“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт болж байна

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалт Төрийн ордны Их танхимд өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалтыг нээж Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг Дарга С.Баболд хэлсэн үгэндээ өнгөрсөн жилийн форумаар хэлэлцсэн олон асуудал шийдэгдэж, санаачлагууд ажил хэрэг болсныг дурьдаад "Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ХОТ БИЕЛҮҮЛСЭН гэж үзэж байна" хэмээв.

Түүнчлэн "2018 онд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээр сунгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хотын дэд бүтцийг сайжруулах тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр цоо шинэ, иргэддээ мэдрэгдэхүйц үйл ажиллагаа өрнүүлэх болно" гэв.

Нийслэлийн Засаг Дарга 2018 оныг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгон зарласан бөгөөд энэ жилийн форумыг ч мөн энэхүү сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.