“Уншигддаг” эдийн засаг

Mongolian Economy
2026-05-15 16:53:55
Ангилал: Эдийн засаг

Өнөөдөр 39 дэх удаагийн үндэсний номын баяр эхэллээ. Тавдугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлэх номын баярыг тохиолдуулан эдийн засгийн мэдлэгийг тань “энгийнээр” тэлэх гурван номыг танд санал болгоё.

“Эдийн засгийн шинжлэх ухааны сонгодог 50 бүтээл”

Онолоос, олон зузаан номноос эмээх хэрэггүй. Непко хэвлэлийн газраас орчуулан хүргэсэн Том Батлер-Боудоны энэхүү цуврал ном таныг аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеэс крипто валютуудын үүсэл хөгжил хүртэлх аялалд замчилна. Энэ бол эдийн засгийн шинжлэх ухааны түүх биш, бас тайлбар толь ч биш. Харин Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг”-аас эхлээд Томас Пикеттигийн “Капитал XXI зуунд” хүртэлх эдийн засгийн сэтгэлгээг тэлсэн сор бүтээлүүдтэй танилцуулах замч болж чадах бүтээл билээ. 

“Nudge: Сонголтын архитектур”

Өглөө бүрийн шинэхэн талхнаас эхлээд өөрөө ч мэдэлгүй авчихсан хэрнээ огт хэрэглэдэггүй зүйлсэд хүртэл эдийн засгийн өртгөөс өөр гүн нөлөөлөл шингэсэн байдаг. 2017 оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналт Ричард Тэйлерийн “Nudge буюу Ёвроо” хэмээх энэхүү ном зан төлвийн эдийн засгийн талаарх суурь ойлголт, үндсэн зарчмуудыг танилцуулдаг. Мөн тэдгээр нь бидний өдөр тутамдаа гаргаж буй олон шийдвэрт хэрхэн нөлөөлдгийг танин мэдэх боломж олгоно.

“Сингапурын амжилтын 50 нууц”

Суралцаж буй хэн бүхэнд өсөлт, хөгжлийн  хаалга үргэлж нээлттэй байдаг. “Mongolian Economy” сэтгүүлээс орчуулан монголчуудад хүргэсэн энэхүү номд Сингапур улс далайн эргийн буурай орноос 50 жилийн дотор хэрхэн дэлхийн хөгжингүй улс болсон замналыг өгүүлнэ. Өнөөдөр бидэнд тулгарч буй эдийн засаг, нийгмийн гол зангилаа асуудлыг Сингапур хэрхэн даван туулсан туршлагыг тухайн салбарын бодлого зангидаж байсан мэргэжилтнүүдээр бичүүлснээрээ онцлогтой. Номын өмнөтгөлд Сингапур улсын Ерөнхийлөгч асан Халима Якоб “Энэ ном нь сингапурчуудад улсынхаа үүх түүхийг илүү сайн ойлгоход, харин бусад улсын хувьд суралцан хөгжих эерэг туршлага болно хэмээн найдаж байна” гэжээ.

Сайн ном болгон бестсэллэр болдоггүй. Гэхдээ зарим нь бидний нүдийг нээж, харах өнцгийг өөрчлөх эхлэл болдог.

Сэтгүүлч У.Анхцэцэг

Mongolian Economy