Ундны усны аюултай бүс нь гэр хороолол

Нийслэлийн Ус сувгийн удирдах газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-тай хамтарч өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг энэ онд илүү боловсронгуй болгох зорилгоор холбогдох мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүллээ. ДЭМБ-ийн 196 гишүүн орноос 78 оронд хэрэгжүүлдэг тус төлөвлөгөөг Австралийн Засгийн газрын тусламжтайгаар Ази, Номхон далайн таван оронд хэрэгжүүлж буй.

Тус ажлын хүрээнд Монгол улс ийнхүү хамрагджээ. Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө нь усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх эрсдэлийг тооцож, тэдгээрийг арилгаж, улмаар усаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн ундны усны хэрэглээний дамжлага цэгүүдэд усны аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр байгааг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Орчны эрүүл мэндийн мэргэжилтэн Л.Оюунтогос илтгэлдээ онцолсон.

Энэ нь нэг талаар гэр хороолол нийслэлийн ундны усны аюултай бүс гэсэн үг аж. Нөгөөтэйгүүр иргэд гэрийн нөхцөлд усны саваа тогтмол цэвэрлэж, усыг буцалгаж хэрэглэж байхыг анхаарууллаа. Мөн тэрбээр “Ус хэрэглэгчдэд хүрэх замд ус бохирдох эрсдэл их байгаа нь шинжилгээний явцад илэрч байна. Тухайлбал, сумын төвийн худаг орчимд мал бэлчиж байдаг. Мал өөрөө хамгийн том бохирдуулагч” гэв.

УСУГ-ын дарга С.Үнэний хэлснээр нийслэлийн иргэд, аж ахуй нэгжийг цэвэр усаар хангаж буй тус байгууллага хоногт 150-160 мянган метр куб ус түгээж байгаа аж. Сүүлийн жилүүдэд нийслэлийн оршин суугчдын тоо эрс нэмэгдэж ойролцоогоор нэг сая 300 мянгад хүрсэн гэх тоо бий. Үүнээс 800 мянга орчим хүн ундны усны төвлөрсөн системд холбогдсон бол 180 мянга нь хувийн гүнийн худгийн ус, 20 мянга орчим нь булаг, шандны ус хэрэглэж байна гэсэн тооцоог УСУГ-аас гаргажээ.

Хэлэлцүүлэгийн үеэр нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдал ямар түвшинд байгаа талаар тус газрын дэд дарга, ерөнхий инженер Б.Баатархуяг “Өнөөдөр 173 гүний худгаас ус шахаж, халдваргүйжүүлж иргэдэд түгээж байна. Энэ бол найдвартай ус” гэлээ. Ус түгээх дамжлага аюулгүй ч, иргэдийн усаа ахуйн нөхцөлд ариутгах, хадгалах горимын талаарх мэдлэг дутуу байна. Мөн Улаанбаатар хотын усны нөөцийн асуудал чухал байгааг мэргэжилтнүүд ярьж байв. Тэдний тооцоолсноор 2018 онд нийслэлийн усны нөөц багасах төлөвтэй байгаа аж.

Энэ асуудлын хүрээнд УСУГ хотын ундны усны нөөцийг арвижуулах талаар Солонгос, Япон улстай хамтарч судалгаа хийн Тэрэлж, Туул голын сав газарт далан барих зураг төслийг боловсруулж буйгаа мэдээллээ.
Улаанбаатар хотын ундны усны 2013 оны төлөвлөгөөг манай улсын төдийгүй ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид, холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 18-ны өдрийг хүртэл хэлэлцэнэ.