл мэндийн асуудлыг араасаа дагуулж байгаа аж. Саяхан гарсан судалгаанаас харахад Улаанбаатар, ДЭМБ-ын агаарын чанарын стандартаас 35 дахин илүү бохирдолтой гэсэн дүн гарчээ. Энэ мэт олон тоо баримтаас хамаарч Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд очсон гэдгийг хэдийнэ мэргэжилтнүүд төдийгүй хүн бүр хүлээн зөвшөөрчихсөн. Тэгвэл бид яах вэ? Энэ асуултад хариулахаар “Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк”, “Дэлхийн банк”-ны дэмжлэгтэйгээр БОАЖЯ, ЭМЯ, МУИС, Улаанбаатар хотын захиргаа, гээд олон байгууллагууд хамтран “Улаанбаатарын агаарын чанарын дүн шинжилгээ” сэдэвт судалгааг дөрвөн жил явуулсан байна. Энэ судалгааны дүнг энэ сарын 14-ны өдөр олон нийтэд нээлттэй болгож, гарын авлага, холбогдох материалыг тараасан юм. Судалгааны багийнхны үзэж байгаагаар эдийн засгийн хувьд өртөг багатай, богино хугацаанд /1-3 жилийн хугацаанд/ утааг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж үзжээ. Мөн Улаанбаатар хотын тоосонцор, бохирдлын концентрац хэвийн хэмжээнээс 10-25 дахин их болсон талаар сануулсан юм. Тиймээс бид хором ч алдалгүй эрүүл мэнддээ анхаарч, хүн бүр утааны эсрэг үйлсд гар бие оролцох ёстой талаар онцолж байна. Тэдний хэлснээр “Гэр хороолол нь агаарын бохирдлын буруутан бөгөөд гол хохирогчид нь мөн тэд” гэв.

Тиймээс “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах боломжууд болон тэдгээрийн өртөг”-ийн судалгааг явуулжээ. Уг ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд судалгааны лабораторыг барьж байгуулсан аж. Энэ нь утааны эсрэг хийсэн үйл ажиллагаа агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг дор бүр нь гаргахад чухал юм. Мөн судалгаанд богино, дунд, урт хугацааны гэсэн гурван үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Богино хугацааны төлөвлөлтөд гэр хорооллын айлуудын зуухны хортой хийн ялгарлыг бууруулах, галлагааны системд өөрчлөлт оруулах талаар аж. Харин дунд хугацааны төлөвлөлтөд, гэр хорооллын өрхүүдэд цахилгаан халаагуур суурилуулах. Харин урт хугацааны төлөвлөлтөд гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах гээд олон ажлыг холбогдох яамдуудтай хамтран төлөвлөж, ажиллаж эхлээд байна. Судалгааны багийн үзэж байгаагаар эдгээр төлөвлөсөн ажлаас хамгийн үр дүнтэй хувилбар нь гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах аж. Тиймээс “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт энэ талаар тусгаж өгсөн байна. Утааг бууруулах олон талын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг энэ мэт хэрэгжүүлж эхлээд байгаа хэдий ч тодорхой үр дүн өнөөдрийг хүртэл олигтой харагдахгүй л байна. Улсын төсвийн нэлээдгүй хэсгийг утааг бууруулах үйл ажиллагаанд зориулж байгаа хэдий ч утаа өтгөрсөөр. . .