Улсынхаа хөгжлийн төлөө юу хийж чадах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс ”Өрсөлдөх чадвар ба компанийн нийгмийн хариуцлага”, Хариуцлагаа ухамсарласан аж ахуйн нэгж эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө юу хийх ёстой вэ? сэдэвт олон улсын бага хурлыг энэ сарын 6, 7-нд “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа. Бага хурлаар компанийн нийгмийн хариуцлагыг хэрхэн ойлгох, компанийн нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлснээр аж ахуйн нэгж байгууллагуудын өрсөлдөх чадвар хийгээд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх боломж зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ер нь дэлхий дахинааараа даяарчлагдаж буй өнөө үед аж ахуйн нэгжүүд компанийн нийгмийн хариуцлага (КНХ)-ын стандартуудтай байнга тулгарч, нийгмийн зүгээс ирж буй хүлээлт, хэрэгцээнд зохицож ажиллах шаардлагатай болоод байгаа билээ. Иймээс аж ахуйн нэгжүүд урт хугацааны турш эдийн засгийн өрсөлдөх чадвартай байж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийн хүрээлэн буй нийгэм, экологийн орчинд стратегийн хөрөнгө оруулалт хийж хөгжүүлэх нь чухлыг хуралд оролцогчид санал нэгтэй тэмдэглэсэн.

Тус хуралд Дэлхийн компанийн засаглалын нэгдсэн сүлжээг үүсгэн байгуулагч Брад Гоогинс, Германы компанийн засаглалын төвийн удирдах зөвлөлийн гишүүн Михаель Бюрш, Германы томоохон компаниудын төлөөллөөс гадна Монголын аж ахуйн нэгжүүд мөн төр, төрийн бус байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцсон юм. Энэхүү арга хэмжээг Монголын компанийн засаглалын хөгжлийн төв, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Германы компанийн засаглалын төв, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын бизнесийн зөв­лөлтэй хамтран зохион байгуулж, мэдээллийн түншээр “Mongolian Economy” сэтгүүл ажилласан. Монгол Улсын хувьд шинэлэг компанийн нийгмийн хариуцлагын тухай хариуцлагатай ярьсан дээрх хурлын дэлгэрэнгүй сурвалжлагыг манай сэтгүүлийн дараагийн дугаараас уншаарай.