Улс тунхагласны баярын өдрийн “бэлэг”

Sarangerel
2025-11-26 13:22:41
Ангилал:

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилсон мэдээ нь Монгол Улсаа тунхагласны баярын өдрийг угтсан сайн мэдээнүүдийн нэг болов. Нэг ёсондоо “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн зүгээс монголчуудад барьж буй бэлэг юм даа. Бэлэг гэсний учир болбоос Монголын хамгийн том, мөн дэлхийд эхний таван байрт жагсах зэсийн уурхайг монгол хүн хэзээ удирдах бол гэсэн хүлээлт энэ 10 гаруй жилийн туршид бидэнд байсаар ирсэн нь үнэн шүү дээ.

Нөгөөтэйгүүр аливаа юманд цаг хугацаа гэж бий. “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдэрийн гэрээт хугацаа дуусаад байсан үе. Өмнөд Африкийн уул уурхайн хот Йоханнесбург хотод төрж өссөн энэ эмэгтэй дэлхийн хэмжээний уурхайг удирдахаар гурван жилийн өмнө Монголд хөл тавьсан юм. Антарктидаас бусад тивд уурхайн үйл ажиллагаа, стратеги, төсөл хөгжүүлэлт, бизнес сайжруулалтын чиглэлээр ажиллаж 25 жилийн туршлага хуримтлуулсан Дэйрдрэ Лингенфэлдэр “Оюу толгой” компанийн анхны эмэгтэй захирал гэсэн тодотголтойгоор манай улсад ажилласан томилолт нь дуусч байна.

Харин С.Мөнхсүх “Оюу толгой” компанийн анхны монгол захирал гэж онцлогдон гүйцэтгэх захирлын ажлаа 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сар бол Монголын Засгийн газар болон “Рио Тинто” группийн хувьд хэлэлцээрийн сар байсан юм. Манай төр засгаас “Оюу толгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах асуудлыг тавьж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суусан сар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулсан Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байгаа юм.

Оюутолгойн төслийг санхүүжүүлсэн зээлийн хүүгийн хувь хэмжээ тухайлбал, 2009 онд төслийн эрсдэл өндөр үед 11.1 хувийн хүүтэйгээр авсан зээл одоо эрсдэл бараг тэг болсон байхад ижил өндөр хүүтэйгээр үргэлжилж байгаа асуудлыг бууруулах шаардлага тавьсан юм. Хоёр тал энэ асуудлаар хэлэлцэж ярилцсанаар зээлийн хүүг буруулах тохиролцоонд хүрсэн нь бас нэгэн сайн мэдээ болж монголчууд бид Монгол бахархал, Улс тунхагласны баярын өдрүүдийг тэмдэглэж байна.

Хэлэлцээрийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, асуудлаар санал солилцож, төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг онцлохын зэрэгцээ цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монгол Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг тэмдэглэсэн юм.

С.Мөнхсүх гэж хэн бэ?

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан тухайгаа өчигдөр мэдээлэв.

С.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллаж, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн гэдгийг “Оюу толгой” компанийн ТУЗ-өөс онцолжээ. Тэрбээр 2012 оноос “Оюу толгой” компанид ажилласнаар мега төсөлд гар бие оролцож эхэлжээ. 2015 онд Лондон руу явж, “Рио Тинто” группийн оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг удирдан хариуцан ажиллав. Улмаар өнөөдрийг хүртэл тус группийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ хугацаандаа Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайлбал, Австрал дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулан эрчимжүүлэн ажилласан байна.

“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хинтон “Өнгөрсөн 15 жилийн турш бүтээн байгуулалт өрнүүлж, амжилт бүтээлээ тогтвортой үйлдвэрлэлээр баталгаажуулсан Оюутолгой төсөл хөгжлийнхөө дараагийн шатанд ирээд байна. Түүхэн ач холбогдолтой энэ мөчид хувь нийлүүлэгчдийн итгэлцэл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ Оюу толгойн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг шинэ захиралд ирж байна. Түүний уул уурхайн салбарын өргөн мэдлэг, “Оюу толгой” болон “Рио Тинто” группт ажилласан арвин туршлага нь Оюу толгойн амжилтын буухиаг үргэлжлүүлж, компанийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэв.

Сэтгүүлчийнхээ хувьд С.Мөнхсүхийг дэлхийн хамгийн том зэсийн төслийг удирдахад бэлтгэгдсэн хүн гэж хэлнэ. Тэрбээр Оюутолгой төслийг Монголд эхлэх үеэс гар бие оролцож, амжилт, асуудал, уналт босолт, оролцогч талуудын ашиг сонирхол бүрийг мэдэж, биеэр хамт туулж байсан менежер. Тэрбээр “Рио Тинто” группийн төв оффист очсоноор дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй олон төсөлд ажиллаж, олон улсын тэргүүлэх арга барилыг өөртөө суулгаж, мега төслийг удирдах туршлагад суралцсан захирал. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Рио Тинто” группийн бодлого, үйл ажиллагаа, сонирхлыг сайн мэднэ. Дотор нь ажиллаж, нэг эд эс нь болж ирсэн мэргэжлийн хүн. Нөгөө талаас Монгол Улсынхаа бодлого, хөгжил, засаг төр, ард түмний мега төсөлд хандах хандлага, хүсэл сонирхлыг сайн ойлгосон монгол менежер. Тиймээс Оюутолгой төслийг оролцогч талуудын хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлыг нэг цэгт нэгтгэн “Оюу толгой” компанийг дараагийн шатанд гаргах монгол менежер байх болно гэдэгт итгэж байна.

Үүнийг “Надад итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу Оюутолгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд гар бие оролцон зүтгэж, өнөөгийн амжилтад хөтөлсөн хамт олноороо бахархаж байна. Оюутолгойн амжилт бүтээлийг шат ахиулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, Оюутолгойтой холбогдсон тал бүрд үнэ цэнийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно” хэмээн түүний хэлсэн үгнээс харж болно.

Оюутолгой төсөл өнөөг хүртэл нийтдээ 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийгээд байна. Монгол Улсын эдийн засаг, төсөвт төвлөрүүлдэг мөнгөний хэмжээгээр Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийг сүүлийн гурван жил дараалан тэргүүллээ. Боловсролын салбарт 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1130 гаруй боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт монгол залуусыг хамруулжээ.

Нийтдээ, үндсэн болон гэрээт нийлээд 17000 гаруй ажилтантай. Үүний 97 хувь нь монголчууд. Нийт ажиллах хүчний 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 2030 он гэхэд 50 хувьд хүргэх зорилт тавьсан. 800 гаруй ханган нийлүүлэгчтэй, үүний 600 нь үндэсний компаниуд.

“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”, “Ханбогдын хөгжлийн хурдасгуур буюу Оюу толгой сан”-гаар дамжуулан 224 тэрбум төгрөгийг орон нутагт, хатуу дэд бүтцээс гадна зөөлөн дэд бүтэц, сургууль, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн төсөл хөтөлбөрт зориулсан. “Оюу толгой” компани 2030 он гэхэд 100 сая мод тарих, түүнтэй дүйцэх хөтөлөбөрүүд хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 21 сая мод тариад байна. Зөвхөн мод тарих бус, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэхэд анхаарч байна. Хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон Дархан, Сэлэнгийн бүсийн 615 га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Одоо дахин 600 га талбайд байгалийн нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна. Үр дүнд нь Сэлэнгэ аймагт эвдэрсэн талбай байхгүй болно. 2050 он гэхэд “Оюу толгой” компани үйл ажиллагаанаасаа гарах нүүрсхүчлийн хийг тэглэх том зорилт тавьсан юм.

Д.БЭХБАЯР