Уламжлал шинэчлэлийн аль нь вэ

Монгол хүн шинэ шөл оочих, бяцхан үрсдээ “бөөр, зүрх гаргаж” өгөхийг хүсвэл дуртай үедээ хоттой хониноосоо барьж аваад л зооглодог. Герман улсад фермийн аж ахуй эрхлэгчид манайхан шиг хүссэн үедээ сүргээсээ дураараа нядлах эрх байдаггүй. Махны эрүүл ахуй ариун цэвэр, аюулгүй байдлын стандартын дагуу заавал үйлдвэрт өгч төхөөрүүлэх хуультай байх жишээтэй. Эндээс үзэхэд Монголын уламжлалт мал нядалгаа, махны үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн стандарт дэлхийн жишгээс тэс хөндлөн явна. Мах нь түргэн мууддаг, бохирдож, нян вирус үржих эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн гэгддэг. Хүнсний үйлдвэрлэл, технологийн чиглэлийн наад захын сурах бичгээс ч энэ талаар олж мэдэхэд төвөггүй. Тийм ч учраас дэлхийд мал төхөөрөх үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дээд зэргээр анхаарч, эрүүл ахуй, ариун цэврийн холбогдох дүрэм журам, стандартуудыг чандлан мөрддөг учиртай.

ХБНГУ мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн чанараараа дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн сард Улаанбаатарт болсон “Герман-Монголын бизнесийн өдрүүд” чуулга уулзалтын үеэр яригдсан нэг сэдэв нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шинэчлэл, технологи, чанарын асуудал байсан юм. Эхний илтгэлийг тавьсан “Хаммер Дорфмарк” компанийн захирал Жозеф Хаммер “Амьдралд нийцтэй технологи, дээд зэргийн ариун цэвэр, олон жилийн туршлага, үе дамжин уламжилж ирсэн арга барил, орчин цагийн шинэчлэл гээд энэ бүхэн Германы мах үйлдвэрлэлийн салбарыг тодорхойлж өгдөг” гэсэн юм. Тэрбээр өдгөө махны үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж худалдаалдаг бизнес эрхэлдэг. Туршлагатай технологчийн сонирхуулсан статистик мэдээллээс үзэхэд, ХБНГУ-д мах, махан бүтээгдэхүүний олон жижиг үйлдвэр байсан нь хөгжлийн явцад эрүүл ахуй, ариун цэврийн чанар стандартын шаардлагын дагуу том үйлдвэрүүддээ шахагдаж цөөрчээ. Гэхдээ тус улс энэ салбарын ололт амжилтаа улам сайжруулж, дэлхийн жишиг болж яваа учраас өдгөө махны үйлдвэрлэлийн тархалт буцаад хүрээгээ тэлэх хандлага бий аж. Монголд ч мөн нийгмийн хөгжлөө дагаад иргэдийн хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлага, хэрэглээний соёл өөрчлөгдөж буй. Тиймээс мал төхөөрөх монгол арга цаг үеийн шаардлагаар өөрчлөгдөхөөс аргагүй. Монголын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой статистик өгүүлье.

Монгол улс жилд дунджаар 8.0 сая гаруй толгой мал хүнсэнд хэрэглэж, 200-240 орчим мянган тонн мах үйлдвэрлэж, дотоодын хүн амын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Өнгөрсөн онд гэхэд л улсын хэмжээнд нийт 208 мянган тонн мах бэлтгэсний 15,6 мянган тонныг нь үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Холбогдох албаны мэдээлэлд дурдснаар энэ нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш гэнэ. Учир нь дээрх үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос 1.9 хувиар, 2008 онтой харьцуулахад 26,8 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн хиамны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн онд 2204.4 тн буюу өмнөх онтой харьцуулахад 27 хувиар өссөн дүнтэй байна. Харин үхрийн махны үйлдвэрлэл өмнөх оноос 25 хувиар буурсан бол бусад малын махны үйлдвэрлэлийн хэмжээ 10-70 хувиар нэмэгджээ.

Манай улсад том, жижиг нийлсэн нийт махны 42 үйлдвэр бий. Эдгээр үйлдвэр жилдээ 18620 толгой бог, 3600 бод төхөөрөх, 30237 тн мах хөргөх, 1160.2 тн-ын хөлдөөх хүчин чадалтай тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2008-2012 оны махны салбарын тайланд дурджээ. Дээрх 40 гаруй үйлдвэрээс 10 гаруйхан нь тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ нь мал нядлах технологи, мал эмнэлэг, ариун цэврийн стандартын шаардлага хангахгүй, Аюлгүйн дүн шинжилгээ буюу эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо/HACCP/ нэвтрүүлээгүйтэй холбоотой гэж үзэж болох юм. Тухайлбал, 2010 онд Хүнс, хөдөө аж ахуйн яам /өмнөх нэрээр/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудын гаргасан холбогдох тушаал, удирдамжийн дагуу улсын хэмжээний мал нядлах, мах боловсруулах 35 үйлдвэрт мал нядлах технологи, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадлагаа хийж, дүгнэлт гаргажээ. Зургаан үйлдвэр “ААА”, 28 үйлдвэр “АА” зэрэглэлийн шаардлага хангасан бол нэг үйлдвэрийн “АА” зэрэглэлийг цуцалсан аж. Дэлхий нийтэд чухлаар авч үзэж буй махны үйлдвэрийн Аюулгүйн дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог “Жаст -Мах маркет” үйлдвэр өнгөрсөн онд нэвтрүүлж, олон улсын байгууллагаас итгэмжлэл авсан. Ингэснээр манайх мах, махан бүтээгдэхүүнээ дэлхийн хөгжингүй улс орнуудад экспортлох боломж бүрдэж байгаа гэж мэргэжилтнүүд онцолдог. Мөн дээрх “Герман -Монголын бизнесийн өдрүүд” чуулга уулзалтын үеэр махны чиглэлийн хоёр дахь илтгэлийг НҮБ-ын ХХААБ /FAO/-ын “Махны чанар, аюулгүй байдлыг сайжруулах” GCP/MON/007/ITA төслийн үндэсний зохицуулагч С.Энхбаяр тавьсан.

Итали улсын Засгийн газрын “Итгэлцлэлийн сан”-гаас санхүү- жилттэй нийт 520 мянган ам.долларын уг төсөл нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас ирэх оны тавдугаар сар хүртэл хэрэгжих аж. Энэ төсөл нь Монголын махны үйлдвэрлэлд үгүйлэгдэж буй Махны аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо буюу /GMP, HACCP/ нэвтрүүлж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах тал дээр богино хугацаанд гарт баригдахаар ажлууд хийж байгаа нь олзуурхууштай байв. GMP гэдэг нь үйлдвэрлэлийн зохистой дадал юм. Тус төслийн хүрээнд НАССP-г Монголын хоёр махны үйлдвэрт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч нэг нь үйлдвэрийн байдлаасаа болоод төдийлэн хийгдээгүй. Харин Дархан-Уул аймагт байрлах “Дархан мийт фүүдс” ХХК-д сайн хэрэгжиж байгаа аж. Аюулгүйн дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо нь сайн тоног төхөөрөмж авч, суурилуулснаар шийдэгдчихгүй. Мал хүлээж авахаас эхлээд үйлдвэрийн бүх шатанд үйлчилдэг бүртгэлээр хяналт тавих тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, энэ тогтолцоог нэвтрүүлэхэд төслийн зүгээс нэр дурдагдсан үйлдвэрт очиж сургалт хийх, байнга мэргэжлийн заавар зөвлөгөө өгдөг байна. Үйлдвэрийн удирдлагын зүгээс харин олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийхэд гар татахгүй байх “эр зориг” хэрэгтэй.

Төслийн удирдагч, зөвлөх “Дархан мийт фүүдс” компанийн захиралд энэ тал дээр онц дүн тавьж байна лээ. Учир нь, тус компани төслийн хугацаанд өөрийн хөрөнгөөр мал нядалгааны шугамаа бүрэн шинэчилж, үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж мах шулж, ангилж, савлах, хиам болон боловсруулсан бүтээгдэхүүний цех байгуулсан байна. Тус төслийн зөвлөхөөр Мишаел Бенкер гэдэг махны технологич мэргэжилтэй герман хүн ажиллаж, үйлдвэр болоод орон нутагт байгуулж буй махны жижиг цехүүдэд зөвлөж байгаа нь нэлээд үр дүн өгч байгаа ажээ. Мөн тус төслийн хүрээнд аймаг, орон нутагт махны 15 жижиг цех байгуулсан байна. Уул уурхайн хөгжилтэй холбоотой зах зээлд шинээр бий болж буй эрэлт хэрэгцээг малын гаралтай аюулгүй хүнсээр хангах, хөдөө, орон нутагт өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх техникийн чадавхыг сайруулах зорилтын хүрээнд ийн 15 суманд махны жижиг цех барьжээ. Сумын цех мал төхөөрнө-мах боловсруулна-гулууз мах, ангилсан мах, дайвар бүтээгдэхүүн гаргана-төрөл бүрийн хиам, дотор махан бүтээгдэхүүн, бууз, банш гэх мэтийг үйлдвэрлэж аль ойрхон байгаа аймаг, орон нутгийн зах зээлд нийлүүлдэг байна. Ийнхүү мал төхөөрөх, махан бүтээгдэхүүн боловсруулах цех сумын түвшинд байгуулагдана гэдэг бол хот, суурин газраас алслагдсан иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, шинэ хүнсээр хангагдах нөхцөл бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм. Үүнтэй холбоотой сүүлийн үед хөдөөд махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол их болсон. Харин сумын цехийн хиамны үйлдвэрлэлд хэрэглэгддэг нитритийн нийлүүлэлтийн асуудлыг цаашид хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх тал дээр төрөөс анхаарах хэрэгтэй гэдгийг Энхбаяр тэмдэглэсэн. Цехийн тоног төхөөрөмжүүдийг төсөл болон ХХААҮЯ/өмнөх нэрээр/-наас нийлүүлжээ. Нэг цехэд 37.4 сая төгрөгийн тоног төхөөрөмж шаардагдах бөгөөд өдөрт таван бод, 20 бог нядлах хүчин чадалтай. Түүнчлэн нэг цехэд доод тал нь дөрвөн хүн ажиллана гэж тооцоход хөдөөд ажлын байр нэмэгдэж байгаа гэсэн үг. Төслийн зүгээс цехийн үйл ажиллагааг эхлүүлэх сургалт, техникийн чадавхыг сайжруулах сумдын нэгдсэн сургалтыг ч мөн цөөнгүй хийсэн байна. Одоо монголчуудад эрүүл, аюулгүй мах хэрэглэж хэвших чиглэлд сурталчилгаа, мэдээлэл өгөх ажил бий тухай Энхбаяр хэлсэн. Хөдөөнийхөн “Бид мал төхөөрөхөө хэнээр ч заалгахгүй мэднэ. Харин махан бүтээгдэхүүн хийх аргад суралцах нь чухал байна” гэж асуудалд өрөөсгөл хандах нь бий талаар төслийнхөн ярьж байсан. Өөрөөр хэлбэл, гар аргаар мал төхөөрөх монгол аргаасаа салах шаардлага байгааг хөдөөний малчид одоогийн байдлаар төдийлэн ойлгоогүй яваа нь эндээс харагдах аж.

HACCP-ын түүх АНУ-аас үүсэлтэй гэдэг. Европын холбооны улсуудын үйлдвэрлэгчид ч уг тогтолцоог санаачилгаараа нэвтрүүлээгүй юм билээ. Тус орнуудын супер- маркетынхан баталгаатай, найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг үйлд- вэрлэгчдээсээ шаардсанаар Европын махны үйлдвэрлэлд энэхүү хяналтын тогтолцоо нэвтэрчээ. Манайд ч гэсэн супермаркетийнхэн худалдан авч буй бараандаа анхаарал тавьж, үйлдвэрлэгчдийг эрүүл, шинэ хүнс нийлүүлэхийг шаардаж эхлэх юм бол Монголын махны салбарт сүүлийн 10-аад жил яригдаад, өдгөө хоёрхон үйлдвэр нэвтрүүлж буй HACCP-г нийтээрээ нэвтрүүлэх боломжтой. Энэхүү эгзэгтэй цэгийн тогтолцоо зөвхөн мах биш, хүнсний бүх үйлдвэрлэлд хамаатай билээ.