Умард туйлаас роботын тусламжтайгаар нефть олборлоно

Умард туйлд нефтийн томоохон орд байдаг хэдий ч олборлолтын үед осол гарах тохиолдолд орон нутгийн экологид нөхөж барашгүй хохирол учруулах аюултай юм. Иймд инженерүүд нефть олборлох шинэлэг, аюулгүй аргачлалыг эрэлхийлсээр байгаа тухай “Дойче Велле” мэдээллээ. Дэлхийн цаг уурын дулаарал, техникийн шинэчлэл нь арктик нутгийн гүнд орших байгалийн баялгийг ашиглах боломжийг бүрдүүлж байна. Зарим газрын тосны концернүүд хэдийнэ бага устай газарт өрөмдлөгийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд одоо улам гүнзгий устай хэсгүүдээс олборлолт хийх туршилтыг явуулж байгаа билээ. Хойд мөсөн далайн гүнээс нефть олборлох явдал нь маш хүнд ба эрсдэл дагуулсан ажил. Учир нь, далай дотор нефть асгарах тохиолдолд байгаль орчинд асар их хор хөнөөл учрах аюултай.

Босоо цооногийн оронд хөндлөн хонгил

Умард туйл дахь нефтийг хэрхэн олборлон гаргаж авах тухай олон эрдэмтэн судлаач судалгаа хийсээр буй аж. Норвегийн Ставангер хотын их сургуулийн профессор, далайн технологийн мэргэжилтэн Уве Гудместад нефтийн ордод босоо цооногоор бус, хөндлөн хонгилоор дамжиж олборлолт хийхийг санал болгож байна. Тэрбээр“Барилгын ажлаа далайн эрэг дээр, хуурай газраас эхлэх төлөвлөгөөгтэй байна. Эхлээд далайн ёроолын түвшнөөс доогуур 200-300 метрийн гүнд орж, тэндээс нефть олборлох газар хүртэл 30-аад км-ийн урттай хонгил барихыг зөвлөж байгаа аж”.

Байгаль орчны аюулгүй байдлыг хонгил хангана

Эрдэмтний хэлсэнээр, уг туннелийн диаметр зургаан метр орчим байх нь. Осол гарах нөхцөлд асгарсан нефть тусгайлан барьсан хонгил дотор урсан, хуурай газар гарч ирнэ. Далайн эрэг дээрх нефтийг далай дотор эсхүл хучаастай мөсөн доороос цуглуулснаас хамаагүй амархан гэж Гудместад профессор тайлбарлаж байна.

Хонгилд зөвхөн роботууд ажиллана

Хонгилыг байнга далайн усаар дүүргэсэн байх хэрэгтэй гэж эрдэмтэн онцлон тэмдэглэж байна. Ингэснээр түүний бат бэх байдалд эерэгээр нөлөөлхөөс гадна далайд оруулсан олборлолтын тоног төхөөрөмжид үйлчлэх түлхэх хүчийг тэнцвэржүүлэх нөлөөтэй. “Хуурай хонгил дотор хүн ажиллуулах онолын хувьд боломжтой юм. Гэхдээ тэгж яасан ч болохгүй, тохиолдож болзошгүй эрсдэл маш өндөр. Усаар дүүргэсэн хонгилд зөвхөн роботууд, алсын удирдлагатай тээврийн хэрэгсэл л ажиллана” гэж эрдэмтэн тодруулжээ.
Далайн гүнд хэдэн зуун метрийн доор хонгил барих төсөл маш үнэтэй ажил болох нь ойлгомжтой. Гудместад профессорын тооцоогоор, энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон тэрбум евро шаардлагтай.

Тооцоолоогүй бэрхшээлийг дурдаж байна

Профессор Гудместад өөрийн санаачилсан төслийн техник эдийн засгийн үндэслэлийг одоогоор хийж байгаа аж. Түүний төлөвлөгөөг норвегийн байгаль орчин, технологийн аюулгүй байдал хариуцсан албаныхан төдийгүй олон жилийн туршлагатай нефть олборлогч компаниуд ихээхэн сонирхож байна.
Мөн энэхүү санаачилгад шүүмжлэлтэй хандаж байгаа эрдэмтэд ч байгаа. Английн Кембриджийн их сургуулийн профессор, далай судлаач Питер Уодемз хонгил доторх бүлээн нефть нь далайн хөлдүү ёроолыг халааваас, далайн гүний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Тэрбээр “Өндөр технологийн батлагдаж шалгагдаагүй зарим нэгэн шийдвэрт би эргэлзээтэй ханддаг. Ийм хонгилыг бүтээх ажлын санаачилга хэдийгээр ирээдүйтэй сонсогдож байгаа ч энэ төсөл нь уламжлалт технологиос илүү их уршиг дагуулах эрсдэлтэй. Гэсэн хэдий ч энэхүү санаа хэрэгжих боломжтой эсэхийг практик дээр шалгаж үзэх шаардлага бий ” хэмээв.

Х.Хулан