Олон улсын санхүүгийн зах зээлд 7600 орчим крипто койн, токен “эргэлдэж”, үнэлгээ нь 2.7 их наяд ам.доллар буюу дэлхийн санхүүгийн зах зээлийн нийт үнэлгээ болох 250 их наяд ам.долларын 0.08 хувьтай тэнцэж байна. Эзэлж буй хувь нь өчүүхэн хэдий ч сүүлийн таван жилийн хугацаанд крипто зах зээл огцом 143 дахин өссөн, зохицуулалтгүй тул үнийн зохиомол хөөрөгдөлт бүхий манипуляц ихтэй, 95 хувь нь ардаа ямар нэгэн баталгаагүй, 99-өөс дээш хувь нь зургаан сараас дээш хугацаагаар амьдарч чадалгүй идэвхгүй хэлбэрт шилжиж буй зэргээс үүдэн улс орнууд анхаарч, зохицуулалтын арга хэмжээ авч эхэлсэн.

Хамгийн ойрын жишээ гэвэл арваннэгдүгээр сарын 12-нд Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди крипто зах зээлийг зохицуулах хуулийг яаралтай хэлэлцүүлэх үүргийг парламентдаа өгсөн бол үүнээс хэд хоногийн өмнө АНУ-д “Infrastructure Bill” батлагдсанаар крипто биржүүд хэрэглэгчдийнхээ мэдээллийг өгөх, 10 мянган ам.доллароос дээш гүйлгээг бүртгүүлэх, олсон орлогоос татвар төлөх зохицуулалтыг мөрдөхөөр болов.

Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнуудын интернэтийн хэрэглээ дэлхийн дунджаас өндөр, интернэт хэрэглэгчдийнх нь 80 хувь онлайн худалдаа, онлайн төлбөр тооцоог тогтмол ашигладаг тул крипто койн, токены халуурал энэ бүс нутгуудад эрчтэй явагдаж, 2017-2019 онд оргил үедээ хүрсэн юм. Үүнээс үүдэлтэйгээр “ASEAN+3” орнууд крипто гүйлгээ хийгчдийн албан ёсны бүртгэл, арилжааны дүн болон давтамж, крипто хэрэгсэл зах зээлд гаргагчдын мөрдөх дүрэм, хөрөнгө оруулалтын минимум хэмжээ, заавал байлгах ёстой нөөц, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах шийдэл зэрэгт хатуу хяналт тавих болсон.

Ялангуяа Сингапур крипто койн, токеныг санхүүгийн зах зээлд мөрдөгдөж буй бүхий л хуулийг дагаж мөрдөх зохицуулалт хийж өгсөн нь нэг талаас хатуу боловч нөгөө талаас крипто зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлсэн юм.

Харин Тайланд, Индонез, Малайз, Филиппин зэрэг улс крипто хэрэгсэл ашиглан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, татвараас нуугдах, авлига авах болон өгөх гэмт хэргээс сэргийлэх зорилгоор өөр өөрийн онцлогт тохирсон зохицуулалт, хяналтын механизмыг 2017 оноос ашиглаж байна.

Цаашид цаасан мөнгийг дижитал мөнгө орлон  гарч ирэх нь зайлшгүй болсон өнөөгийн нөхцөлд нийцүүлэн Америк, Хятад, Япон, Англи, Европын холбооны төв банкууд дижитал мөнгө гаргах туршилт эхлүүлжээ. Одоогоор дэлхийн 175 төв банкны 70 орчим хувь нь дижитал мөнгө гаргах бодлогоо боловсруулаад байна. Ийнхүү ойрын ирээдүйд төв банкууд хууль ёсны дижитал мөнгө гаргаж эхлэх нь тодорхой тул одоогийн крипто койн, токенууд цаашид хэрэглээнд байх уу, эсвэл  хориглогдох уу гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд томоохон асуудал болох юм.

Монголын крипто зах зээл
Монгол дахь крипто хөрөнгө оруулалт дэлхийн чиг хандлагаас ялгаатай бөгөөд нэн эрүүл бус байна. Монгол Улсад крипто зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөг буюу нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 53 хувь, даатгалын компаниудын орлогын 995 хувь, банк бус санхүүгийн байгууллагын олгосон зээлийн 103 хувьтай тэнцүү хэмжээнд хүрчээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдтэй харьцуулбал илүү ноцтой дүр зураг тодрох бөгөөд нийт эдийн засгийн 4.9 хувь, иргэдийн хадгаламжийн 17.4 хувь, гадаад валютын албан нөөцийн 16.8 хувь, аж ахуйн нэгж, иргэдийн гар дээр болон харилцах дансанд буй бэлэн мөнгөний 37 хувьтай тэнцэж, насанд хүрэгчдийн 30 хувь, ажил эрхлэгчдийн 50 хувь ямар нэгэн крипто койн, токеныг дунджаар дөрвөн сая төгрөгөөр худалдаж авсан байна. Энэ бол дэлхийн аль ч улстай харьцуулахааргүй, түүхэнд дахин давтагдах боломжгүй хэт халуурал бий болсныг илтгэж байна.

Дэлхийн жишгээс харахад ихэнх койны амьдрах хугацаа ихдээ зургаан сар байдаг. Үүнээс цааш тэсэх чадвартай нь тун цөөн бөгөөд ихэнх нь идэвхгүй хэлбэрт шилждэг юм. Үүний гол шалтгаан нь бодит хэрэглээ байхгүйтэй холбоотой. Түүнчлэн үнийн хэлбэлзэл хэт ихтэй, тодорхойгүй тул урт хугацааны томоохон хөрөнгө оруулагч байдаггүй. Хамгийн найдвартай гэгдэх биктойноор жишээ авахад сүүлийн таван жилийн хугацаанд нэг өдөрт 10 хувиас дээш үнэ унасан тохиолдол 30 гаруй удаа гарч, нэг өдөрт хамгийн огцомдоо ханш нь 40 хувь унаж байв. Жишээ болгож, койн, токены хөрвөх чадварын үзүүлэлтийг санхүүгийн бусад активтай харьцуулъя. Олон улсын санхүүгийн зах зээлд хамгийн өндөр хөрвөх чадвартай Америкийн бондын зах зээлийн өдрийн арилжаа 450 тэрбум ам.доллар, USD/GBP хослолын дүн 430 тэрбум ам.доллар, Японы Засгийн газрын бондын гүйлгээ 378 тэрбум ам.доллар, S&P 500 үнэт цаасны багц 125 тэрбум ам.доллар, алтны арилжаа 113 тэрбум ам.доллар байдагтай харьцуулахад биткойны эргэлт ердөө 6-17 тэрбум ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Бусад койн болон токеныг олон улсын санхүүгийн зах зээлийн агуулгаар харах өчүүхэн ч боломж байхгүй.

Мөн дэлхийн олон оронд крипто койн, токен эзэмшигчдийн 70-аас дээш хувь нь биткойн эсвэл этериум зэрэг нэгэнт байр сууриа олсон топ 10-т багтах алткойнуудыг эзэмшдэг. Орлогын хэмжээг нь авч үзвэл, хөрөнгө оруулагчдын дийлэнх нь гар дээрээ нэг сая ам.доллароос дээш бэлэн мөнгөтэй, 100  сая ам.доллароос дээш хөрөнгөтэй баян гэр бүлүүд байна. Харин манай улсад энэ талаарх судалгаа одоогоор алга.

Гэлээ ч жижиг хөрөнгө оруулагчид их байгаа нь 400 мянган хүн крипто койн, токен худалдаж авснаас харагдана. Үүний сул тал болон эрсдэл нь жижиг хөрөнгө оруулагчид үнийн мэдрэмж туйлын бага байдагтай холбоотой юм.

Өөрөөр хэлбэл, ханш нь 10 төгрөгөөс нэг төгрөг болж буурахад 100 сая төгрөгийн хөрөнгө оруулсан хүн ихээхэн алдагдал хүлээх тул болгоомжтой шийдвэр гаргадаг. Харин 20 мянган төгрөг оруулсан хүний хувьд энэ нь тийм ч их бодож, эргэлзэх  шаардлагагүй шийдвэр байдаг тул үр дагаварыг үл хайхран сэтгэлхөдлөлөөр, бусдыг дуурайн зах зээлд оролцох хандлагатай байдаг.

Манай эдийн засгийн гол онцлогуудын нэг нь бэлэн мөнгөний улирлын нөлөө маш их байдагт оршдог. Тухайлбал, Шинэ жил, Цагаан сар, Валентин, эмэгтэйчүүдийн баяр, эрэгтэйчүүдийн баяруудаар иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ огцом нэмэгддэг. Ковидоос шалтгаалаад баяр тэмдэглээгүй хоёр
жил болсон иргэдийн хувьд энэ жил өргөн хүрээнд тэмдэглэх биз. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөнийхөө 37 хувийг аль хэдийн криптод оруулчихсан иргэд хэрэгцээ гармагц койн, токенуудаа мөнгөжүүлээд эхлэх тэр үеийг одоогийн койн, токенууд давж гарч чадах эсэх нь эргэлзээтэй. Магадгүй крипто зах зээл дээрх хүндрэл Монголын эдийн засаг, санхүүгийн системд ихээхэн дарамт үзүүлэх нь 2022 оны нэг болон хоёрдугаар сараас ажиглагдаж эхлэх магадлал өндөр.

Ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд зөвхөн койн, токен гаргагчдыг буруутгах нь шударга биш юм. Амар хялбар аргаар хэд нугарсан орлого олох гэсэн, санхүүгийн луйвар гэж цоллосон атлаа худалдан авч шууд бусаар дэмжсэн, бусдын алдах эсэхэд огт санаа зовохгүйгээр ашиг олох эхний хэдэн хүний нэг болох гэсэн бидний сэтгэлзүй үнэхээр аюултай түвшинд хүрчээ. Бид голлон эдийн засаг, санхүү, зах зээлийн эрсдэлд анхаарлаа хандуулдаг ч үнэндээ хамгийн том эрсдэл маань өнөөгийн монголчуудын ёсзүй, ёс суртахуун, хандлагын доройтол болжээ гэдгийг крипто койн, токены халуурал харуулж байна.

Анхаарал татаж буй өөр нэг зүйл нь Монголын хөрөнгийн зах зээл хөгжиж амжаагүй байтал ямар ч баталгаагүй крипто койн, токенууд уламжлалт  санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтыг шахан гарч ирж буй явдал юм. Энэ нь бодит үйлдвэрлэл эрхэлж, бүтээмжийг нэмэгдүүлж, нэмүү өртөг бий болгодог салбараас зөвхөн үнийн хөөсрөлт, манипуляциас хамааралтай эрүүл бус бүтэц рүү хөрөнгийн эх үүсвэр шилжих эрсдэлийг үүсгэж байна.

Энэ бүхэн улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааны чанарт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Харин богино хугацаандаа крипто койн, токены хөрвөх чадварын хязгаарлагдмал шинжтэй уялдан иргэдийн хувьд зээлийн олдоц буурах, хүү нэмэгдэх, валютын ханш өсөх, инфляцижих, ажилгүйдэл ихсэх, дотоодын хөрөнгө оруулалт царцах, нийгмийн тогтворгүй байдал газар авах зэрэг муу үр дагавар гарах магадлалтай.

Хүлээлт
400-500 жилийн түүхтэй уламжлалт санхүүгийн зах зээл нь дотроо хөрөнгө оруулалтын болон арилжааны банк, хөрөнгийн зах зээл, даатгал, үл хөдлөх хөрөнгө, түүхий эд, дериватив, гадаад валютын зах зээл гэсэн өргөн фронтоор хүний амьдралын бүхий л түвшинд хүрч нөлөөлдөг хатуу стандарт бүтээгдэхүүн үйлчилгээтэй, үйл ажиллагааны тогтсон процесс дараалалтай, хууль эрхзүйн зохицуулалттай тодорхой экосистем бүхий шийдвэр гаргалтын нэгдсэн платформ юм. Харин блокчэйн технологид суурилсан уламжлалт бус санхүүгийн экосистем нь одоогоор крипто төлбөрийн хэрэгсэл, крипто зээллэгийн хүрээнд хязгаарлагдмал байгаа ч ирээдүйд санхүүгийн зах зээлийг эрс өөрчлөхөөр тасралтгүй хөгжиж байна.

Технологийн лидерүүдийн төсөөлж буйгаар блокчэйнд суурилсан уламжлалт бус санхүүгийн зах зээлийн дэд бүтэц 2030 оны орчим үндсэн гольдролдоо орж, санхүүгийн зах зээлд тэсрэлт хийх магадлалтай аж. Блокчэйн технологийг дан ганц санхүүгийн салбараас гадна бусад олон салбарт хөгжүүлж буй. Гэвч блокчэйн нь хөгжлийн эхний үе шатандаа явж буй технологи бөгөөд ямар аргаар хөгжүүлэх, үр дүнг нь хэрхэн үнэлэх, яаж зохицуулах зэрэг олон асуудал тодорхойгүй байна.

 

Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны арваннэгдүгээр сарын дугаараас (№178)

 

 

 

Mongolian Economy