Уламжлал VS Тогтвортой аялал жуулчлал

Г.Жаргалмаа Багш, судлаач 2006 оноос эхлэн боловсрол, банк санхүүгийн салбар, бизнесийн байгууллагуудад багш, зөвлөхөөр ажиллаж, 2016 онд "Тогтвортой аялал жуулчлалын стандартыг Монголд нэвтрүүлэх боломж" сэдвээр бизнесийн удирдлагын доктор \PhD\-ын зэрэг хамгаалсан. Харилцагчийн үйлчилгээ, харилцааны соёл, үйлчилгээний чанар, стандартын чиглэлээр дагнан сургалт, судалгаа хийдэг.


Үйлчилгээний салбар хурдацтай өсөж, ялангуяа аялал жуулчлалын салбар нь стратегийн тулгуур нэг салбар болоод байна. Нөгөө талд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар уул уурхайгаас бусад бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх буюу ногоон эдийн засгийг дэмжих замаар улс орнууд хөгжлөө хангах стратеги баримтлах болж.

Өнөөгийн аялал жуулчлал нь "Масс аялал жуулчлал"-аас "Тогтвортой аялал жуулчлал"-руу шилжих хандлагатай болжээ (Stanislav Ivanov, 2013). Учир нь масс аялал жуулчлал нь тухайн улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа ч байгаль орчныг бохирдуулж, хүлэмжийн хийг нэмэгдүүлэн, тухайн орчны экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа тул энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудын хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа юм. Тиймээс дэлхийн аялал жуулчлалын салбарт тогтвортой аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Нөгөө талаар жил ирэх тусам мэдлэг, туршлагатай, хариуцлагатай жуулчдын тоо өсч, аялагчид нь шинэ зүйлийг эрэлхийлж “хүний очиж байгаагүй газарт очих” хүсэл тээж ирдэг. Тэд онгон зэрлэг байгаль, нүүдэлчний амьдралын хэв маягийг харж мэдрэн, хүмүүстэй уулзаж танилцан бусдад ярих сонинтой буцахыг хүсдэг (CBI, 2013).

Өөр соёл иргэншил, амьдралын хэв маягтай хүмүүсийн яаж аж төрж, хэрхэн сэтгэж, юуг эрхэмлэн дээдэлж, ямар ёс заншил, уламжлалтай гэдгийг нүдээр харж, биеэр мэдэрч, ойлгож ухаарахын тулд тухайн орон нутагт нь очиж, иргэдтэй нь хамт хэсэг хугацаанд өдөр тутмын ахуйн амьдралд нь оролцож, түүнээс суралцах хүсэл сонирхолтой жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна (Edgell, David, Swanson, Delmastro Allen, & Smith, 2013). Жуулчдын энэхүү хандлага нь тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх гол суурь хүчин зүйл болж байна.

Тэгвэл тогтвортой аялал жуулчлалыг хэрхэн тодорхойлох вэ?

Тогтвортой аялал жуулчлалын талаар олон тодорхойлолт байдаг бөгөөд тэдгээрийг тоймлон харуулбал,

(Англи жуулчдын зөвлөл 1991:15)

Нөөцийг шавхаж, гаднын зочныг залилж, нутгийн иргэдийг ашиглалгүйгээр зочин, нутгийн иргэдийн хооронд илүү найрамдалт, бүтээлч харилцааг тогтвортой аялал жуулчлал эрэлхийлнэ

(Inskeep 1991:15)

Одоогийн жуулчин, нутгийн иргэдийн хэрэгцээг хангахдаа ирээдүйн нөөц боломжийг хэвээр хадгалахын тулд соёлын өвийг хамгаалж, экологийн үйл явцыг дэмжиж, биологийн төрөл зүйлийг хадгалан, уламжлалт ахуйг дэмжих замаар бүх нөөцийг удирдах үүргийг тогтвортой аялал жуулчлал гэнэ

(Bramwell & Lane 1992:2)

Тогтвортой аялал жуулчлал бол жуулчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэдийн дунд үүсдэг нарийн төвөгтэй харилцааг зохицуулах, хурцадмал байдлыг намжаах эерэг хандлага юм. Энэ хандлага нь байгаль болон хүмүүст урт хугацааны өгөөж, чанарыг авчрахын төлөө ажилладаг. Энэ бол өсөлтийн эсрэг зүйл биш, харин аливаа өсөлт хөгжилд хязгаарлалт байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг

(Tourism Concern 1992:3)

Аялал жуулчлал бол одоо ирээдүйг холбох дэд бүтэц юм. Үүнд: байгалийн нөөцийн үр өгөөжийг ирээдүйд хадгалахын тулд байгалийн нөөцийг шавхахгүй байх, орон нутгийн иргэдийн хувь нэмэр, амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрөх, аяллын туршлага хуримтлуулах, аялал жуулчлалаас олсон орлогыг зохистой хуваарилах, уугуул иргэдийн хүсэл шаардлагыг тусган хүлээн авах гэх мэт

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (1993)

Тогтвортой аялал жуулчлалыг 1993 онд тодорхойлохдоо: “Одоогийн жуулчид болон уугуул иргэдийн хэрэгцээг хангахдаа ирээдүйн боломжийг дээшлүүлэх” гэсэн бол 1995 онд: “орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, аялагчдад өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх, нутгийн иргэд болон жуулчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүрээлэн буй орчны чанарыг хангах эдийн засгийн хөгжлийн загвар” гэж тодорхойлсон байна.

(Lane 1994:102)

Тогтвортой аялал жуулчлал нь зорин очих газар, хүмүүс, тэдний амьдрах хэв маягийн харилцааг илэрхийлдэг. Зорилго нь энэ гурвалжны тэнцвэрт байдлыг урт хугацааны турш хадгалах явдал юм.

(Дэлхийн байгаль хамгаалах сан 2000:v)

Аялал жуулчлал бол одоо ирээдүйг холбох дэд бүтэц юм. Үүнд: байгалийн нөөцийн үр өгөөжийг ирээдүйд хадгалахын тулд байгалийн нөөцийг шавхахгүй байх, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, нутгийн соёл, уугуул иргэдэд анхаарал тавьж, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг тэдэнд тэгш хуваарилах дэд бүтэц юм.

(ETC 2002)

Тогтвортой аялал жуулчлал бол хойч үедээ үлдээх үр өгөөжийг илүү байлгахын тулд байгаль орчин, нутгийн иргэд, эдийн засагт үзүүлэх аялал жуулчлалын эерэг нөлөөллийг удирдах явдал юм. Энэ нь аялал жуулчлалын бүх төрөл хэлбэртэй холбоотой удирдлагын арга барил юм.

(UNWTO, 2008)

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, өв соёлыг хадгалан үлдэх, орон нутгийн иргэдэд үзүүлэх нийгэм, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны тогтвортой байдлыг хангах үзэл баримтлалыг тогтвортой аялал жуулчлал гэнэ

MNS 5409:2004

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нутгийн оршин суугчид, тэдний амьдралын хэв маягийг хүндэтгэх жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлалыг тогтвортой жуулчлал гэнэ

(WTO, 1998: 21)

Өнөөдрийн жуулчдын хэрэгцээг хангахдаа ирээдүйн боломж нөөцийг устгахгүй, хадгалан хамгаалах үзэл баримтлалыг тогтвортой аялал жуулчлал гэнэ

(Дэлхийн байгаль хамгаалах холбоо, 1996)

Байгаль орчныг хамгаалахын тулд (түүхэн болон одоогийн аливаа дагалдах соёлын онцлог) жуулчдын сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгаж, иргэдийн оролцоог дэмжих замаар тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийг идэвхжүүлэх байгаль дахь хариуцлагатай аялал болон айлчлалыг тогтвортой аялал жуулчлал гэнэ

Эх сурвалж (UNWTO, 2013)

Аялал жуулчлалын тогтвортой хөгжил гэдэг нь зорин очих газрын эдийн засаг, байгаль орчин, нийгэм-соёлын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх явдал юм (UNWTO, 2013). Эрэлт хэрэгцээг хэрхэн удирдаж байгаагаар аялал жуулчлалын бизнесийн чадварыг тодорхойлж болно. Учир нь тэдний зах зээлээ хангах нэг хүчин зүйл нь орлогынхоо зорилго, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэсэн шийдвэр юм (Middleton & Hawkins, 1998; Swarbrooke, The development and management of visitor attractions, 2002).

Харин бидний хувьд аялал жуулчлал гэсэн нэг шүхэр дор хэдэн гэр барьж, тус тусдаа дангаар тоглолт хийж, ирээд буцах жуулчдаас хэдэн төгрөг ч болтугай илүү авахын тулд үнийн хий хөөрөгдөл бий болгож, дараагийн ирэх жуулчдын үүдийг хаахын оронд тогтвортой аялал жуулчлалын үндэсний стандартыг бий болгож, дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, нэгдсэн системтэйгээр энэ салбарыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Дараах хүснэгтээс тогтвортой аялал жуулчлал ямар онцлог ялгаа, давуу талтай болохыг ойлгох боломжтой.

Уламжлалт аялал жуулчлал ба тогтвортой аялал жуулчлалын ялгаа

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

УЛАМЖЛАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

1

Зорилго

Ашиг

Байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурвалсан эрх ашгийг хангах

2

Төлөвлөгдсөн байдал

Ихэнхдээ урьдчилан төлөвлөдөггүй, тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг

Бүх оролцогч талуудыг эрх тэгш оролцоог хангасан

3

Хэнд чиглэдэг вэ?

Жуулчдад чиглэсэн

Орон нутаг руу чиглэсэн

4

Хяналтын хэлбэр

Гадны хяналт

Орон нутгийн хяналт

5

Юунд төвлөрдөг вэ?

Жуулчдын зугаа цэнгэлд төвлөрдөг

Боловсрол, танин мэдэхүйд төвлөрдөг

6

Юуг хамгаалдаг вэ?

Нөөцийг хамгаалахад анхаардаггүй

Байгалийн нөөцийг тэргүүлэх зэрэгт тавих

7

Юунд давуу тал олгодог вэ?

Орон нутагт ач холбогдол өгдөггүй

Орон нутгийн соёлыг хамгаалах

8

Хэнд орлого оруулдаг вэ?

Орлого бүхэлдээ гадны бизнесийн компаниуд болон хөрөнгө оруулагчдад очдог

Орон нутгийн иргэдэд түлхүү орлого оруулах

Эх сурвалж: (UNWTO, 2008)

Уламжлалт аялал жуулчлал одоогийн жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгах тал дээр түлхүү анхаардаг бол тогтвортой аялал жуулчлалын хувьд өнөөдрийн төдийгүй, ирээдүйн жуулчид, орон нутгийн иргэдийн сэтгэл ханамжийг нэг түвшинд авч үздэгээрээ онцлог ялгаа, давуу талтай юм.