Улаанбуудайн урамшуулалд тонн тутамд 100 мянган төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар улаан буудайн урамшуулалд 100 мянган төгрөг олгохоор боллоо. Буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох мөнгөн урамшууллыг 100 мянган төгрөг гэж тогтов. Энэ оны улсын төсөвт улаанбуудайн урамшуулалд зориулж, тонн тутамд 50 мянга, нийт 15 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд нэмэлтээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгаж, ирэх оны эхний улиралд багтаан олгохоор өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 468 мянган тонн улаанбуудай хураан авч, ирэх оны тариалалтын үрэнд 47.3 мянган тонн, улсын үрийн нөөцөд 8.3 мянган тонн, тэжээлд 20 мянган тонн, спиртийн үйлдвэрт долоон мянган тонныг зарцуулах бөгөөд гурил үйлдвэрлэлд 386.4 мянган тонн буудай нийлүүлэгдэх боломж бүрджээ. Улсын хэмжээнд 240 мянган тонн гурил хэрэглэх бөгөөд үүнийг үйлдвэрлэхэд 328 мянган тонн улаанбуудай шаардлагатай аж. Энэ жилийн болон өнгөрсөн оны ургацын үлдэгдэл буудайг оролцуулан тооцоход дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангаж, 100 мянган тонн буудайг экспортод гаргах боломж байна. Иймд Тариалан эрхлэлтийн санд хадгалагдаж байгаа хүнсний улаанбуудайг гадаад, дотоодын зах зээлд зах зээлийн үнээр нь борлуулахыг Засгийн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгасан байна. Одоогийн байдлаар Хятад болон Дундад Азийн зарим орноос хүнсний улаанбуудай худалдан авах санал хүсэлт ирүүлээд байгаа аж.