Улс төрд олзлогдсон Оюутолгой

Монголын улс төрийн хийрхэл эхэллээ. Гэхдээ тэр хийрхлийн гол сум нь “Оюутолгой” төсөл болов. Олон жилийн туршид тал бүрээс нь шинжлэн байж баталсан нөгөө л төслөөрөө оролдож гарлаа. Монгол Улсын цаашдын үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэлийг тавилаа гэсэн төслөөрөө дахин асуудал үүсгэх нь тэр. Монголын улстөр ийм хөөрхийлөлтэй юм уу, эсвэл жижиг улс орны жижиг улстөрчид ийм ахархан бодолтой байдаг юм уу хэмээн асуусан нэгэн эрхмийн асуулт өөрийн эрхгүй толгойд буулаа. Эргэцүүлж бодлоо. Дахиад нэг асуулт. Манай улстөрчид хамгийн түрүүнд улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг бодож шийдвэр гаргадаг гэж үү. Яалаа гэж дээ хэмээн инээх л хүн олон тааралдах. Тэд өөрсдөө л ард иргэддээ ийм байдлаар үнэлүүлэх ажлыг хийдэг шүү дээ.


Тухайлбал, Оюутолгой төсөл байна. Долоон жил сайдалцаж, муудалцаж явж явж арайхийн баталсан төслөө өнөөдөр зогсооход хүргээд байна. Удтал тунгаан шүүсэн процесс явагдсан шүү дээ уг нь. Улс орон ард иргэдийнхээ төлөө ганц сайн зүйл хийлээ гээд л ам уралдан ярьдаг нөгөө нам, улс төрийн хүчнүүдийн хүмүүс яагаад баталсан төслийнхөө эсрэг загнах болсон юм бэ. Яагаад баталснаас хойш хоёр жилийн дараа буюу УИХ-ын сонгууль дөхөхөөр энэ асуудлыг гаргаж ирэх болов. Асуудал хэтэрхий ойлгомжтой харагдаж байхад улс орон, ард иргэдийнхээ нэрийг бүү зээлдээч, бас толгойг нь бүү эргүүлээч. Зүгээр л ирэх сонгуулиар олон нийтийн санаа бодлыг урвуулан авахын тулд л хийж буй улс төрийн алхам л гэж харагдаад байна шүү дээ. Эсвэл энэ том төслийг батлах, баталсных нь дараахан асуудлыг өнөөдрийнх шиг хурцаар тавьж, гаргаж ирж яагаад болоогүй юм бэ?


Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн хувийг “Айвенхоу майнз лимитед”, “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компаниуд эзэмшихээр гэрээнд тусгагдсан. Тэгвэл Засгийн газрын эзэмших хувийг 50 хувьд хүргэх шаардлага нь ирэх сонгуулиар суудалдаа үлдэх алсын бодол агуулсан улс төржилтийн бодлого гэж үзэх олон хүн байна.


Мэдээж монгол хүн бүр л 50 хувьд хүргэх санааг сайшаан хүлээн авч таараа. Эцэг өвгөдийнхөө үлдээсэн газрын их баялгийг болж өгвөл 50, бүр цаашилбал 100 хувь эзэмших юмсан гэсэн бодол бүх монголчуудын сэтгэл зүрхэнд байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдрийнх шиг зохиомлоор сонгууль угтсан улс төржилт маягаар ийм үр дүнд хүрээсэй гэж хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой зүйл. Яагаад заавал шар толгойтнуудыг шүтэх ёстой юм, яагаад тэднээр ажлаа хийлгэх ёстой юм гэсэн эх оронч маягийн ярианууд явдаг болсон. Энэ нь нэг талаар зөв ч нөгөө талаар бодох ёстой зүйл болж хувирч байна л даа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн 50 хувийг эзэмшээд бөөн мөнгөтэй болж, улс орон цэцэглэж хөгжөөд, ард иргэдийн хэтэвч зузаараад гэх сайхан мөрөөдөл дунд хөлбөрөх зүүдний цаана 50 хувийг эзэмшихээс ч долоон дор асуудлууд урган гарах юм биш үү. Хэд хэдэн байр сууринаас санал бодлоо хуваалцъя.
Нэгдүгээрт, Оюутолгой бол 1990 оноос хойших хамгийн том бүтээн байгуулалт. Зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ямар ч дэд бүтэцгүй газарт хийнэ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи нэвтрүүлнэ. Олон мянган ажлын байр бий болгож, Монгол Усын хөгжилд онцгой хувь нэмэр оруулах төсөл. Тиймээс ажилд нь ямар нэг саад учруулахгүйгээр явуулах нь олон талын үр дүнтэй бус уу.


Хоёрдугаарт, Монголд хөрөнгө оруулагчийн эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эрсдэл үүсч байна. Монголын улстөрийн тогтворгүй, ойлгомжгүй байдал энэ эрсдэлийг үүсгэж байна. Нэг л өглөөний нарнаар хууль баталж, маргааш нь хүчингүй болгодог тогтолцоо хөрөнгө оруулагчдыг төдийгүй үндэсний бизнесмэнүүдийг бухимдуулсаар ирсэн билээ. Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшсэн компаниуд маш том эрсдэл хүлээгээд зургаан тэрбум ам.долларыг дэлхийн санхүүгийн зах зээлээс босгох ажилдаа орсон байж таарая. Тэгвэл хөрөнгө оруулагчид 66 хувийн эзэн гэдэг утгаар хандаж, ойлгоод ийм ашиг олноо л гэж тооцоод мөнгө өгнө. Гэтэл нэгэнтээ батлагдаад ажлынхаа 50 хувийг нугалаад байхад нь гэнэт хувийг өөрчилнө, гэрээнд өөрчлөлт оруулах тухай ярьж эхлэхээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголын тухай ямар сэтгэгдэлтэй байх вэ? Монголчууд бид за л гэсэн бол ёогүй гэдэг улс. Дэлхийн бизнесийн зарчим ч ийм. Эргэж хургаад л улстөржөөд л явбал хөгжил яриад яах вэ дээ. Хөрөнгө оруулагчийн итгэл алдрах нь ч ойлгомжтой. Гаднын хөрөнгө оруулагчид биднээс ганцхан юмыг л шаарддаг хүсдэг. Тэр нь мэдээж хууль эрх зүйн тогтвортой орчин. Хэрвээ Оюутолгойг зогсоовол ар араасаа шилээ даран ашиглалтад орох гэж байгаа бусад уул уурхайн төслийн хувь заяа яах болж байна. Зарим хүмүүс хэлдэг л дээ. Энэ муусайн шар толгойтнуудыг гуйж яадаг юм гэх мэтээр. Бид өмнө нь ямар байлаа. Гаднынхныг л царайчилж, гуйж байж өдгөө ийм хөгжилд хүрсэн нь гашуун үнэн бус уу. Хэрэв Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орох тохиолдолд Тавантолгойн асуудал ч хэсэгтээ зогсож, ойлгомжгүй байдал үүснэ гэдгийг мэргэжилтнүүд толгой сэгсрэн онцолж байна.


Гуравдугаарт, Нийгэмд том хүлээлт үүссэн. Оюутолгой бол саалийн сүүтэй үнээ. “Эрдэнэт” үйлдвэрээс хэд дахин том шүү дээ. Ажлын байр ч олноор нэмэгдэнэ. Мөнгө ч урсана. Бэлэн мөнгө ч ихээр авна. Баяжина. Сонгууль дөхөж байгаа юм чинь улстөрийн намууд ч бэлэн мөнгө амлана, өгнө, түүгээр нь машин тэрэг авна....гээд л мөрөөдөх иргэдийн мөрөөдлийн жагсаалт хязгааргүй. Манай улс төрийн намуудын, улстөрчдийн харалган бодлогын муу үр дагавар нь иргэдийг энэ том бүтээн байгуулалтад өөрсдөө гар бие оролцож баялаг бүтээхийг бодох бус бэлэнчлэх сэтгэлгээнд суулгасныг харуулна. Ард иргэдийн энэ хүлээлт дээр улстөрчид тоглоод байна. 34 хувь дээр багахан хувийг нэмээд авчихвал сонгуулиар хэлэх юмтай, хийсэн ажилтай болно, олон нийтийн санааг урвуулан авч болно. Ийм л улстөрийн тоглолт яваад буй.


Дөрөвдүгээрт, Оюутолгойн хөрөн­гө оруулалтын гэрээг 2003 оноос эхэлсэн. Анхлан Тогтвортой байдлын гэрээ нэртэй байв. Дээр доргүй ярьж, иргэдийн санаа бодлыг авч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шүүн тунгаагдсан төсөл. С.Баярцогт, Д.Зоригт хоёр хоёулхнаа сууж байгаад шийдчихээгүй шүү дээ. Хэд хэдэн Засгийн газар дамнасан асуудал. Процессын хувьд зөв явагдаж, олон жил дуншиж байж батлагдсан гэрээ гэдэгтэй хүмүүс санал нэгдэх болов уу. Алдаж, оносон зүйл бий гэдэгтээ мэргэжлийн хүмүүс ч санал нийлдэг. Анхных гэдэг утгаараа. Гэхдээ ийм хэмжээнд хүртэл хурцатгах шаардлага байхгүй.
Тавдугаарт, Гуравдагч хөршийн бодлоготой нийцсэн гэрээ. “Rio Tinto”, “BHP Billiton” зэрэг үндэстэн дамнасан дэлхийн уул уурхайн акулууд Монголд орж ирнэ гэдэг бол том боломж. Тэднээс бид суралцах учиртай. Хэрвээ энэ компаниуд гарлаа гэхэд өөр хэн орж ирэх вэ, манайд. Хүссэн хүсээгүй хоёр хөршийнхөн маань л алгаа ташаад Монголыг зүглэхийг оролдоно. Тэгвэл бид дэлхийн хамгийн сайн туршлага, технологи нэвтрүүлнэ гэж яриад байгаагаа юу гэж тайлбарлах вэ? Гэрээнд өөрчлөлт орууллаа гэхэд Хөрөнгө оруулагчийн талаас оруулсан их мөнгийг хэрхэх вэ гэдэг асуудал ч гарч ирнэ.


Эцэст нь Монголын Засгийн газар үнэнийг хэлэхэд сүүлийн бараг 10 жил нэг л төсөлтэй зууралдсаар өнөөг хүрлээ. Гэтэл Оюутолгойн араас жагссан олон төсөл шийдвэр хүлээсээр. Тавантолгойн төсөл дахиад хэдий хэр хугацааг зарцуулах вэ? Биднийг мэлхийн хурдаар ийн мөлхөж байх зуур дэлхий гэрлийн хурдаар хөгжиж байна улстөрчид минь ээ.